Зургаадугаар сарын 9-нөөс 6 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл үргэлжилж, Хятад, Монгол хоёр орны сэтгүүлчид Өвөр Монголын Эрээн хот, Шилийнгол, Улаанцав, Улаанхад зэрэг аймаг, хотууд, хил дагуух боомтын орнуудаар хүрч, Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн нийгэм, эдийн засгийн хөгжил, иргэдийн амьжиргааны өөрчлөлт, соёлын хөгжил цэцэглэлттэй нь танилцаж, Хятад, Монгол хоёр орны сэтгүүлчид Өвөр Монголын нийгэм эдийн засгийн хөгжлийн үр дүн, үндэстний ард түмний өнөөгийн аз жаргалтай амьдрал, Өвөр Монголын Өөртөө Засах Орны гадаад нээлтийн үр дүнгийн талаар мэдээлэл авч, 70 жилийн хөгжил өөрчлөлттэй танилцах зорилготой.

Сурвалжлагын баг Монгол Улсын МОНЦАМЭ агентлаг, Монголын Үндэстний Олон Нийтийн Радио Телевиз, Монгол Улсын “Өдрийн сонин”, UBS, “TV-5” телевиз, Fact.mn, Barilga.mn цахим мэдээллийн хэрэгсэл болон ФМ 107.5 радиогийн зэрэг хэвлэл мэдээллийн 11 сэтгүүлч болон Хятадын Олон Улсын Радио, Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооны Солонго Мэдээллийн Төв, Өвөр Монголын Радио Телевиз Хорооны “Талын дуу хоолой” радио, Монгол одон телевиз зэрэг Хятад улсын хэвлэл мэдээллийн 10 сэтгүүлчээс бүрэлдсэн байна.

Нээлтийн ёслол Эрээн хотын Олон улсын Дээд сургуулиас эхлэв
Нээлтийн ёслолд Өвөр Монголын Өөртөө Засах Орны Гадаад Ухуулах Албаны Гадаад Ухуулах Газрын дарга Үндэсбат, Монгол Улсын МСНЭ-ийн УЗГ Ц.Оюундарь болон Эрээн хотын Намын хорооны байнгын гишүүн, Ухуулах хэлтсийн дарга Янь Хун болон хоёр орны сурвалжлагын баг, оюутнуудаас бүрдсэн 100 гаруй хүн оролцсон юм.

Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн харьяа Эрээн хотын Олон улсын Дээд сургууль нь ӨМӨЗО-ны Ардын Засгийн Газрын зөвшөөрлөөр Эрээн хотод 2012 онд байгуулагдсан. Тус сургуулийг Өвөр Монголын Багшийн Их Сургууль, Эрээн хотын Ардын Засгийн Газартай хамтран байгуулсан бөгөөд Хятад улсын төрийн өмчит дээд сургууль юм.

50000 м2 талбай бүхий тус сургуулийн барилга 28000 м2 талбайдаа хичээлийн танхим, дотоод сүлжээ бүхий компьютерийн танхим, оюутны гуанз, номын сан, номын дэлгүүр, хурлын болон лекцийн танхим, компьютер үйлчилгээний төв (шивэх, олшруулах, сканер гэх зэрэг), хөл бөмбөг, сагсан бөмбөгийн талбай, теннисийн өрөө, 2000 оюутны дотуур байртай.

Эрээн хотын Олон улсын дээд сургуульд багшилж буй Ч.Алтанцэцэгийн ярьснаар тус дээд сургуулийн захиргаа монгол багш нарын нийгмийн асуудлыг бүрэн шийдэж өгчээ. Багш нарыг үнэгүй байраар хангаснаас гадна, сар бүр хоолны мөнгө гэж тодорхой хэмжээний мөнгө өгдөг байна. Ч.Алтанцэцэг багш энэ их сургуульд хоёр жилийн өмнөөс ажиллаж эхэлжээ. Тэрбээр тус сургуульд багшилж байгаадаа сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж байлаа.

Эрээн хотын боомтын үйл ажиллагаатай танилцав
Бидний очсон дараагийн газар Эрээн хотын шалган нэвтрүүлэх боомт. Замын-Үүдээс есхөн километрийн цаана орших энэ боомтын хөгжил цэцэглэлтийг нурших нь илүүц биз. 1956 оны 1 дүгээр сард Бээжин - Улаанбаатар - Москва хүрэх олон улсын хамтарсан тээврийн галт тэргийг анх нэвтрүүлж байсан энэ боомтоор өдгөө өдөрт 10000 гаруй хүн нэвтэрч байна.

Эрээний боомтын Хил, гаалийн албаныхны тайлбарлаж буйгаар мах, арьс ширэн эдлэл, монгол дээл ба гутал, ангийн арьс, цагаан идээ зэргийг хилээр гаргахыг хориглодог боловч монголчууд хориотой бараа бүтээгдэхүүн, эд зүйлс авч гарахыг завдах тохиолдол үе үе гарсаар байгаа гэнэ. Хамгийн сүүлд л гэхэд арваадхан хоногийн өмнө баавгайн савар хилээр оруулах гэж байсныг таслан зогсоосон талаараа гаалийн байцаагч Бао Гуаньюн ярьсан юм.

Цахар баруун гарын хойд хошуунд
Бидний дараагийн зорьсон газар бол ӨМӨЗО-ны дунд хэсэг, Улаанцав хотын Цахар баруун гарын хойд хошуу юм. Ингээд бид Улаанцав хотод хүрч Цахар баруун гарын хойд хошууны “Асар аялгуу”-ны ордон, Цахар соёлын музей болон Цахар баруун гарын хойд хошууны төмсний аж үйлдвэртэй танилцлаа.
“Асар” хөгжим бол Монгол төрийн хүндэтгэл магтаалын дуу хөгжмийн хэлбэр. Тулгуур төр задрахыг дагаад энэхүү хэлбэр нь ч задран сүйрч, Монгол орны газар бүхэнд өөр өөрсдийн хэлбэр маягаар уламжлагдан үлджээ. Үүнд, гээгдэж баларсан буюу өөр хэлбэрт хувирсан нь маш олон бий. 1604 оны үед Цахар Лигдэн хааны засаг төрийн үед энэхүү асар урлаг дахин амилан сэргэв. Лигдэн хааны ордны дуу болох “Уртын дуу”, “Цахар төрийн асар”, “Төрийн товч” зэрэг дуу хөгжмүүд зохиогдсон байдаг.

Өвөр Монголд өнгөрсөн зууны 60-аад оны тэртээгээс радио нэвтүүлгээр “Асар” аялгууг явуулж эхэлсэн ч өнөөдөр эл аялгууны тухай ойлголттой хүн тун цөөн байна. Тиймээс Өвөр Монголын Улаанцав хотын Цахар баруун гарын хойд хошууны захиргаа болон холбогдох албаны хүмүүс “Асар” аялгууг сэргээн хөгжүүлэх олон арга хэмжээ авч байгаа аж. Тухайлбал, “Асар” аялгууны түүхэн хөгжил бөгөөд одоогийн хөгжлийг харьцуулсан ном бүтээл хэвлүүлж, “Асар” урлагийн бүлгэм байгуулан энэ соёлын өвийг олонд сурталчлан таниулахын тулд урлаг соёлын янз бүрийн арга хэмжээний үеэр аялгууг тоглож байна.

Цахар соёлын музейн ажилтны ярьж буйгаар Цахар соёлын музей нь Өвөр Монголын Өөртөө Засах Орны Соёлын Танхим, Түүхийн Дурсгалт Зүйлийн Товчооноос санаачлан байгуулсан ард иргэдийн амьдралын чухал нэг төсөл болно. Цахар соёлын музей бүтээн байгуулагдсан нь Өвөр Монголын Өөртөө Засах Орон, Улаанцав хотын бүх шатны удирдлагын хүндэтгэл болон нийгмийн бүх талын хүчтэй дэмжлэгийг хүлээсэн. Улаанцав хотоос бодит байдлыг үндэслэж, Цахар соёлын музейг алхам дараатай бүтээн байгуулах болно. Тус музей нь “Цахар аймгийн үүсэл гарлын түүх”, “Цахар аймгийн олон нутаг”, “Цахар бүжиг”, “Цахар цэрэг баруун зүг шилжиж хилээ хамгаалсан” гэхчлэн олон агуулгаас бүрдэж байгаа юм гэж танилцууллаа.



Цахар баруун гарын хойд хошуу Даланхар уулын хойд хормойд байрладаг. Улаанцав хотын дунд, хойд хэсгээр байрладаг. Хошууны хэмжээнд 48 мянга гаруй га тариан талбайтай бөгөөд бүтэн жилийн хур борооны хэмжээ 280-350 мм хүрч, 70 хувийн хур бороо нь 6, 7, 8 саруудад төвлөрөн ордог байна. Өдөр шөнийн дулааны зөрөө ихтэй. Энэхүү онцлогтой уур амьсгал нь төмсний ургалтад байгалийн маш сайн нөхцөлийг бүрдүүлж, чанар сайтай төмс гардгаараа олны таашаалыг хүртжээ.

Сүүлийн жилүүдэд төмсний аж үйлдвэр нь Цахар баруун гарын хойд хошууны тариалангийн үйлдвэрлэлийн гол нь болж, төмсний талбай нь 23 мянга гаруй га талбайд хүрч, жилийн төмсний хураалт нь 500 сая килограммд хүрсэн. Хошууны бүхий л тариалангийн гаралтын 70-аас дээш хувийг эзэлж, тариачдын жилийн хагас орлого нь төмсний ургацтай шууд холбоотой аж. Иймээс Цахар баруун гарын хойд хошуу нь Өвөр Монголын төмсний гол гаралтын орны нэг болжээ.

Баруун Үзэмчин хошуунд
Хамтарсан сурвалжлагын багийнхны зорьсон дараагийн газар бол Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошуу. Энд бид Юань гүрний дээд нийслэлийн буурь, Монгол хэлний суурь аялгууны суурин газартай танилцлаа.
Юаний дээд нийслэлийг Хубилай хаан 1256 онд байгуулсан. Улмаар Юань гүрэн 1264 онд байгуулагдсан Юань Дайдү хотын дараагийн нэгэн улс төр, цэрэг арми, эдийн засаг болон соёлын төв болжээ. 1358 онд Юаний дээд нийслэл тариачдын бослогод эвдэгдсэн бөгөөд одоо зөвхөн хотын буурь үлдээд байгаа юм байна.

Юаний дээд нийслэл нь дэлхий дээрх тал нутгийн нүүдэлчин үндэстний цөөнхийн бүтээн байгуулсан хэдэн хотын нэг болно. 2012 оны 6 дугаар сарын 29-ний үдэш сүрлэг ихэмсэг Хурахын уулын энгэрт үзэсгэлэнт сайхан шар талын өвчүүнд хүн төрөлхтний түүхийг 750 гаруй жил аниргүй хүүрнэж хэвтсэн Юаний дээд нийслэлийн буурь ЮНЕСКО-гийн “Дэлхийн өвийн жагсаалт”-д бүртгүүлсэн баярт мэдээ дэлхийн сонорт цууриатсан юм. Мөн нэгэн үе “Дэлхийн зүрх” хэмээн алдаршсан Юань гүрний дээд нийслэлийн буурийг дэлхийн соёлын өвөөр бүртгүүлэх 16 жилийн урт аян үүгээр ганзага дүүрэн жолоо эвхэж билээ.

Монгол хэлний суурь аялгууг тогтоож, төв аялгууг дэлгэрүүлэн, монгол хэлний дүрэм бол монгол үндэстний шинжлэх ухаан, соёлын цар хүрээг дээшлүүлэхэд холбогдох чухал асуудал болно.
БНХАУ-ын монгол хэлний төв аялгууг 1979 оны 9 дүгээр сард Шиньжян Уйгарын Өөртөө Засах Орны Өрөмч хотноо болсон найман муж, ӨЗО-ны монгол хэл бичгийн тухай ажлын хуралдаанаар баталж, ӨМӨЗО-ны Засгийн газраас зөвшөөрсөн байна. Энэхүү төв аялгыг Шулуун Хөх хошууны авиагаар төлөөлүүлсэн байдаг.

Өвөр Монгол монгол хэлний төв аялгууг дэлгэрүүлэх ажлыг сайтар хийхийн тулд 2001 онд ӨМӨЗО-ны Үндэстний хэрэг эрхлэх зөвлөл, Радио кино телевиз товчоо, Боловсролын газар, Соёлын газар хамтран Өвөр Монголын хэмжээнд “Монгол хэлний төв аялгын түвшин тогтоох хөтөлбөр”-ийг хэвлүүлсэн байна.

Хишигтэн хошуу
Аяллын дараагийн газар Улаанхад хотын Хишигтэн хошуу. Энд бид Далайнуур байгалийн хамгаалалтын бүс болон дэлхийн геологийн гайхамшиг гэж нэрлэгдсэн “Асгат” геологийн парктай танилцлаа.
“Тал нутгийн гэрэлт сувд”, “Хятадын гурав дахь том хунт нуур” гэж нэрлэгдсэн Далайнуур нь Хятадын хойд нутгийн чухал экологийн бүс бөгөөд Хятадын зүүн бүсийн нүүдлийн шувуудын өлгий юм. Мөн Азийн гол болох намаг газраас бүрдсэн. 2006 онд Далайнуур нь Хятадын 3A зэрэглэлийн үзэсгэлэнт район ба Хятадын усан аялал жуучлалын районоор өргөмжлөгдсөн юм. Бид усан онгоцонд сууж Далайнуураар аялан, хөтчийн танилцуулгыг сонсож явахдаа уг нуур дал, ясны хэлбэртэй болохоор нутгийн монголчууд “Далнуур” мөн “Хунт нуур” гэж нэрлэдгийг мэдэж авлаа.



Хишигтэн хошуунд байрлаж байгаа дэлхийн Асгат геологийн парк нь 1343 км2 талбайтай, онцлог дүр төрх бүхий геологийн тогтоцтой. Энд Гүнгэрийн гол, Их Хянган даваа, Хоолтын гол, Улаанбутан зэрэг байгалийн үзэмжит бүс байдаг.


Баруун Үээмчин хошууны малчин айлаар явсан нь
Бид Өвөр Монголын Баруун Үзэмчин хошууны сурвалжлагын аянаар Хоолтынгол суурингийн Шинэ булаг гацааны малчин Баатарын хотонд бууж, аж амьдралтай нь танилцлаа.
2017 оны Бүх Хятадын “Хамгийн гоё гэр бүл” гэсэн хүндтэй нэрийг хүртсэн малчин Баатарынх голдуу мах, сүүний чиглэлийн 300 гаруй үхэр малтай. Нийтдээ 20-30 үнээ сааж байна.

Өвлийн улиралд малд өгөх өвс тэжээлийн нэг хэсгийг нь өөрсдөө тарьж, нөгөө хэсгийг нь худалдан авдаг. Гэрийн эзэн Баатарын ярьснаар тэдний жилийн орлого нь 400 мянган юань. Орлогын дийлэнх хувь нь үхрийн махны борлуулалтаас бүрддэг. Нас гүйцсэн эр үхэр дунджаар 500 кг татдаг бөгөөд 13 мянган юаний үнэд хүрдэг байна.
Баатарын гурван хүүгийн нэг нь аав, ээждээ туслан малчин болсон бол хоёр нь албан ажил эрхэлдэг. Хоёр хүү нь гэрлэж, тус бүр нэг хүүхэдтэй болжээ.

Өвөр Монголын малчид бүгд тохилог орон сууцанд амьдарч байна. Тохь тухтай сууц болон малын саравч барихад шаардлагатай 300 мянган юанийг мужийн захиргаа, хошууны захиргаа болон тухайн малчин өрх гурав тэнцүү хуваан гаргадаг байна.
Шилийнхотод
Энэ удаагийн сурвалжлагын хамгийн сүүлийн өртөө болох Шилийнхотоор сурвалжилж явахдаа Дэлхийн морин хуурын их багш Чи.Булагтай танилцсан юм.

Дэлхийн морин хуурын их багш Чи.Булаг бол морин хуураа шинэчлэн сайжруулж монгол хүнийг дэлхийн театрт хүргэсэн аварга дархан, Дэлхийн Морин хуурын нийгэмлэг, Хятад улсын Морин хуурын эрдэм шинжилгээний нийгэмлэг, Өвөр Монголын Морин хуурын нийгэмлэгийн нэр хүндэт тэргүүлэгч, Морин хуурын биет бус соёлын өвийн уламжлагч, “Зэрлэг адуу” морин хуурын бүлгэмийн үүсгэн байгуулагч юм.
Тэрээр Шилийнxотын ажил мэргэжлийн дээд сургуулийн дэргэд Чи.Булагийн морин xуурын олон улсын дээд сургуулийг байгуулаx санаачилга гаргаж, 70 насандаа буюу дөрвөн жилийн өмнө санасандаа хүрч, сургуулиа нээжээ.
Тэрээр анx хоёр настай байxдаа xувилгаанаар тодорч байсан ч, цаг төр өөрчлөгдөн, олон төрийн нүүр элээж, олон ч түүxийн гэрч, бас оролцогч нь болж явсан боловч өсөx бага наснаасаа өөрийн болгон эзэмшсэн морин xуураа xэзээ ч орхиж байсангүй. Бүр соёлын xүвьсгалын үед говьд цөлөгдөн тоосго цоxиж яваxдаа ч морин xуураа тэвэрсээр шорон гяндангийн xаалгаар орж гарч явсан нэгэн гэх. Өдгөө түүний Монгол өв соёлоо морин xуураараа дамжуулан олонд түгээж, он жилүүдийн нугачааг үл xайxран өмөөрч явсан гавъяа нь үнэлэгдэж, тэрээр БНХАУ-ын тэргүүн зэргийн хөгжимчин, нэрт морин хуурч, Дундад улсын соёлын нэрт зүтгэлтэн болсны зэрэгцээ өөрөөрөө овоглосон маш сайхан xөгжмийн сургуультай болжээ.
Тэрээр "Сургуулийнxаа барилгын загвар зургийг би өөрөө зурсан” гэж бахархан өгүүллээ. Сургуулийнх нь өмнө сүндэрлэсэн морин xуурын асар том сүрлэг xөшөөний дөрвөн талд өөрт нь морин xуур заасан дөрвөн иx багшийнxаа баримлыг бүтээлгэж залсан нь урд үедээ xичнээн xүндэтгэлтэй xанддаг, xичнээн дэг жаягтай xүн болоxыг нь xаруулна.
Чи.Булаг гуай тэртээ 1980 оны дунд үед ар Монголын Жамъян гэж xуурчийн тоглоxыг пянз бичлэгээс олж сонсоод "Тэр xүнд шавь орно” гэсэн бараг ямар ч боломжгүй шахуу зорилго тавиад Монгол, Хятад хоёр улсын xил xаалттай байсан социализмын хатуу үеийг ч үл xайxран xөөцөлдсөөр Монголд ирж, Жамъян багшид шавь орж байсан түүxээ сэтгэл догдлон xуваалцсан юм. Өдгөө Жамъян гуайн xөшөө Чи.Булагийн сургуулийн өмнө морин xууртайгаа xамт заларчээ.
Xол ойроос цугларсан биднийг Чи.Булаг гуай цай аягалан ууxыг xүслээ. Учир нь бүxэл бүтэн сургуулийн заxирал түүнд туслаx байxгүй, ерөөс тэрээр туслаx, нарийн бичигт дургүй учир авдаггүй гэнэ. "Xүн xийж чаддаг ажлаа өөрөө л xийж байx ёстой. Одоо xүмүүс аливаад xойрго, xөдөлгөөн удаан, xүн зараx дуртай болцгоож гэж шүүмжлэнгүй ярьж байлаа.
Чи.Булаг гуай Шилийнxотод өдгөө 58 даxь жилдээ амьдарч байна. "Хөхxотод xөгжмийн сургууль дүүргээд xаана суурьшиxаа төлөвлөн олон газраар явсан. Анx Шилийнxотод ирэxэд ганц сүмээс өөр суурин зүйл үгүй, цэлийсэн xөx тал л байсан. Xүн xар ч бараг байxгүй. Сүмд ороxод сарьсан багвааxайнууд нисэлдээд л... Тэр шөнөдөө сүмд xоноглоxдоо сарьсан багвааxайд xамраа xазуулсан байж билээ” гэж цаг xугацааны чанадад нуугдсан Шилийнхотод анхлан ирж байсан дурсамжаасаа уудалсан юм. Хов хоосон байсан тал нутаг өдгөө танигдахгүй болтлоо хэрхэн өөрчлөгдсөний 58 жилийн амьд гэрч нь Чи.Булаг гуай аж. "Үнэхээр сайхан хөгжсөөн" гэж тэрээр бахархахын сацуу:
- Жинхэнэ мэргэжлийн оркестрын тоглолтын тайз барих хэрэгтэй байна. Манай тоглолтын танхимууд жинхэнэ хөгжим дуугарахад зориулагдаагүй, дарга нар үг хэлэхэд зориулагдан баригдсан гэж егөөдөв.
74 насны босго давсан тэрээр одоо ч гэсэн ээжийгээ байнга ярьж, үг сургаалийг нь иш татан өгүүлэx нь биширмээр. "Миний ээж намайг морин xуураасаа xэзээ ч битгий салаарай гэж заxисан” гээд ... Энэ дэлxийд цор ганц юм гэж xэдxэн байдаг. Тэдгээр нь ганц Монгол, ганц Морин xуур, ганцхан заяах Эцэг Эx xэмээн тодотголоо. Биднийг ам алдаад "Ар", "Өвөр" Монгол гээд хэлчихэд тэр дор нь засч "Энэ дэлхийд Монгол ганц л бий" хэмээн тодотгож байсан юм.
"Алдар нэрэнд xүрэx зорилго тавьж амьдарвал тэр зорилго xэзээ ч үл баригдана, учир нь xүний шуналд xязгаар үгүй. Xүн сэтгэлээ өгсөн зүйлийнxээ төлөө үнэн зүрxнээсээ xудалгүй зүтгэx xэрэгтэй, бусад нь аяндаа өөрөө ирдэг” гэж тэрээр заxисан юм. Чи.Булаг гуайн байгуулсан морин xуурын олон улсын дээд сургуульд дэлxийн өнцөг булан бүрээс түүний тоглолтыг үзэж биширсэн залуус олноороо ирж суралцдаг. Ар Монгол, Ази, Европ, Америк, Австрали гээд олон орны залуус энд цуглаж, дэлхийн хөгжмийн үндсэн суурь боловсролыг эзэмшихийн зэрэгцээ хамгийн гол нь дэлхийд цор ганц морин хуурыг хэрхэн тоглохыг сурч, монгол соёлтой танилцан түүнийгээ очсон газар бүртээ түгээж явдаг нь үнэхээр бахархалтай...
