solongonews
Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх ”Улаанбаатарын яриа хэлэлцээ”олон улсын IX бага хурал амжилттай болж өндөрлөлөө
2024-06-11 10:11
Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх ”Улаанбаатарын яриа хэлэлцээ”олон улсын IX бага хурал амжилттай болж өндөрлөлөө.

      Монгол Улсын Гадаад харилцааны яам, Стратеги судалгааны хүрээлэнтэй хамтран Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын IX бага хурлыг 2024 оны 06 дугаар сарын 06-наас 07-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

       Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” IX бага хуралд Францын Европ, Гадаад хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн дарга А.Дэкот, Латвийн Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Виюмсонс, Швейцарын Гадаад хэргийн яамны Туслах төрийн нарийн бичгийн дарга буюу Ази, Номхон далайн газрын захирал Х.Шелленберг, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Монгол, Солонгосын асуудал хариуцсан захирал Э.Арвисэт зэрэг өндөр түвшний төлөөлөгчид оролцсон бөгөөд Латви, Португал болон Шинэ Зеланд зэрэг орноос анх удаа төлөөлөгчид оролцов.

      БНХАУ-ыг төлөөлөн Элчин сайд Шэнь Минжуан “Track 1” дугуй ширээний уулзалтад оролцож, Зүүн хойд Азийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Солонгосын хойгийн аюулгүй байдал болон Хятадын байр суурийн тухайд элчин сайд Шэнь Минжуан:

       -Зүүн хойд Ази бол дэлхийн хамгийн эрч хүчтэй өсөлт, хөгжлийн боломжит бүс нутгийн нэг юм. Үүний зэрэгцээ аюулгүй байдал ч шинэ эрсдэл, сорилттой тулгарч байна. Бид дэлхийн аюулгүй байдлын санаачилга, дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг хэрэгжүүлж, хүйтэн дайны үеийн сэтгэхүй, бүлэглэлийн сөргөлдөөнөөс татгалзаж, талуудын шаардлагыг харгалзан үзэж, талуудын ашиг сонирхлыг нийцүүлэн, бүх улс орны эв найртай зэрэгцэн оршихыг дэмжин, хамтран ажиллах ёстой. Бүс нутагт урт хугацааны энх тайван, тогтвортой байдлыг хадгалах зорилготой гэж хэллээ.

      Хойгийн өнөөгийн байдал маш хурцадмал байгаагийн үндэс нь энхийн механизм хараахан бүрдээгүй, талуудын хооронд харилцан итгэлцэл ноцтой дутагдалтай байгаа явдал юм. Холбогдох талууд хойг, Зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах нийтлэг эрх ашгийг баримталж, тайван, хүлээцтэй байж, хурцадмал байдлыг хурцатгах арга хэмжээ авахаас зайлсхийх хэрэгтэй. Хятад улс хойгийн байдлыг сайжруулахад бүтээлч үүрэг гүйцэтгэсээр байх болно.

       “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г 2013 онд дэвшүүлсэн. Энэхүү хуралд дэлхийн 30 гаруй улс орон, 10 гаруй олон улсын байгууллагын төрийн албан хаагчид, судалгааны төвийн эрдэмтэн судлаачид зэрэг 200 гаруй хүн оролцов.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : СМТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл