2002 оны хаврын гурван сард Түшээт нутагтай Бао Баяр анх удаа галт тэргэнд сууж Хөххотыг зорив. 30 юань өвөртөлсөн 22 настай Бао Баяр харин түүний хожмын амьдрал нь хотод хөл тогтоно гэдгийг зүүдэлж ч явсангүй.
Хэл нэвтрэхгүйн улмаас хийх ажил олдохгүй амаргүй байсан ч тухайн үед Хөххотод ирж хөлсний ажил хийж мөнгө төгрөг хуримтуулна гэж бодсон Бао Баяр үнэндээ юу хийхээ өөрөө ч мэдэхгүй байв.
Тэгээд л Бао баяр түм түжгинэж бум бужгинасан хотын зайд юу нэгийг хийж амиа тэжээе гэж зориг шулуудсан гэх...
Түмэн явдлын түрүү алхам нь хэцүү гэдгээр Бао Баяр нэг ч хятад үг мэдэхгүй учраас ядаж хоолны газар зөөгчөөр ажиллая гэхэд ч авах газар олдохгүй байв. Хагас сар шахам болж, хал үзсэн тэрээр хамаатан, төрөл садан, найз нөхдөөсөө 60 мянган юань зээлж нэгэн жижиг хоолны газар ажиллуулж эхлэв. Энэ бол түүний хот газар суурилсан анхны бууц нь юм.
Хоолны газрын "босс" болж арилжаа худалдаа нь өөдлөв
Бао Баяр хоолны газраа ажлуулсан эхний үедээ хятад ажилтантайгаа хэл ам нэвтрэлцэхэд хэцүү байсан ч зориглож үг солилцон суралцдаг байв. Мөн эхэндээ хоолны газрынх нь арилжаа тийм ч сайн биш байж, эхний сардаа байрны түрээс, ажилтныхаа цалин хөлсийг нь ч өгч чадахгүй арга мухардаж байсан гэх. Эдгээр бэрхшээлтэй байдал нүүрлэж байсан ч тэрээр урам хугаралгүй, харин хоолны газрынхаа хоол будаа, зөөгчийн овор суртал, ариун цэвэр зэрэг тал дээр анхаарч хичээл зүтгэл гаргасны үндсэнд богинохон хагас жилийн хугацаанд бусдаас зээлсэн 60 мянган юаниа буцааснаар барахгүй бас цэвэр ашиг орлоготай болсон байна. Энэ мэтчилэн түүний жижигхэн хоолны газарт бизнес нь өргөжин өдрөөс өдөрт зочин олширч, үд, оройн хоолны цаг болоход зочид бүгд суудал олохгүй зуу гаруй метр урт оочерлож хүлээдэг болов.
- Тухайн үед бусдын зуу шахам квм бүхий талбайтай хоолны газрыг өөрийн болгон шилжүүлж авч “Бага зүүн хойд” гэсэн хаяг өлгөж ажлуулсан юм. Тухайн үед голдуу түргэн хоол хийж байлаа. Тухайн үед бизнес маань маш сайн орлоготой байсан. Харамсалтай нь хотын бүтээн байгуулалтын шаардлагаас болж энэ хэсэг газрын байшин барилгыг бүгдийг нураах болсноор арга буюу үүдээ хаалаа гэж Бао Баяр ярьсан юм.
Өндөр цалинтай ажлаа орхиж бизнес эрхлэх замаар замнасан нь
Бао Баяр “Бага зүүн хойд” хоолны газрынхаа дараа “Талын айл” монгол хоолны газар ажиллуулав. Дараа нь мөн 2008 онд даатгалын компанид хэдэн жил ажилласнаар хятад хэл нь нэлээд дээшилж, бусадтай саадгүй нэвтрэлцэн ойлголцож чадах болжээ. Ийнхүү ажлын тал дээр шилдэг амжилттай болсноор даатгалын компани нь түүнийг алс хол Шанхай хотод суралцуулж, мэргэжил дээшлүүлэхээр томилсон байна.
- Тухайн жил нисэх онгоцонд сууж, Шанхайн онгоцны буудалд газардахад онгоцноос Шанхай хотыг бараалахад яахын аргагүй сүрлэг сайхан санагдлаа. Тэр л мөчөөс өөртөө шинэ зорилт тогтоосон гэж Бао Баяр сэтгэл хангалуун ярьсан юм.
Шанхай хот дахь мэргэжил дээшлүүлэх суралцлагаа дуусгасан Бао Баяр Хөххотод ирмэгцээ өөрийн өндөр цалинтай даатгалын компаний ажлаа орхиж, шинээр бизнес эрхлэх замаар замнажээ. Эхлээд монгол соёлын хамаатай өөрийн гэсэн студи ажиллуулсан боловч төдийлэн урагштай биш, дараа нь Хонконгийн нэгэн эрүүл мэндийн бүтээгдэхүүний умард орон дахь орлон борлуулах ажлыг ч хийж үзэлээ. Хэдэн жилийн хичээл зүтгэлээр дамжин, 2017 онд Бао Баяр “богд” арилжаа худалдааны компаниа ажиллуулав.
300 ажилтантай “Богд” компанийг үүсгэн байгуулсан нь
“Богд” компани хэдийгээр байгуулагдаад хоёр жилийн нүүрийг үзэж байгаа боловч “Бэлэг дурсгалын зүйлс”, “Монгол хувцас засал”, “Монгол идээ ундаа”, “Соёл аялал жуулчлал”, “Даатгал” зэрэг цар хүрээг хамран, басхүү “Булаг”, “Мандухай” гэсэн хоёр брэнд бүртгүүлж, 300 гаруй ажилтантай, бүх талаар маш түргэн хөгжиж байгаа үндэстний аж ахуйн нэгжийн нэг юм.
Одоогийн байдлаар “Богд” компанид харьяалагдаж байгаа “Булаг” тэмдэгт дурсгалын зүйлс нь бүх Хятад улсын өнцөг булан бүрт борлуулагдаж байна. Энэ нь нээн хөгжүүлэлтийн талаархи орчин үеийн гар урлалын бүтээгдэхүүний цаг урсгалыг дагасан хэлбэр маягтайн дээр монгол соёлын элементийг ч уран сайхнаар уялдуулсанаараа бусад бүтээгдэхүүнээс онцлогдож байна. “Мандухай” тэмдэгт монгол хувцас засал нь ч Монгол Улсад үйлдвэрлэн борлуулагдаж буй маш их нэр нөлөөтэй. Өнөө жилээс эхлэн Өвөр Монгол орноор борлуулахаар хичээн ажиллаж буй.
- Манай компани бол нэгэн ерөнхийлсэн чанартай компани. Мөн “залуу” компани юм. Тийм учраас урагшлах замд олон арвин саад бэрхшээл тулгарч байдаг. Гэсэн хэдий ч бид хүнд бэрхшээлийг даван туулж, ажил бүрээ сайтар хийхээр хичээн ажиллана. Дараа бид бас мал аж ахуйн талбай байгуулж, аялал жуулчлалтай холбон бизнес эрхлэхээр төлөвлөж буй. Ноднин Хянган аймгийн Хорчин Баруун Гарын Дунд хошууны Засгийн талтай хамтарч, тухайн газрын ядуу зүдүү өрхийг хатгамлын мэргэжлийн сургалтанд үнэ төлбөргүй хамруулж, үнэ төлбөргүйгээр хатгамлын материалыг хангаж, дахин тэдний хатгамлын бүтээгдэхүүнийг манай компаниараа дамжуулан гадагш борлуулж өгсөн. Энэ мэтээр ойролцоогоор 2000 гаруй ядүү буурай амьдралтай хүмүүст дэмжин тусалж, буяны үйл хийж байсан юм гэж Бао Баяр компанийхаа тухай танилцуулж байлаа.
Одоогийн байдлаар “Богд” компани нь Өвөр Монголын тал нутгийн аялал жуулчлалын тухайд нэрт мэргэжилтэн, ӨМӨЗО-ы Аялал жуулчлалын товчооны кадр асан бөгөөд өдгөө нэгэнт тэтгэвэрт гарсан настан Буянмандах зэргийн монгол соёлдоо хайртай, элэгтэй ахмад нэгэн үеийнхнийг урьж зөвлөхөөр ажиллуулж байгаа юм. Ингэснээр тус компаний цаашдын хөгжлийн зам нь илүү гэгээн саруул болно гэдэгт Бао Баяр илтгэл дүүрэн байлаа.
Арван хэдэн жилийн өмнөх жижиг хоолны газрын суурьшил нь өдгөө нэгэнт өндөр сүрлэг асар тагт болж сүндэрлэж байна. Цаг хугацааны их урсгалд Бао Баярын “Богд” компани нь “Хүлгийн тоосонд дарагдахгүй, хүний тоосонд булагдахгүй” болжээ. Эдгээр нь түүний өчнөөн жилд амьдралаас сурсан ухааных нь ололт амжилт, мөн амьдралдаа өргөн барьсан хүндтэй бэлэг юм.
