Охид минь уншаарай #6
2015-12-28 18:21
Хамгийн гол нь охид маань над шиг ийм алдаанууд битгий гаргаасай гэж хүсэж байна. Та хоёр муудалцсан бол тэр хүнийг хүлээгээд суулгүй ядаж ганц удаа буулт хийгээрэй. Хөвгүүд үргэлж гуйх ёсгүй шүү дээ. Хэрүүл маргаанаас болж сайхан хайраа битгий үгүй хийгээрэй. Охин минь чамайг алдаа гаргахыг хүлээж суугаа олон охид байгаа гэдгийг мэдэж байгаа биз.
Би найз залуутай үерхээд 1 жил 7 сар болж байна. Саяхан бид салсан. Шалтгаан нь их энгийн “Үл ойлголцол”. Би ч бардам зангаа гаргаад л буулт хийхгүй гүрийгээд л. Манай хүн ч гэсэн өөрийнх нь 90% буруу биш л бол буулт хийнэ гэдэг ховор зүйл. Хэрэлдэж муудалцаад сүүлдээ би сэтгэлийн хөдөлгөөнөөрөө түүнд “Хоёулаа салъя” гээд л хэлчихсэн. Салмааргүй байна, намайг уучлаарай, чи надад хэрэгтэй, би чамд хайртай гэж хэлсэн л дээ. Гэхдээ яг тэр үед энэхүү үгс надад огтхон ч сайхан санагдаагүй. Хэтэрхий их уурласан болоод ч тэр юмуу. “Тэр хүнээс л салчихвал бүх зүйл сайхан болно”, ”Тэр хүн л миний хажууд байхгүй бол аз жаргалтай байх болно”гэсэн бодлууд миний тархинд байсан учраас би түүнийг уучлаагүй бид салцгаасан. Салсны дараа эхний хэдэн өдөр муугүй байсөөн. Бараг л хүссэнээ авчихсан юм шиг, хүссэндээ хүрсэн юм шиг санагдаж билээ. Хэдэн өдөр өнгөрөөд ирэхээр сэтгэл минь нэг л хоосон болсныг би анзаарсан.
Орой болгон ярьдаг хүн байхгүй болчихсон, хайртай шүү гээд духан дээр минь үнсэх хүнгүй болчихсон, "Сайхан амраарай, миний гүнж ээ" гээд хэлэх хүн миний хажууд байгаагүй. Энэ үед би ганцаардаж эхэлсэн. Өөрийн хийсэн үйлдэлдээ харамссан. Уучлалт гуйгаад очъё гэхээр бардам зан минь намайг зулгаан тэр хүн л надаас уучлалт гуйх ёстой юм шиг санагдаж байсан. Энэ бодол их буруу гэдгийг би мэдэж байгаа ч намайг гуйгаасай гэж битүүхэндээ хүсэж байсан.
Нэг өдөр найзтайгаа уулзсан. Түүнд бүх учраа хэлсэн. Гэтэл найз минь над руу хараад “Уучлаарай, гээд уйлаад очиход чинь хайртай залуу чинь өөр бүсгүйн хуруунд бөгж зүүгээд чиний өөдөөс инээх вий дээ” гэж хэлсэн. Үүнийг сонсоод би түүн рүүгээ залгаж уучлалт гуйсан. Тэр минь ч намайг хүлээж байсан юм уу гэмээр намайг шууд л уучилсан. Дараа нь хайртаасаа “Чи яагаад тэр үед миний хойноос уучлаарай энэ тэр гэж гүйгээгүй юм бэ?” гэж асуухад хайрт минь “Тэр үед чи намайг сонсох тэнхэлгүй байсан. Хэрвээ би өдөр алгасалгүй чиний ардаас гүйж уучлалт гуйсан бол чи их зан сууж өмнөхөөсөө ч өөр хүн болох байсан. Чамайг буцаад ирнэ гэдгийг чинь мэдэж байсан учир чамайгаа хэсэг хугацаанд зөнд нь орхихыг хүссэн юм” гэж хэлж билээ.
Магадгүй энэ бүхнийг уншаад та бүхэн намайг гуйлгуулах гээд ядчихсан энээ тэрээ гэж хэлэх байх. Тэгсэн ч зүгээрээ. Хамгийн гол нь охид маань над шиг ийм алдаанууд битгий гаргаасай гэж хүсэж байна. Та хоёр муудалцсан бол тэр хүнийг хүлээгээд суулгүй ядаж ганц удаа буулт хийгээрэй. Хөвгүүд үргэлж гуйх ёсгүй шүү дээ. Хэрүүл маргаанаас болж сайхан хайраа битгий үгүй хийгээрэй. Охин минь чамайг алдаа гаргахыг хүлээж суугаа олон охид байгаа гэдгийг мэдэж байгаа биз.
Нийтлэгч: Гоо
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
