Шилийнгол аймгийн Авга хошууны Хонгоргол сумд сүүлийн жилүүдэд цөөн малаас өндөр үр ашиг хүртэж бог малаа цөөлж, үхэр маллаж орлогоо нэмэгдүүлж ирсэн хүмүүс зөндөө байна. Ихбулаг багийн Хадбаатарынх эртнээс мал сүрэгтээ төлөвлөлт хийж, цөөн малаас өндөр үр ашиг хүртсэн малчны нэг юм.
Хадбаатар амьдрах ухаан, мал аж ахуйн арга туршлага сайн. Амьдрах талаар хашир малчинд тооцогдоно. Эднийх өөрийн нутаг дээрээ 300 гаруй бог мал, 30 гаруй үхэр малладаг байсан бол 2000 оноос эхэлж бог малаа цөөлж үхрээ нэмсэн байна.
- Тэр үед хонь ямааны үнэ хямдхан, манайх шиг айлын хувьд бог мал маллаж өндөр орлого олно гэдэг хэцүү байсан. Тиймээс бог малаа цөөлж эхэлсэн дээ гэж Хадбаатар ярив.
Одоо эднийх дөчөөд үхэртэй бөгөөд хашир туршлагатай болж, мал цөөн байсан ч орлогын нэмэгдэлтэй чинээлэг малчин болжээ. Ер нь цаг агаарын байдал ган хуурай, өвс бэлчээр тачирдаж, өвсний төрөл зүйл багасаж, өвөл хавартаа үхэртээ тэжээл нэмэхийг баримталсаар иржээ.
- Жил бүр бордоо болон ногоон дарш хүрэлцэхүйц хэмжээгээр оруулж, нэг үхэрт 5-6 жингийн баримжаагаар тэжээхэд үхрийн тарга хүч нь хэвээрээ байдаг. Зундаа Тунляо хотоос мэргэжилтэн урьж үнээндээ хээлтүүлэг хийдэг. Хээлтүүлэг хийлгэх нь үхрийн шилдэг үүлдрээ баталж, тугалын бие том цус нь солигдоно. Хошуунаас үрийн хээлтүүлэг хийхийг дэмжиж, үрийг нь зүгээр өгөх буюу хээлтүүлэг хийлгэсэн айлд үнээний тоогоор бордооны нөхвөр мөнгө мэтээр дэмжсээр ирсэн. Хээлтүүлэг хийлгэх нь үхрийн биеийн чанарыг дээшлүүлэх зөв сонголт болохоор манайх олон жилийн турш баримталсаар ирсэн гэж Хадбаатар саяхан гарсан хээлтүүлгийн тугалаа бидэнд харуулах зуураа ярина.

Жил бүрийн хоёр сарын хорьдоос дөрвөн сарын хорьд болтол үнээ нь тугалж дуусдаг. Жилдээ 35-38 тугал тосож тоо хэмжээгээр их биш ч тугалын үүлдэр шилдэг, бие томоороо хол ойрдоо алдартай бөгөөд хошуу суурингийнхаа малын адилтган шалгаруулалтад олонтаа шагнал хүртжээ. Намрын есөн сар болоход эх малдаа нэмэрлэж хэдэн сайхан тугал үлдээж, бусдыг нь зар тавьж худалддаг. Махны үнэ ханшийн дагуу захын наймаачинд худалдахаас илүү үнэ хүрдэг байна. Эр тугал нь 13 мянган юань, охин тугал нь 6000-7000 юань хүрч, өнгөрсөн жилийн цэвэр орлого 200 мянган юаньд хүрсэн байна.
Хэмжээтэй бэлчээртээ тоотой мал маллаж, орлогын нэмэгдлээ батлах нь малчин хүний амьдрах ухаан, хашир туршлага, ой ухааныг шалгах томоохон шалгалт байж таарна. Малын бие нь чанартай, нутаг бэлчээр нь сэргэлттэй, малчин эзэн нь ухаантай байсан цагт амьдрал тэнүүхэн болох нь зайлшгүй гэдгийг Хадбаатар ийнхүү харуулж байна.

