
Ийнхүү энэ тухай Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөххотод суугаа ерөнхий консул Самбалхүндэвийн Батхуяг манай сэтгүүлд ярилцлага өглөө.
- Сайн байна уу? Танд өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн арга хэмжээний талаарх мэдээллийг бидэнтэй хуваалцах уу?
- Өнөөдөр ӨМӨЗО-ы Намын хороо, засгийн ордноос Монгол Улсад зориулж эмнэлгийн түргэн тусламжийн машин гардууллаа. Мөн хувь иргэд, байгууллага, компаниуд сайхан сэтгэл гаргаж, хандивын үйл ажиллагаа зохион байгуулж байна. Өнөөдрийн энэ хандивын ажилд ӨМӨЗО-ы газар бүрээс ариутгалын бодис, амны хаалт, ариутгалын тоног төхөөрөмж, мөн хүнсний эд зүйлийг Монгол Улсын цар тахалтай тэмцэж байгаа байгууллага, аж ахуйн нэгжийн ажилчдад өгч байгаа. Тэгэхээр энэ арга хэмжээ бол яах аргагүй манай хоёр улсын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хүмүүнлэгийн ажлыг дэмжиж туслах хүрээнд явагдаж байна.
БНХАУ өнөөдөр улсынхаа хэмжээнд цар тахлыг таслан зогсоох анхныхаа ялалтыг байгуулсан гэж ойлгож байгаа. Дараагийн ээлжид БНХАУ-ын зүгээс цар тахал дэлгэрч байгаа улс орнуудад туслах, эмнэлгийн ажилчдаа явуулах, тоног төхөөрөмжөөр хангах, оношилгооны эмнэлгийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх зэрэг ажил төрлийг дэлхий дахины хэмжээнд хийж байна. Энэ хүрээнд ч гэсэн Монгол Улс хамрагдаж байгаа.
Өнөөдрийн арга хэмжээ мөн сайхан сэтгэлтэй хүмүүсийн зохион байгуулж, Монгол Улсад өргөж байгаа хандивын ажил. Тэгэхээр энэ ажил нь улсын хоорондох ажил төдийгүй хувь иргэд хоорондын, ах дүү, найз нөхөд хоорондын туслалцаа, сайхан сэтгэлийн илэрхийлэл болсон гэж бодож байна. Ингээд өнөөдрийн хандив өгсөн, сайхан сэтгэлээр дэмжиж тусалж байгаа ӨМӨЗО-ы нийт ард түмэнд, хандив өргөсөн бүх компаниудад, хувь хүмүүстээ Монгол Улсын засгийн газар, Монгол Улсынхаа нийт иргэдийн өмнөөс талархлаа илэрхийлье.
- Цар тахал БНХАУ-д ид дэгдэж байх үед Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хятад улсад айлчлан Монгол Улсын иргэдийн хандивыг өргөсөн. Энэ хоёр орны харилцаанд ямар үр дүн авчирсан бэ. Цаашид хоёр орны харилцаанд ямар үйл ажиллагаанууд явагдах бол?
- 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын ерөнхийлөгч БНХАУ-д цар тахал ид дэлгэрч байгаа үед айлчилсан. Монголын нийт малчин ард түмний хандивын цуглуулсан 30 мянган толгой хонийг бэлэглэх үйл ажиллагаа, цаашид цар тахлыг таслан зогсооход хамтарч ажиллах чиглэлээр хоёр улсын төрийн тэргүүн ажилласан. Энэ нь БНХАУ-ын хувьд цар тахал дэгдсэнээс хойш хамгийн түрүүнд айлчилсан төрийн тэргүүний айлчлал болсон. Тэгэхээр энэ айлчлал бол хөрш зэргэлдээ улс, ах дүү, найрамдалт харилцааны хамгийн дээд түвшинд харилцаж байгаа хоёр улсын хувьд бие биедээ туслах, дэмжих харилцааны үлгэр дуурайл болсон айлчлал боллоо гэж бодож байна. Энэ айлчлалын хүрээнд, ялангуяа БНХАУ-ын цахим сүлжээгээр, хэвлэл мэдээллээр хамгийн өргөн дэлгэр цацагдаж, хамгийн их хандалт авч, хоёр улсын иргэдийн хоорондох нөхөрлөлийг бэхжүүлэх ажил болсон гэж бодож байна. Үүний үр дүнгээр ӨМӨЗО-ы энэ олон компани, хувь хүмүүс, БНХАУ-ын байгууллага, аж ахуйн нэгжүүд хандивын гараа сунгах энэ ажлыг өөрсдийн сайн дурын үндсэн дээр зохион байгуулж байна.
2020 онд Монгол, Хятадын хооронд өндөр түвшний айлчлалаа хадгалсан харилцаа үргэлжилнэ гэж бодож байгаа. Монгол Улсын ГХЯ, ӨМӨЗО-ы Ардын Засгийн Газрын хоорондын байнгын зөвлөлдөх V уулзалт энэ онд Хөххотод болно. Монгол, Хятад хоёр орны харилцаа хамтын ажилллагаа өнөөдөр өндөр түвшинд байж, олон салбарт идэвхтэй өрнөж ирсэн бөгөөд хоёр орны харилцаа хамтын ажиллагаа цаашид харилцан ашигтай, хамтдаа ашиг олсон бодит үр өгөөжтэй байдлаар улам бүр гүнзгийрэн хөгжинө гэдэгт итгэж байна. Тэгэхээр манай хоёр улсын хувьд цар тахлаас урьдчилан сэргийлэх, хоёр улсынхаа иргэдийг энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлууд дээр цаашдаа иргэдийн зүгээс ч тэр, төрийн зүгээс ч тэр хамтарч ажиллах бүхий л боломжоо бие биедээ дайчилж, тусалж ажиллана гэсэн бүрэн итгэлтэй байгаа.
- Та Өвөр Монгол оронд ерөнхий консулаар томилогдоод удаагүй байна. Дараа дараагийн ажлын төлөвлөгөө ямар байна. Өвөр Монголд ажиллаж амьдарч байгаа Монголчууддаа хандаж юу хэлмээр байна?
- ӨМӨЗО-д Монгол Улсын иргэдийн консулаар суухаар ирээд удаагүй байна. Өвөр Монголд манай Монголын иргэд хамгийн ихээр ажиллаж, амьдарч, сурдаг. Монгол Улсын Засгийн газар, ӨМӨЗО-ы Ардын засгийн ордон хоорондын зөвшилцлийн дагуу жилдээ Монгол Улсын олон тооны залуучуудыг Өвөр Монголын засгийн ордны зардлаар сургадаг. Тэгэхээр Өвөр Монголд нийтдээ 2000 гаруй оюутан залуучууд сурч байна. Үүнээс гадна, бизнес эрхэлж байгаа, ажиллаж амьдарч байгаа, хоорондоо гэр бүл болсон гэх зэргээр нийтдээ 5000 орчим Монголчууд амьдарч байна.
Аюулт цар тахал дэлгэрсэнтэй холбоотойгоор Өвөр Монголд ажиллаж амьдарч байгаа Монголчуудаа бүртгэлжүүлэх, нутаг буцаах ажлыг таван удаа зохион байгуулсан. Яах аргагүй гэр бүлээрээ сууж байгаа хүнээс бусад түр оршин суух, хичээл сургууль, ажиллаж байсан иргэдээ үндсэндээ таван удаагийн зохион байгуулалтаар нутаг буцаасан. Энэ ажилд ӨМӨЗО-ы Засгийн ордноос хамтран ажиллаж, хүргэх ажлыг хамтарч зохион байгуулсан.
Манай хоёр улсын хооронд тогтсон 200 гаруй гэрээ хэлэлцээр мөрдөгдөж байна. Үүнийг ажил амьдрал дээр хэрэгжүүлэх ажлыг консулын байгууллагууд хийж гүйцэтгэдэг. Хоёр улсын хооронд харилцан зорчих явдал хамгийн өндөр түвшинд байгаа. Монгол Улсад айлчилж байгаа болон жуулчилж байгаа, хөдөлмөр эрхэлж байгаа хөрөнгө оруулалтын түвшний хувьд БНХАУ хамгийн өндөр байдаг. Хоёр улсын харилцаанд консулын гүйцэтгэх үүрэг нэн өндөр байдаг. Тэгэхээр яах аргагүй консулаар томилогдож ирсэн учраас Монгол Улс болон БНХАУ хоорондын харилцан зорчих, найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа, иргэдийн нөхөрлөлийг харилцан бэхжүүлэхэд өөрийнхөө чадах мэдэх бүхий л зүйлээр тусалж хамтарч ажиллана гэж бодож байгаа.
- БНХАУ-ын гадаадаас татаж байгаа тодорхой хэмжээний иргэдийг Хөххотоор дамжуулж байна. Та өөрөө Хөххотод суугаа консулын хувиар ӨМӨЗО-ны халдварт өвчний эсрэг ажлыг хэрхэн харж байгаа вэ?
- ӨМӨЗО-ы хэмжээн дэх цар тахалтай тэмцэж байгаа ажил, Намын хороо, Ардын засгийн газраас хийж байгаа ажил маш үр дүнтэй явагдаж байгаа гэж би бодож байна. Ялангуяа, орон нутгийн хэмжээнд цар тахлыг тогтоон барьж чадсан байна. Гадаадаас зөөвөрлөгдөж ирэх иргэдийн хөдөлгөөнийг бас хязгаарлаж байна. ӨМӨЗО ч тэр, Монгол Улс ч тэр цар тахлын тархалтыг маш сайн тогтоон барьж чадсан. Тэгэхээр энэ ажлыг зохион байгуулсан төр засаг, ӨМӨЗО-ы Засгийн ордны хичээл зүтгэл, ард түмэндээ ойлгуулж, хамтарч ажилласны үр дүн гэж би харж байна. Мэдээж энэ өвчнийг хараахан ялж дийлээгүй байна. Дэлхийн бусад орнууд, ялангуяа Европын холбооны улсууд, АНУ-д хүнд байгаа. Цар тахлын тархалтын хэмжээ өдөр ирэх тутам нэмэгдэж байна. Тэгэхээр манай хоёр орон зөвхөн өөрсдөө бие биедээ туслахаас гадна ДЭМБ-тай хамтарч ажиллах, цар тахал дэлгэрч байгаа бусад улс орнуудыг дэмжиж туслах, өөрсдийнхөө туршлага сургамжийг бусадтайгаа хуваалцах, эмч нараар туслах, тоног төхөөрөмжөөр туслах ажлыг маш үр дүнтэй хийж байгаад сэтгэл өндөр байна. Мэдээж цар тахлаас урьдчилан сэргийлэх ажил бол зөвхөн Хятад, Монгол хоёр орны асуудал биш, дэлхий нийтийн асуудал болсон. Тэгэхээр бид дэлхийгээ хамгаалах, хүн төрөлхтнөө хамгаалах ажил дээр хамтарч ажиллаж байна гэдгийг бас хэлмээр байна.
- Баярлалаа.
