solongonews
Үндэсний баяраар олон төрлийн тоглолт хийж байна
2018-10-05 19:06
Хятадын үндэсний баярын амралтын үеэр бүх Хятадын олон газрын уран сайхны тоглолтын зах зээл өссөн байна.

Бээжин дуурь, драм, симфони, хүүхдийн жүжиг, балет зэрэг тоглолтын төрөл зүйл олширч, тоглолтын тоо ч нэмэгдсэнээр, Хятад иргэдийн урлаг соёлын хэрэгцээг хангаад зогсохгүй, Хятадын уран сайхны зах зээлийн хөгжлийн түвшнийг харуулсан байна.  

Энэ жилийн үндэсний баярын үеэр, Хятадын урлагийн хамтлагууд үзэгч түмэндээ баялаг сайхан тоглолтоо өргөн барьж байна. Бээжин дуурийн үндэсний театр, Драмын театр, Хятадын симфони хамтлаг, Хүүхдийн урлагийн театр, Төвийн бүжгийн жүжгийн хамтлаг зэрэг 10 гаруй хамтлаг 21 жүжиг, 31 удаагийн тоглолт зохион байгууллаа. Хятадын  Соёл, аялал жуулчлалын яамны Урлагийн газрын дэд дарга Мин Вэньжюнь хэлэхдээ: Эдгээр тоглолтод тавигдсан бүтээлүүд бодит сэдэвт төвлөрч, ард иргэдэд ашигтай,   хялбар байхыг бодолцсоноор тоглолтын тасалбарын 50 хувь нь 80 хүрэхгүй юанийн  үнэтэй байсан гэжээ.

Үндэсний баярын үеэр тоглолтын холбогдох үйл ажиллагаанаас гадна бүх Хятадын олон газарт уран сайхны тоглолтын зах зээл өссөн байна. 10-р сарын 01-нд АИХ-ын ордонд "Хувьсгалт  эмэгтэй цэргүүд" сонгодог бүжгийн жүжиг тавигдсан юм. Төвийн үндэстний дуу   хөгжмийн хамтлаг "Үндэсний хөгжимтэй дахин учирхуй" үндэстний том хэлбэрийн хөгжимт жүжгийг Чэндү, Ши-Ань зэрэг газраар аялан тогложээ. 09-р сарын 30-наас 10-р сарын 8 хүртэл Ганьсүгийн их театрт 4 жүжгийг 7 удаа өвөрмөц маягаар  тоглосон байна. 10-р сарын 01-ээс 15-нд Чиндаогийн Аофан төвийн тэнгис дэх тоглолтын тайзан дээр "Холын найзууд ирлээ" хэмээх урлагийн тоглолтыг орой бүр үзэгчдэдээ хүргэсэн юм.

Мөн гадаадын зарим орноос оруулж ирсэн бүтээл, өөрчлөн найруулсан бүтээлүүд Хятадын үзэгчдийн анхаарлыг татсан байна. Үндэсний баярын үеэр Хятадын Хүүхдийн урлагийн театр Америкийн зохиолчийн бичсэн "Бяцхан гүнж" хөгжимт жүжгийг өөрчлөн найруулж тавьжээ. Мөн “Муур” сонгодог хөгжимт жүжгийг Хятадын олон нутгаар аялан тоглосон  юм.

Үндэсний баярын үеэр тавигдсан олон төрлийн, олон удаагийн тоглолт сүүлийн жилүүдэд Хятадын уран сайхны тоглолтын зах зээл хөгжиж буйг тусган харууллаа. Хятадын уран сайхны тоглолтын салбар нийгэмлэгийн нийтэлсэн "Хятадын уран сайхны тоглолтын зах зээлийн 2017 оны тайлан"-гаас үзвэл, ноднин Хятадын уран сайхны тоглолтын зах   зээлийн ерөнхий хэмжээ 48 тэрбум 951 сая юаньд хүрчээ. Драм, инээдмийн жүжиг,   бүжгийн жүжиг, хөгжимт жүжиг зэрэг уран сайхны тоглолтын зах зээл хурдтай тэлж, үзэгчдийн тоо жилд дунджаар 10 гаруй хувиар өссөн байна. Бээжин хотоор жишээл   татвал, ноднин уран сайхны тоглолтын үзэгчид давхардсан тоогоор 10 сая 750 мянгад хүрч, тасалбарын үнэ 1 тэрбум 700 сая гаруй юаньд хүрснээр, бүгд түүхэн шинэ рекорд тогтоожээ. Төвийн Санхүү, эдийн засгийн их сургуулийн Соёл эдийн   засгийн судалгааны хүрээлэнгийн захирал Вэй Пэнжюй үзэхдээ: "Сүүлийн жилүүдэд тоглолтын хөтөлбөр олширсон нь эрэлт хэрэгцээтэй нягт холбоотой. Хятадын иргэдийн орлого нэмэгдэж, оюун санаа, соёлын шаардлага олон төрөлжиж байна. Мөн интернетээр тасалбар худалдах болсноор, тасалбарын үнэ, борлуулалт нэмэгдсэний зэрэгцээ үзэгчдийн тоо ч ихээр өссөн" гэжээ.

Баялаг агуулгатай олон төрлийн тоглолт Хятадын олон газрын үзэгчдийн шаардлагыг сайтар хангаж,   үндэсний баярын амралт ч урлаг соёлын уур амьсгалаар бялхсан байна.

Найруулагч: hurtsaa
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл