30-ны орой Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжингээс Германы Канцлер Меркел, Францын Ерөнхийлөгч Макрон, Европын зөвлөлийн дарга Мишель, Европын холбооны комиссын дарга Фон Делейн нартай видео уулзалт хийлээ. Хятад, Европын удирдагчид Хятад, Европын хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг товлосон хугацаандаа дуусгаснаа хамтдаа мэдэгджээ.
Ши Жиньпин онцлохдоо, Хятад улс хөгжлийн шинэ байдлыг бий болгож, Европ тив болон дэлхийн зах зээлд илүү их боломжийг ханган, хамтын ажиллагааны өргөн их орон зайг бий болгохын тулд хичээн ажиллах болно. Европын тал чөлөөт худалдаа, олон талт үзлийг баримталж, Хятадын хөрөнгө оруулагчдад нээлттэй, шударга, ялгаварлан гадуурхах бус бизнесийн таатай орчин бүрдүүлнэ гэдэгт найдаж байна гэжээ.
Ши Жиньпин: 2021 он удахгүй болох гэж байна, дэлхийн хоёр том хүчин, хоёр том зах зээл, хоёр том соёл иргэншил болохын хувьд Хятад, Европ нь үүрэг хариуцлагаа ухамсарлаж, дэлхийн энх тайван, хөгжил дэвшлийн хамтын ажиллагааны бүтээн байгуулагч байхын төлөө хичээн ажиллах ёстой. Хоёр тал яриа хэлэлцээгээ бэхжүүлж, харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, санал зөрөлдөөнөө зөв зохицуулж, шинэ боломж, шинэ байдлыг нээхийн төлөө хамтран ажиллах ёстой хэмээн онцолжээ.
Нэгд, цар тахлын эсрэг үйл ажиллагааг зохистой зохицуулах. Вакциныг дэлхий нийтийн бүтээгдэхүүн болгон шударга хуваарилах, ялангуяа хөгжиж буй орнуудад илүү үр ашиг хүртээхийг баталгаажуулна.
Хоёрт, эдийн засгийн сэргэлтийг хамтдаа дэмжих. Бодлогын харилцаа холбоо, зохицуулалтаа эрчимжүүлж, нээлттэй дэлхийн эдийн засаг байгуулахыг баримтлан, дэлхийн аж үйлдвэрлэл, хангамжийн гинжин хэлхээг аль болох богино хугацаанд хэвийн байдалд нь оруулна.
Гуравт, хөгжлийн стратегийг холбох. Бодлогын уялдаа холбоог бэхжүүлж, "Бүс ба зам" санаачилгыг Европын холбоо, Евразийн дэд бүтцийн стратегитай харилцан холбох бүтээн байгуулалтыг бэхжүүлж, дижитал салбар дахь хамтын ажиллагаанд судалгаа хийх.
Дөрөвт, ногоон хөгжлийг түргэтгэх. Байгаль орчин, цаг уурын асуудлаарх Хятад, Европын дээд түвшний яриа хэлэлцээний механизмыг сайтар ашиглаж, хоёр тал биологийн олон янз байдал, цаг уурын өөрчлөлт, хүрээлэн буй орчныг хамгаалах олон улсын хурлыг дэмжиж ажиллана.
Тавд, олон талт хамтын ажиллагааг дэмжих. НҮБ, Их 20, Дэлхийн худалдааны байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хүрээн дэх уялдаа холбоо, хамтын ажиллагааг эрчимжүүлж, олон улсын болон бүс нутгийн халуун цэгийн асуудлыг улс төрийн аргаар зохицуулж, "Их 20" -ийн бүлийн өрийг бууруулах санаачилгыг идэвхтэй хэрэгжүүлэн, Африкийн халдварын эсрэг тэмцэл, хөгжлийг дэмжин, дэлхийн хөгжил, цэцэглэлтийг хамтдаа дэмжинэ.
Европын удирдагчид, цар тахлын нөлөөнд өртсөн хэдий ч энэ онд Европ, Хятад дээд түвшний харилцаа холбоогоо үргэлжлүүлж, газар зүйн заалтын хэлэлцээр зэрэг цуврал асуудлаар чухал ахиц дэвшил гаргалаа. Өнөөдөр бид уулзалт арга хэмжээ зохиож, Европ Хятадын хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээрийг дуусгаснаа хамтдаа зарлалаа. Энэ бол Европ, Хятадын харилцааны хөгжилд чухал бэлэг тэмдгийн ач холбогдолтой бөгөөд дэлхийн эдийн засгийн сэргэлт, өсөлтийг дэмжихэд туслах болно. Энэ нь Европ, Хятад хэдийгээр зарим асуудлаар санал зөрөлдөөнтэй байсан ч хоёр тал харилцан хүндэтгэсэн үндсэн дээр, яриа хэлэлцээг бэхжүүлж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, харилцан ашигтай хамтдаа амжилтад хүрэх улс төрийн хүсэл эрмэлзэлтэй байгааг дэлхий нийтэд дахин харууллаа хэмээн илэрхийлжээ.
