
“Ардчилал, хүний эрхийн өдөр” буюу жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг тохиолдуулан нийслэлийн удирдлагууд болон анд нөхөд нь төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Батмөнхийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
Ж.Батмөнх агсан Монгол Улсын өөрчлөлт, шинэчлэлтийг тайван замаар хүлээн авч тухайн үед ардчиллын төлөө тэмцэж явсан залуучуудтай ойлголцож, ямар нэгэн эсэргүүцэл, тэмцэлгүйгээр ухаалаг шийдвэр гаргасан нь ардчиллын үйл хэрэгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан хэмээн хүндэтгэл үзүүлэхээр ирсэн андууд нь дурсаж байлаа. Ж.Батмөнх агсан их сургуулийн багшаас хөдөлмөрийн гараагаа эхэлж, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга буюу Ерөнхий сайдаар томилогдон түүхэн цаг үед ажилласан зүтгэлтэн байв.
Тэрээр 1974 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, мөн оны зургаадугаар сард БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга буюу ерөнхий сайдаар томилогдсон. 1984 он хүртэл БНМАУ-ын 13 дахь ерөнхий сайдаар, 1984-1990 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар буюу Төрийн тэргүүнээр ажиллаж байжээ.

