
С.Пүрэв "Уулын цуурай" 1971, "Оноо илүүдэхгүй" 1974, "Уулын намар" туужууд 1977, "Эх газрын чулуу" роман 1979, "Сэтгэлийн илч" 1979, “Гурван говийн зэрэглээ" 1982, "Азын цэнхэр уул" 1983, "Зүрхний өчил" 1986, "Цаг цагийн урсгал” 1936, "Усаа дагаж жаргана” 1987, “Шинэ өдөр" 1988, "Эргүүлэг” 1989, "Сүнс сүүдэр" 1990, "Усны гудамж" роман 1990, "Чулуун хаалга" роман 1990, "Буурал бүрий" 1992, "Их усны хаялга", "Алаг заяа" роман, “Гурван говийн зэрэглээ" МУЗД 69-р боть, 2001, "Уул усны дуудлага" 2001, "Азын цэнхэр уул” шилдэг өгүүллэгүүд 2003 зэрэг ном бүтээсэн байна.
Түүний олон түмэнд хандан фэйсбүүктээ бичсэн бичвэр, эшлэлүүдийг хүргэж байна.
1. Энийг (фэйсбүүк) анх хөтөлж мэдэхгүй, тоодог ч үгүй байсан юм. Тэгсэн манай зээ зааж өгөөд орж эхэллээ. Анзаараад байх нь ээ энд улаан хэрүүл, хараал явдаг. Тэгэхээр нь би “Тэгвэл би энэний эсрэг хүнд гэгээтэй юм өгч байя” гээд цацаж эхэлсэн.
2. Алтай орох замд нэг жижигхэн цайны газар бий. Тоостой жолооч, том цүнхтэй дарга, мань мэтийн явган таваргагч тэнд л амаа хөдлөгөж алжаалаа тайлна. Аян замынхан "Ээж цайнд" тухлана гэлцэх. Үнэхээр тэнд ээжийн цай төдийгүй ээжийн хайр байжээ. Эзгүй хээр, их замд ч ээжийн хайр энэрэл хэзээ ч бидэнтэй хамт явнам.
3. Хааяа мянган өдрийн жаргалаар ч солимгүй ганц сайхан өдөр тохиох. Тийм өдрүүд ар араасаа чөрхөлвөл мянган өдрийн жаргал юухан байхав бид бүтээнэ. Өнөөдөр тийм аз хийморьтой өдөр болоход итгэнэ. Юу ярихдаа бус юу хийхдээ хүмүүний амьдралын учир утга оршино. Манайхан түүнийг хэнээр заалагах юм, бид чадна.
4. Овоо нартай атлаа жингэнүүлж байна, гэтэл ес эхэлснийг мартан өнөөдрийг хүрчээ. Хүмүүний сэтгэл амгалан, өөрийнхөөрөө явахад амьдрал дэндүү сайхан даарч хөрөх, өлсөж цангах юу юм, тийм ээ!
5. Утга зохиол гэдэг бол тэр ард түмний оюуны өмч байдаг.
6. Одоогийн залуус гадаадын зохиолыг л дуурайж бичих гээд байх юм. Монгол зохиолч л юм бол Монголын зохиолчдынхоо бүтээлийг уншиж, монгол хэв маягаар бичиж байж өсч дэвжих учиртай юм.
7. Бүсгүй хүнийг ер нь хайрлах л ёстой биз дээ.
8. Номыг гараараа барьж, нүдээрээ харж, хуудсыг нь имэрч унших ёстой.
9. Өнөөдрийг маргаашдаа ацаглаж яах вэ, цагийн юм цагтаа. Цайх үүр гийх нар адил гэвч бүтээх үйлс, тавьсан зорилгод өнөөдөр гэж байх. Аливаа хүн зүгээр л нэг үүр шөнөөр ширээ элэгдээд байдаггүй байх. Би ч бас тийм... Бас нэгэн сайхан үүр манхайн цайна. Энэ бидний үүр, Монголын минь үүр.
