Сургалт нь 07-р сарын 12-ноос 18-ны өдрийг хүртэл нэг долоо хоногийн хугацаагаар явагдаж, Шилийнгол аймгийн Монголжингоо үндэстний хувцас заслын хязгаарлагдмал компаний захирал, Шилийнгол аймгийн Хувцас Засал Төсөвлөн Зурах нийгэмлэгийн дэд эрхлэгч Булагийг урьж, уламжлалт монгол хувцас болон шинэ маягийн хувцас засал эсгэж оёх мэргэжлийг заасан байна. Сургалтад Шилийнхотын Цох уул сум, Булган сумын хэсэг багийн малчид ба Зүүн Үзэмчин хошуу, Баруун Үзэмчин хошууны малчин нийт арваад хүмүүс оролцсон байна.
Булаг баг нь Шилийнхотын нэгдсэн зохион байрлуулалтын дагуу 2010 оноос эхэлж баг бүрэлдэхүүнээр нь шилжүүлэх төрийн бодлого хэрэгжүүлсэн баг юм. Улаанбаяр хэдийгээр тавин насыг давсан боловч нөхвөр мөнгөнд түшиглэж бие амар суухыг бодсонгүй. Харин 2012 онд “Төвшин малчдын тусгай хоршоожил” байгуулан эрхлэгчийн тушаалыг хариуцаж, малчдынхаа орлогыг нэмэгдүүлэх зам мөрийг хайсаар иржээ. Мөн өөрөө үйл оёдолд уран байдаг давуу талаа ашиглан уламжлалт дээл тэрлэгээс эхлээд шинэ маягийн монгол хувцас заслыг ч хийж оролдоод завгүй ажилладаг. Тэрээр өөрөө хийж оролдохоор барахгүй эгч дүү нараа ч зааж сургая гэсэн бодолтой гэх.
Улаанбаяр:-
- Манай ойр орчмын таван өрх нийлээд 2012 онд малчдын тусгай хоршоожил байгуулсан юм. Хоршоожил маань малчиддаа мал аж ахуйн үйлдвэрлэлийн талаар үйлчлэхээр барахгүй мэргэжил боловсрол, мэдээ мэдээллийн лавлах үйлчилгээ үзүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Өдгөө хөдөөний ажлын нэлээд сул сэлүүн цаг болохоор тусгай багш урьж, малчиддаа монгол хувцас эсгэж, оёх мэргэжлийг эзэмшүүлэн хамтдаа суралцъя гэсэн юм. Манай хөдөөний монгол бүсгүйчүүд оёдол үйлээ бүр хаячихсан биш, харин монгол оёдлоо оёж байгаа буюу хийе гэх хүмүүс олон болж байна. Гэвч мэдэхгүй чадахгүй зүйл бас тохиолдоод байдаг. Иймээс эдгээр хүмүүст тусгай мэргэжлийн багш зааж чиглүүлээд өгөхөд ухааныг нь амархан олж улам урам зоригтой, сонирхолтой болно гэж учирлан ярьлаа.
Сургалтад оролцсон Цох уул сумын Цагааннуур багийн малчин Мөнгөнчимэг, би ерөөс оёдолд дуртай. Уламжлалт Үзэмчин дээл тэрлэгээ өргөн нарийн угалз цэцэгтэй сайхан оёчихно. Харин шинэ янз загварын монгол хувцсыг бол тусгай сураагүй болохоор санаа байгаад унаа хүрэхгүй. Хэдэн өдрийн сургалтын явцад Булаг багш бидэнд монгол хувцас засал эсгэж оёх томъёноос эхлээд оёж хийх арга, оёдлын машинаа ажиллуулах зэрэг жижиг зүйлийг хүртэл нарийн заасан. Одоо харивал гоё сайхан загвартай монгол хувцсаа санаснаараа оёчихно гэж бодож байна. Бидэнд ийм сайхан завшаан олгосон Улаанбаяр эгч, эрдэм мэдлэгээ харамгүй заасан Булаг багшдаа талархаж байна гэж баяртайгаар ярьсан юм.
