Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын Төрийн шагналт, СГЗ, Ардын Уран Зохиолч, монгол түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн их яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуай маань “Ходоодны хорт хавдар”-тай гэж оношлогдсон бөгөөд 2018 оны 01-р сарын 02-нд яаралтай хагалгаанд орохоор Солонгос улсыг зорих гэж байна. Гагцхүү хагалгааны зардал нь нэг зуу гаруй сая төгрөг болох бөгөөд үүнээс гадна, хагалгааны дараах эмчилгээ болон бусад зардалд их хэмжээний төлбөр орох тул ӨМӨЗО-нд ажиллаж, амьдарч, суралцаж байгаа монголчууд “Өгье гэвэл ганцаасаа” хэмээн сэтгэл, итгэл нэгдэж, “Дэм дэмэндээ” тав хоногийн хандивын аян зарлажээ. Тус хандивын аяныг Б.Лхагвасүрэн гуайн шавь МЗЭ-ийн Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Э.Үржинханд, Өвөр Монголын “Баатар” язгуур урлагийн багш, Өвөр Монгол дахь Монгол Иргэдийн Нийгэмлэгийн тэргүүн, МУСТА Ц.Бэрцэцэг нар санаачлан ӨМӨЗО-нд ажиллаж, амьдарч буй монгол эмэгтэйчүүдийн “Нууцхан шивнээ” вичат группээс БНХАУ-д ажиллаж, амьдарч, суралцаж байгаа монголчуудынхаа дунд зохион байгуулсан байна. Хэдийгээр монголчуудынхаа дунд гэж зарласан боловч сайхан сэтгэлт Өвөр Монголчууд сайн дураараа аянд нэгдэж өглөг буянаа өргөсөн байна. Ялангуяа, “Таван мөс”, “Монгол Тулгатны бууц” вичат группийн гишүүд маш идэвхтэй оролцож, хандиваа өргөжээ.
Энэхүү аян 2017 оны 12 дугаар 25-нд эхэлсэн ба 29-ний 22:30 минутад үйл ажиллагаагаа албан ёсоор зогсоосон байна.
Зохион байгуулагчид тав хоногийн туршид хандив өргөсөн хүн бүрийн нэр, газар нутаг, өргөсөн хандивын тоог нэгбүрчлэн бичиж, өдөр бүрийн тайлангаа дэлгэрэнгүй гарган олон нийтэд ил тод нийтэлж, маш эмх цэгцтэй ажилласан байна. Аянд газар газраас нийт 200 гаруй хүн оролцов. “Дэгжин бүсгүй”, “Шүлэг, яруу найраг” зэрэг вичатын группууд идэвхтэй оролцсон бөгөөд ялангуяа, элэг нэгт Өвөр Монголчууд маш идэвхтэй нэгдсэний дотор вичатын “Таван мөс”, “Монгол тулгатны бууц” зэрэг вичат холбоо идэвхтэй сайн оролцлоо. Ингээд таван өдрийн туршид нийт 23,924.81 юань буюу монгол төгрөгөөр 8,830 мянга гаруй төгрөг цугларсан байна. Энэхүү хандивын мөнгийг Б.Лхагвасүрэн гуайн өөрийнх нь Хаан банк 5077460361 дансанд тоо ёсоор нь шилжүүлсэн бөгөөд яруу найрагч хандивыг хүлээж авсны дараа талархлын үг хэлснийг та бүхэндээ хүргье. Б.Лхагвасүрэн:
ӨМӨЗО-нд ажиллаж, амьдарч байгаа “Нууцхан шивнээ” группийнхэндээ их баярлалаа. Сайхан сэтгэлд газар холддоггүй юм байна. Та нарынхаа сайхан сэтгэл, надад хандсан хандлага, намайг гэсэн хайранд их баярлалаа.
2017.12.31










