Сөнид Баруун хошууны Эрээннуур сумын Сайншил багийн малчин Сүхбаатар 6 дугаар сарын 11-ний өдөр зуршил ёсоор хонь малаа бэлчээрлүүлэн явтал алсын зайд нэг хүрэн шаргал өнгөтэй амьтан нааш цааш хөдөлж байх харагджээ. Тэрээр сониучирхан ойртож хүрэхэд харин нэг тоодог шувуу шархдаад байжээ. Ажигч гярхай Сүхбаатар ойр орчмын байдлыг ажиглаж үзээд үнэгний мөр байгааг хараад учрыг олж, даруйхан хошууныхаа Ойн цагдаагийн албанд мэдэгдсэн байна.

Ойн цагдаагийн албаныхан даруй цагдаа томилон, тоодог шувууны шархыг ариутган анхны туламж үзүүлэн хээрийн амьтныг аврах эмчилгээний газарт амар тайван хүргэн үргэлжлүүлэн эмнэжээ. Тоодог шувуу нь улсын нэгдүгээр зэрэглэлийн хамгаалалтын амьтан, мөн дэлхийн устах аюулд хамрагдсан ховор чухал жигүүртний нэг юм. Тоодог шувуу жил бүрийн хаврын улиралд Сөнидийн уудам талд нүүдэллэн ирж үржиж төлжөөд найм есөн сар болоход дахин өмнөд зүг нүүдэллэдэг.

Малчин Сүхбаатар:
- Манайх хилээс ойрхон амьдардаг болохоор зээр, гөрөөс, чоно зэрэг хээрийн амьтан араатан байнга харагддаг. Тоодог шувуу манай бэлчээр дээр жил бүр нүүдэллэн ирж, намрын сүүлч болохоор буцдаг. Тиймээс манай энэ хавийн нутаг нь хээрийн амьтан жигүүртний оршин амьдрах тохитой орон болсон гэж хэлж болмоор. Мөн манай энд хээрийн амьтан жигүүртэн олон байдгаас Ойн цагдаа нар айл дараалан хээрийн амьтныг хамгаалах тухай байнга ухуулан ярьж, холбоо барих утсаа үлдээдэг юм. Хээрийн амьтан жигүүртнийг хамгаалах нь хүн бүрийн үүрэг хариуцлага болохоор манай малчид ойн цагдаа нартай хамт хээрийн амьтан жигүүртнийг хамгаалахаар чармайдаг гэж ярив.

Сүүлийн жилүүдэд Сөнид Баруун хошууны ойн цагдаагийн алба ажлын үүрэг хариуцлагаа тодорхойлж, цагдаа нарыг зохион байгуулан байнгын чанартай мал аж ахуйн орноор явж, хээрийн амьтныг хамгаалах тухай сайн ухуулснаар хээрийн араатан жигүүртэн байгальдаа эргэж ирсэн сайн сайхан шинж илэрсэн бөгөөд малчин түмний тал нутгаа хайрлан хамгаалах үзэл ухамсар ч тасралтгүй дээшилж, эв зохистой мал аж ахуйн орны бүтээн байгуулалт улам ахицтай болсон байна.
