Хэт бүгчим халуун зуны өдрүүдэд гадаа удаан байснаас бие хямарч тавгүйтэн нарших /дулаан харвах/ эрсдэлтэй. Тун удалгүй “фүн”-ий халуун болох гэж байгаа тул наршилтаас өөрийгөө хэрхэн сэргийлэх тухай Шилийнгол аймгийн Монгол эмнэлгийн уламжлалт заслын салбарын Болор эмчээс зөвлөгөө авлаа.
Наршилт нь нарны хэт ягаан туяаны цацрагийн хор биед нөлөөлөх ба хүний биеийн энгийн дулаан нь нарны хэт халуунд огцом дээшилснээр биед таагүй шинж тэмдэг илэрдэг. Тухайлбал, ам цангах, толгой өвдөх, дотор муухайрах, халуурах, нозоорох, цаашлаад даралт ихсэх, ухаан алдах гэх зэрэг шинж илэрнэ. Ийнхүү их халуун өдрүүдэд эрхбиш наршилтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Болор эмч:
- Зуны аагим халуун ялангуяа, “фүн”-ий халуунд нарших нь ихэсдэг. Тэр дундаа хүүхдүүд гадаа тоглох их дуртай болохоор наршилт нь нэн илүү тохиодог. Харин хүүхдээ аль болохоор нарны шууд тусгалд удаан тоглуулахгүй байж, хэрвээ гадаа тоглохоор бол нарны малгай, нүдний шил зүүлгэх, эсвэл тод өнгийн нимгэн хувцас өмсүүлж, ус ахиухан уулгах хэрэгтэй. Томчууд зугаацах ба найр наадамд явахдаа архи дарсаа тохируулан хэрэглэж, шүхэр, ус, нойтон алчуур зэргийг марталгүй авч яваарай. Үүнээс гадна, хурц наранд унтаж болохгүй, мөн цай хоолоо бага зэрэг хөргөөж байгаад идвэл зохино гэж зөвлөлөө.
Халуун наранд удаан байсан хүмүүс биед хуримтлагдсан халууны хэмжээгээ түргэн гадагшлуулахгүй бол биеийн халууны зохицуулалт алдагддаг байна. Басхүү зарим тохиолдолд гадаа төдийлэн аагим халуун биш ч гэсэн нас ахисан, тэнхээ тамир дорой, ядарсан, согтсон, өлссөн ба зүрх судасны болон чихрийн шижин өвчинтэй хүмүүс амархан наршдаг. Хэрвээ нэгэнт наршсан бол яах вэ гэсэн асуултад Болор эмч:
- Юуны өмнө хувцас хунараа нимгэлж сэрүүн газар суух хэрэгтэй. Бас хүйтэн бүлээн усаар алчуураа норгон бүх биеэ арчиж болно. Мөн зулайн хэсэг, хүзүү, суга, цавь, хөлийн уландаа хүйтэн бүлээн жин тавибал бие хөнгөрч, таатай болдог. Хэрвээ толгой өвдөөд намдахгүй буюу нэлээд хүнд наршсан бол эмчид үзүүлж эм хэрэглэх хэрэгтэй. Түүнчлэн нарсшсан хүнийг аль болохоор хэвтүүлж амруулан, биеийг нь зөөлөн илж нухалж тайвшруулбал их тустай. Үүнээс гадна, наршсан үед цахилгаан сэнсийг хэт хүйтнээр ширүүн үлээлгэж болохгүй, бага багаар дасгаж үлээлгэх хэрэгтэй, ус уухдаа ч бага хэмжээгээр ойр ойрхон уухыг анхаараарай гэж зөвлөж байна.
Харин цусны даралт өндөртэй хүмүүс, бага насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд амархан нарших эрсдэлтэй тул аль болох хурц наранд гарахгүй байхыг анхаараарай. Хэрвээ гарах шаардлагатай бол наршилтаас сэргийлэх бэлтгэл сайн хийх хэрэгтэй.
