solongonews
“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ-2016” Уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн Улаанбаатарт нээгдэв
2016-10-29 21:10
“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ-2016” Уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн Улаанбаатарт нээгдэв.

Чихнээ чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч
Сод их билигт түмэн юүгээн бишрэн магтаму би.
                            
Тэнгэр газар хоёрыг учруулж намриа хур орох мэт
Тэнүүн уйтан хоёрыг учруулж морин хуур дарах мэт
Тэлмэн жороогийн удгал Монгол бичгээрээ бичдэгсээн
Титэм шүд нуруу шилбэтэй тэр чигээрээ хүн бичиг минь.


                          
     Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу "Монгол бахархлын өдөр"-т (Өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу 10 дугаар сарын 31-ний өдөр тохиож буй)зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохион байгуулж байгаа “МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ-2016” Уран бичлэгийн ОУ-ын үзэсгэлэнгийн нээлт 10 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот дахь Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд боллоо. Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тэрчлэн Монгол Улсын БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц. Баярсайхан, Олон улсын монгол уран бичлэгийн холбооны удирдах зөвлөлийн дарга Р.Отгонбаатар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Монгол уран бичлэгчдийн нийгэмлэг”-ийн тэргүүлэгч Б.Оргил, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын “Тэнгэрийн бичиг” монгол уран бичлэгийн холбооны тэргүүн М.Б.Жаргаловна, ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын “Заяасан бичиг” монгол уран бичлэгийн холбооны тэргүүн Б.Е.Владимирович, Олон улсын монгол уран бичлэгийн холбооны тэргүүн А.Далангурав нар болон 300 гаруй уран бүтээлч, сурагч, үзэгчид оролцов.


     Нээлтийн үйл ажиллагааны эхэнд Монгол Улсын жүжигчид алд цагаан хадгаа дэлгэн мэндчилж,  аялгуу сайхан уртын дуугаа өргөн барьсан байна. Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээлтийн үеэр хэлсэн хүндэтгэлийн үгэндээ "Монгол хүн бүхэн сайхан эх орноороо бахархаж, монгол хүн болж төрсөн хувь заяа, өвөг дээдсийн өвлөн үлдээсэн өв соёлоороо бахархах ёстой" гэж онцолсон бөгөөд Монгол Улсын монгол уран бичээч Э. Анхбаяр, БНХАУ-ын ӨМӨЗО-ны монгол уран бичээч Баатар нарт тус үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн шагналыг гардуулан өглөө.


Монгол Улсын БСШУС-ын сайд Ж.Батсуурь мөн "Олон улсын монгол уран бичлэгийн холбоо"-ны удирдах зөвлөлийн дарга Р.Отгонбаатар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Монгол уран бичлэгчдийн нийгэмлэг”-ийн тэргүүлэгч Б.Оргил, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын “Тэнгэрийн бичиг” монгол уран бичлэгийн холбооны тэргүүн М.Б.Жаргаловна, ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын “Заяасан бичиг” монгол уран бичлэгийн холбооны тэргүүн Б.Е.Владимирович, Олон улсын монгол уран бичлэгийн холбооны тэргүүн А.Далангурав нарын хүмүүсийг тус яамны “Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч” шагналаар шагнав.
Нээлтийн ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон хүндэт зочид, үзэгчид үзэсгэлэнг үзэж сонирхов. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарим уран бүтээлчид болон монгол бичигт суралцаж байгаа сурагч хүүхдүүдтэй дурсгалын гэрэл зураг татуулав.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : montsame
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл