Баттогоо: - 2003 онд хань маань ясны сүрьеэ өвчний улмаас хагалгаа хийлгэж, хэвтэрт орсон болохоор аргагүйн эрхэнд 400 шахам малаа зарж 186.6 га бэлчээрээ түрээслүүлээд хошууны төвд орсон. Гарын үзүүрээр санхүүгийн хэрэгцээгээ хангахын тулд гурван дугуйт авч түрээсийн жолооч болсон. Дараа нь хөдөө орон нутгаар өвс ачих, хачин чулуугаар сийлмэл хийх зэрэг олон ажлыг туршиж үзсэн боловч санаанд хүрэхгүй байсан гэж байлаа.
2006 онд Урадын дундад хошуунд үндэстний соёл урлагийн зах зээл нэлээд газар авч, хээ угалз зурж сийлсэн хаалга үүд хүмүүст таашаагдах болсныг Баттогоо анзаарсан байна. Тэрээр монгол гэрийн хаалга үүд, хуучин авдар хорго, ширээ сандал дээр өлзий хээтэй зураг, модон сийлмэл зэргийг урлан бүтээж монгол хээ угалзны тухай өргөн ойлголттой болсон нь алт мөнгөний дархан болоход нь маш том суурь болсон байна.

Хээ угалз зураад хэсэг зуур олз омогтой байсан ч будаг хортой байдгийг мэдээгүй аж. Ингээд өдрөөс өдөрт будгийн хооронд амьсгаа нь давхцан цээж нь шархалдаг болжээ. Бие нь муудан ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болоход дахиад л дутагдаж гачигдаж эхэлсэн байна. Харин энэ үед гэргий нь “Чи багаасаа алт мөнгөн эдлэл хийж сурсан хүн, түүнийгээ оролдвол яасан юм” гэсэн санал гаргаснаар алт мөнгөний дархны замаар замнах болсон байна. Баттогоо тэр мөчөөс эхлээд дэлгүүр ажиллуулж, мөнгөн эдлэл зарахаар шийджээ.
2008 оны хавар “Баттогоо” мөнгөн эдлэлийн дэлгүүр албан ёсоор үүдээ нээж өрхөө сөхөж, Баттогоогийн хүсэл биелжээ. Мөнгөн эдлэл давтаж боловсруулна гэдэг хүн бүгд хийчихдэг хялбар ажил биш. Нөр их хөдөлмөр, ур ухаан шаарддаг.
Ганц мөнгөн бөгж хийнэ гэж бодоход, эхлээд мөнгөө хавтгайлаад нухаж цохиод хөвөө ирмэгийг нь эргүүлж урвуулан өрж авна. Дахин хээ угалз урлан сийлж цохиж хадна. Харахад жижигхэн бөгжийг хийхэд хатуухан ажил болдгийг Баттогоо сайн ойлгосон байна.
Алт мөнгөний дархны ажил хийхэд эхлээд бөгж хийж сурна. Нарийн хээ угалзыг сийлээд сурчихвал замдаа ордог. Харин мөнгөн аяга, эмээл, толгойн засал, хэт хутга зэргийг дээр үеийн загвараар дууриан хийхийн тулд нэлээд хугацаа ордог талаар Баттогоо гуай ярьж байв.
Сүүлийн үед мөнгөн засал чимэглэл, эдлэл хэрэглэл их хэрэглэгддэг болсноор дархны ажил хөгжиж, уламжлалт мөнгөн заслыг хүмүүс их хэрэглэх болсон. Ялангуяа том шигтгээтэй мөнгөн бөгж, ээмэг, сондор зүүж гангардаг залуус олон болж, Баттогоогийн мөнгөн эдлэлийн дэлгүүр ч ашиг орлого ихтэй болж, жилийн орлого нь 100 мянган юаньд хүрсэн байна.

Баттогоогийн аав нь залуудаа Зүүн Гүнгийн Туулайн сүмийн лам байжээ. Хятад улс чөлөөлөгдсөний дараа алт мөнгөн эдлэл хийж, амьдралаа аргацааж байсан гэдэг.
Хөдөө орон нутагт хүүхэд насаа өнгөрүүлсэн Баттогоог мөнгө шигтгэх, холбох, хэлхэх, хайлуулах, давтах зэргийг их л сонирхож явдаг байлаа. Тэрээр 13 настай байхдаа Мангал гэдэг алт мөнгөний дарханд гарын шавь оржээ. Тэр цагаас Баттогоо алт мөнгөний дархны мөнхийн хувьтай болж, хадам аав нь ч алт мөнгөний дархан байв.
Түүхэн тэмдэглэлд Урадчууд 360 гаруй жилийн өмнө Хөлөнбуйраас нүүдэллэн ирж, Баяннуур аймгийн хавьд нутагшин суухдаа уламжлалт соёл иргэншлээ авч үлдсэн байна. Урад соёлд үндэстний онцлог, нүүдэл соёлын ул мөр, олон үндэстэн ястны ёс заншил харагдана. Уламжлалт соёл, алт мөнгөний дархны ур ухааныг түгээхээр зүтгэж яваа нь Баттогоогийн хүсэл зорилго нь байж таарна.

Баттогоо: - Одоогоор арваад гарын шавь хүмүүжүүлээд байна. Өв соёлдоо хайртай, боловсролтой хүүхэд дүү нар сурч мэднэ гээд зориод ирэхэд би дуртай хүлээн авдаг. Бас үүний хажуугаар ашиг орлого олох гэж нүд улайсан зарим хүмүүс үндэстнийхээ өв соёлыг “Мөнгөтэй хүний зугаа” болгож байгаа нь маш их харамсалтай. Зөвхөн монгол соёлдоо хайртай, ойлгож дээдэлж явдаг хүн алт мөнгөний дархан болж чаддаг байх гэж бодож явдаг гэж байлаа.

Баттогоогийн ууган шавийг Алтансан гэдэг. Тэрээр 2008 онд их сургуулиа төгссөн залуу. Шавь ороод 3 жилийн нүүр үзэж байгаа бөгөөд одоо байр байшин, машинтай болж багшийнхаа нэгэн адил алт мөнгөний дэлгүүр ажиллуулж байгаа аж.
Алт мөнгөн эдлэл урлаж хийх уламжлалт соёлыг түгээн дэлгэрүүлэхээр хичээн зүтгэж яваа Баттогоо олон арван шавь хүмүүжүүлэх хэсэлтэй байгаагаа хуваалцаж байлаа.
