Монгол үндэстний уламжлалт нүүдлийн мал аж ахуйн үеэс хэрэглэсээр ирсэн суран эдлэл цаг үеийн хувирал болон мал аж ахуйн амьдрал орчин үеийг дагаад суран эдлэл орчин үеийн хүмүүсийн амьдралаас холдож байгаа нь мэдээж. Харин өөрийн уламжлалт суран эдлэлийг хийж бүтээж, уламжлан хамгаалж, үе залгамжлуулж яваа Өвөр Монголын биет бус соёлын өвийн уламжлагч Шулуун Хөвөөт Цагаан хошууны Ихнуур сумын Цагаан-Уул багийн иргэн “Цацын гол сурын соёлын нийгэмлэг”-ийн дарга малчин Лхагвасүрэнг сурвалжлахаар хүрсэн юм.
Үхэр, адуу, тэмээг нүдэлсний дараа нойтон арьсны үсийг нь хусаж аваад хэрэглэгдэх зүйлийнхээ шаардлагад зохицуулан өргөний хэмжээгээр зүсэж, усаар олон удаа угааж цэвэрлэж цус, шар мах наалтыг нь арилгаж саалийн архи нэрсэн айрагны цагаанд 21 хоног идээлснээ гаргаж сүүдэр газар өлгөж хатаасны дараа элдэж (мушгиж) зөөлрүүлээд шөлний тосоор тосолсон байдаг. Үүнийг даруй сур гэж нэрлэдэг. Гэхдээ будагтай сур хийнэ гэвэл дээр хэлсэн мэтээр идээлж гаргасныхаа дараа хатаахаасаа өмнө будаг оруулна. Өнгө нь хар, хөх, ногоон, шар, хүрэн өнгөтэй сур байдаг боловч улаан өнгийг цээрлэдэг байна. Будаг оруулахдаа хар өнгө бол тогооны хөөгөөр будах, бусад өнгө бол эрхбиш шороон будгаар өнгө будаг оруулдаг байна.

Сурын зүйлээр морины эмээлийн эдлэл, хэрэгсэл тэмээний тохмын хэрэгсэл, үхрийн эвэрлэг зөргөө (ногт) зэргийг хийдэг. Суран эдлэл бол маш нарийн дүрэм загвартай бөгөөд тамах, мушгих, сүлжих, гүрэх, сийлэх, уях зэргийн маш олон төрлийн хэлбэрээр хийдэг гойд нарийн үндэстний уламжлалт эдлэл болно. Сураар хийх эдлэл хэрэгслийн хэлбэр дүрс гойд, урлал төрөл олон, шаардах мэргэжил өндөр бөгөөд олон зуун жил үе дамжин уламжлагдсаар өнөөг хүрч ирснээр сурын соёлын онцлог мэргэжил болон бүрдсэн байна.

Суран эдлэл сайхан урлаж хийдэг аав дээдсийнхээ ажил үйлд хараа сонирхлоо тусган ажлыг нь хамжин хавсарч байснаа 17 наснаасаа бие дааж суран эдлэл хийх болсон Лхагвасүрэн ур чадвараа тэлж, өөрийн хэрэглээнээс гадна өөр бусдын хэрэгцээ шаардлага, зах зээлд газар авч, морины тоног хэрэгслийн ганзага, жирэм, хударга, ногт, хазаар, чөдөр, тушаа, дөрөөний сур, тэмээний эдлэлд тушаа, үхрийн эдлэлд эвэрлэг зөрөг (ногт) уран нарийн хийдгээрээ хүмүүсийн сайн танил болж, 40 жил суран эдлэлийн ажлыг хийхдээ өөрөө хэрэглэх, бусдад хамжиж байсан ч өөрийн бодож санаснаараа шинэ хэлбэр маягаар хийхийг санаачилсаар иржээ.

- Суран эдлэл хийхэд юуны өмнө “сур”-аа сайхан хийх хэрэгтэй. Сураа чанарлаг сайн хийчвэл ямар ч суран эдлэл хийсэн ч чадвартай бол зовох газаргүй гэж сурвалжилгын явцад дахин дахин ярьж байсан билээ. Үхрийн арьсаар сур хийдэг. Үхрийн арьсыг өвчихдөө эсгэж огтлохоос онц хичээж, хавирга талын хэсгийг нударгадан гаргавал сур хийхэд чанартай, өвчихдөө шар мах дагуулахгүй байх, арьсыг нойтон дээр нь үсийг нь хусч авна. Хусахдаа үсний хөрсийг арьсандаа жаахан ч үлдээж болохгүй. Хэрвээ үсний хөрс нь арьсандаа үлдвэл сурын чанарт нөлөөлж хатуу цулгуй сур болох бөгөөд эдлэхэд бөх бус амархан тасарна. Арьсны үсийг хуссан даруйдаа сур болгон зүснэ. Арьсыг тэг голоор нь хоёр хэсэг болгон зүсэж, тал бүрээс нь арван хэсэг сур авч, нэг дөрөөний сур авна, таван чив сур гарна. Ингээд нэг үхрийн арьснаас гучин хоёр сур гардаг ёстой. Арьсаа сур болгон зүссэний дараа сураа усанд хийж 3-7 өдөр дэвтээж, өдөр бүр усыг нь солин долоон өдөр дэвтээсний дараа сураа гарган авч, сүүдэр газар тавьж урь идүүлнэ.
Сур идээлэхдээ цагаа, сүү, цагаан давс зэргийг хольж идээлэх бөгөөд өдөр бүр хутгаж эргүүлж, ус орохоос онц анхааран сэргийлж нямбай идээлбэл зөөлөн сур болж эдэлж хэрэглэхэд бөх, бороо усанд норж дэвтсэн ч тасардаггүй сайн сур болдог. Идээлсэн сураа 21 хоног болсны дараа цагаанаас нь гарган авч сүүдэр газар тавьж дутуу эврээгээд (хатаагаад) элдэнэ. Элдэж зөөлрүүлэхдээ хүнд чулуунаас уяж дүүжлэн, багана модоор 2000 гаруй удаа дарж мушгиралдуулбал сурын чийг нь гарч элдэгдэнэ. Сураа элдэж барсныхаа дараа хумигдаж нугарсныг нь сайтар дэлгэж шөлөн тосоор тосолж дахин багана модоороо 500 гаруй удаа дарвал тос нь сурандаа шингэн зөөлөрч, ямар ч суран эдлэл хийхэд асуудалгүй сайхан болдог.
Морины эмээлд 18 төрлийн сурын тоног хэрэгсэл байдаг. Үүнд, жирэмд гурван зүйл бий. Дөрвөөр гүрсэн жирэм, дөрвөөр гүрсэн нүхтэй жирэм, бүр сүүлдээ наймаар гүрсэн нүхтэй жирэм гэж гарсан. Морины суран хазаарт: Давхар сур хазаар, гүрмэл хазаар, жолоо цулбууртай хазаар, хөтлөө хазаар, загасны нуруутай сорьсон хазаар гэж байдаг. Морины ногтонд: Задгай эрэвчтэй адуучин ногт, савхтай ногт, томсон эрэвчтэй ногт, урт эрэвчтэй толгойг нь гүрж хийсэн ногт, давхарэрэвчтэй ногт байдаг. Морины чөдөрт: Гурамсан чөдөр, хоймсон чөдөр, хөөцөлдсөн алгатай чөдөр, гав чөдөр гэж байдаг.

- Суран эдлэл, эмээл хийх дөрөв дэх үеийн уламжлагч болсноос гадна дур сонирхол, ур чадвар, оролдлого ба зориг тэвчээртэй яваа ач хүүгээ ч оруулан тооцвол манайхан таван үеийн уламжлалтай болжээ. Өвөг аав минь гүрэнг гийгүүлсэн нэр төргүй ч Гөл цагаандаа алдартай суран эдлэл, эмээл хазаар ганган хийж урладаг Дандаржамц гэсэн Цахарын Хөвөөт Цагаан хошууны дөрөвдүгээр сумын хүн байсан. Аав минь Раашдонров гэгч хүн дээдийн үеэсээ залгамжилсан суран эдлэл, эмээл хийх ур чадвараараа зон олондоо үйлчлэх ба хойч үедээ уламжилж залгамжлуулахаар хүчин зүтгэж явсан бол өнөөдөр миний бие ч дээдсээс өвлөж уламжилж залгамжилсан өв соёл, эрдэм мэргэжлээ хайрлан нандигнаж, нутаг ус, хавь төсөр, хөрш саахалтын хүн олны хэрэгцээ шаардлагаар суран эдлэлийн үйлчилгээг бүрэн хангаж явахад хөвгүүн Оюундалай ч дур сонирхолдоо хөтлөгдөн намайг дагаж, сур элдэх, сур зүсэх, эмээл хийж урлахыг үзэж харж, гар бие оролцон оролдож хийснээр биеэ даасан мэргэжлийн үнэмлэхтэй болж үнэлэгдэж эхэлсэн. Саяхан ардын сургуулийнхаа алтан босгыг алхаж байгаа ач хүү минь ч хийдэг ажлын минь хойгуур урдуур тоглохдоо сурын өөдөс тасархайг нугалж хумьж, дуурайж оролдсоор байж чөдрийн салаа зангилаа, дөрөв, наймаар жирэм гүрэх зэргийг сурчихсан гэж Лхагвасүрэн гуай ярьж байв.
Лхагвасүрэн гуай дам дамын хүмүүсийн танилцуулга урилгаар сүүлийн хэдэн жил Авга, Сөнид, Үзэмчин зэрэг хошуу нутгуудаар хүрч, сурын ажилд дур сонирхолтой оролдлоготой хүмүүст өөрийн уламжлалт сурын ажлын арга ухаанаа харамгүй зааж уламжлан өгч, ур чадвараа олонд таниулсан бөгөөд 2013 оноос хойш жил бүр хошууныхаа хөдөлмөр эрхлэлтийн товчооноос санаачлан зохион байгуулдаг олон төрлийн мэргэжлийн сургалтын суран эдлэл, эмээл урлаж хийх сургалтад тусгай урилгаар багшилж “сурыг боловсруулах”, “эмээлийн бүтцийн тухай” сургалт явуулдаг байна.
2013 онд Ляхсүрэн өөрөө “Цацын гол суран соёлын өрөө”-г үүсгэн байгуулж, ард түмэндээ танигдсаны зэрэгцээ бусад газар нутгийн хүмүүст ч үйлчлэх нөхцөлийг бүрдүүлж, тухайн жилдээ Шулуун Хөвөөт Цагаан хошууныхаа “Цахар соёлын судалгааг ахиулах нийгэмлэг”-гийн гишүүнээр элсэв. Тэрээр урьд хожид өөрийн суран эдлэл, эмээл урлалын бүтээлээрээ Шилийнгол аймгийн “Малчдын их наадам”-ын шилдэг шагнал, Хөвөөт шар хошууны “Ганган эмээл хазаар”-ын шалгаруулалтын хоёрдугаар зэрэг, Сөнид зүүн хошууны “Ардын их наадам”-ын үзэсгэлэнгийн борлуулалтын шилдэг шагнал, Хорчин овооны “Ганган эмээл”-ийн шалгаруулалтын дөрөвдүгээр байранд орж, Өвөр Монгол биет бус соёлын өвийн үзэсгэлэнд оролцож шагнал хүртэж байсан юм.
2015 онд Лхагвасүрэн зургаан өрхөөс бүрдсэн “Цацын гол суран соёлын хоршоо”-г байгуулж, 2016 оны 3 дугаар сард Шилийнгол аймгийн биет бус соёлын өвийн залгамжлагчаар нэрлэгдэж, тухайн жилдээ Шилийнгол аймгийн хөдөлмөрийн жишээч, тэргүүний ажилтнаар сонгогдож, Өвөр Монголын биет бус соёлын өвийн уламжлагчаар нэрлэгдэв.
- Суран эдлэлийн үнэ өртөг нь өндөр боловч хэрэглэх хугацаа нь урт удаан байдаг. Жишээлбэл нэг эдлэл тоног хэрэгсэл хийгээд авахад 5-10 жил хэрэглэж болдог. Суран соёлын үнэ өртөг гэхэд ур ухаан нарийн гүнзгий өндөр, түүхийн үнэ өртөг гэхэд суран эдлэлийг хэр олон жил хадгалавч чанар нь хувирдаггүй, судалгааны үнэ өртөг гэхэд сур хийхэд идээлэх, хатаах, үсийг нь хусах, зүсэхэд маш нарийн арга ухаан шаарддаг. Иймээс сурын ажлыг хянамгай бусаар дураараа хийвэл түүний хэрэглээний үр ашгийг нь бууруулах болно.
Тиймээс суран эдлэлийг боловсруулж үйлдэх, хэрэглэх ур дэмийг сайтар эзэмшиж чадвал үндэстний суран эдлэлийн соёлыг илүү хөгжүүлж чадах юм гэж Лхагвасүрэн гуай ярьж байлаа.
