
Хайртай охин минь:
Охиндоо захиа бичих цаг ирэхийг аав нь хүлээж байсан юм. Тэр өдөр нь өнөөдөр болоход болох болохгүйг хийж, таних танихгүй хүмүүсийн дундуур өдий хүртэл зүтгэж ирсэн минь зүйтэй бодогдоно. Охиноо хүний дунд хүн, охидын дунд охин болгох гэж өөрийгөө элээж ээжийг чинь хөтөлж явсан минь учиртай санагдана.
Охин минь арван найм хүрчихлээ. Удахгүй чи хол явах болно. Танихгүй хүмүүстэй танилцах гэж хичээх болно. Мэдэхгүй замыг цээжлэх гэж мэднэ. Хүйтэнд хөрж халуунд халах цагт чинь нимгэлж зузаалахыг сануулах гэж эрүү амаа элээдэг ээж чинь чиний дэргэд байхгүй болно. Аль байснаа чи өөрөө эвлүүлж сурах болно.
Холгүй нэгэн өдөр хэний хэн гэгч нэгэн залуу гарт чинь цэцэг бариулах болно. Тэр цэцэг нь чамтай суухын төлөө байгаасай. Чамайг мэхлэхийн төлөө биш байгаасай гэж аав нь хүснэ. Цэцгийг яахаа охин минь өөрөө л мэднэ. Хүнээс битгий асуу! Өөрт чинь дурласан тэр хүнд гараа хөтлүүлэх дуртай эсэхээ зүрхнээсээ асуу.
Өөрийг чинь цагийн жаргал болгох гэж боддог харчуул мундах биш, хээрийн хөх чулуу шиг хатуу тангараг өгч байж нэр хүндийг чинь барж гүйцээд чимээгүй арилдаг эрчүүл дутах биш гэснийг ч мэдээрэй.
Харин чи хүний хүүг дагуулж өөрийгөө гуйлгах гэж аавынхаа үүдэнд ирэх болно. Хөөрхий ээж чинь тэсэхгүй уйлна. Ээжийгээ сайхан аргадаасай чи! Энгэрлэж хормойлж явсных нь төлөө ээжийгээ тайтхартал аргадаасай чи. Аав нь авчирсан хүнээр чинь олонтаа гуйлгуулах болно. Хүний хүүг үнэрхэж аавдаа битгий гомдоорой чи. “Охин хүүхдийн заяа төрсөн гэрийн үүдэнд өтлөхгүй”, “Олонтаа гуйлгуулж өгвөөс дээдлэгдэх, цөөнтөө гуйлгуулж өгвөөс доромжлогдох” гэж өвгөдийн сургаал байдгийг мэдээсэй охин минь.
Айлын өрх татна гэдэг амар биш юм. Аав ээжтэй чинь адилхан насны хүн чамайг санах болно, загнах болно. Суусан хүн чинь сайн ч байг саар ч байг настай хүнийг битгий гомдоогоорой! Охиноо ухаантай хүн болоосой гэж аав нь хүснэ. Хүнийг залилахын төлөө биш хүнд залилуулахгүйн тулд ухаантай яваарай. Ухаантай охин байж ухаантай гэргий болно. Ухаантай монгол ээжээс ухаантай монгол заяа ирнэ гэдэгт итгээрэй.
Охин минь хэзээ хаана ч үс зүсээ сайхан чимж яваарай. Өөд царайтай хүнээс уруу заяа зайлдаг юм. Дөрвөн цагийн өнгийг дагаж дээл цамцаа сайхан өмсөөрэй. Охин, бүсгүй аль ч насандаа энгэр заамандаа зөв яваарай.
Хэчнээн жилийн дараа хэчнээн хол явсан ч бай аав ээжийнхээ амьдын үзүүр үүдэндээ тахиад ирж байгаарай. Жаргаж яваагаа ээждээ хэлээрэй, зовж яваагаа аавдаа, надад л хэлээрэй.
Магадгүй нэг өдөр аав ээж чинь байхгүй болно. Араас минь битгий уйлаарай. Ээжийнхээ өмнө цэцэг тавьж аавдаа архи нэг шил тавьж сэтгэлээ чангалж яваарай.
Алаг хорвоод охиноо ганцаар нь орхино гэж бид ирээгүй юм шүү. Ганц ганцаар авчирж ар араас нь аваачиж амьдын хорвоо тогтдог юм аа охин минь.
