Шанхайн олон улсын XXI кино наадмын “Бүс ба зам” дугуй ширээний уулзалт 06-р сарын 20-нд болж, Хятад, Итали, Филиппин зэрэг орны кино уран бүтээлчид цугларан, “Бүс ба зам” санаачилгын дагуу кино уран бүтээлийн салбарт хамтран ажиллаж, хамтдаа амжилтад хүрэх шинэ индэр гаргах тухай хэлэлцжээ. Энэ тухай ХОУР-гийн сэтгүүлч Жинь Дань Шанхай хотоос мэдээлж байна.

Шанхайн олон улсын кино наадмыг “олон улсын, мэргэжлийн, ард иргэдэд хүртээмжтэй” зохион байгуулах зорилго тавьж, гадаад дотоодын кино соёлын солилцоог идэвхтэй дэмжихийн төлөө хичээн зүтгэсээр ирсэн юм. Шанхай хотын Соёл, радио, телевиз, кино урлагийн удирдах газрын дарга Юй Шиүфэнь: “Шанхайн олон улсын кино наадмыг анх 1993 онд зохион байгуулснаас хойш шинэчлэгдэн хөгжсөөр ирлээ. Хамтын ажиллагааны “Бүс ба зам” санаачилга Хятадын кино урлагт шинэ боломж нээсэн” гэжээ.
“Эртний түүхэнд Хятадтай харилцаатай байсан улс орнуудыг “Бүс ба зам” санаачилга дахин холбов. Энэ бол хамран ажиллаж, хамтдаа хөгжих үзэл баримтлал, санаачилга, үйл ажиллагаа юм. Кино бол хүн төрөлхтний хамтын хэл. “Бүс ба зам” дагуу орнуудын хүмүүнлэгийн солилцоонд чухал үүрэг гүйцэтгэх нь эргэлзээгүй юм. Энэ санаачилга кино урлагийн хөгжилд шинэ боломж нээлээ.”

Энэ жилийн Шанхайн кино наадам “Нэг бүс нэг зам” кино наадмын холбоо байгуулж, гадаад дотоодын кино уран бүтээл, үйлдвэрлэлийн солилцоо, хамтын ажиллагааны цаашдын хөгжлийг дэмжсэн юм. Италийн Үндэсний кино бичлэг, мультимедиа аж үйлдвэрийн нийгэмлэгийн олон улсын хэлтсийн захирал Роберт Стабайл ингэж ярьж байна.
“Нэг бүс нэг зам санаачилга бол хамгийн сайн гүүр гэж бодож байна. Олон орны продюсерыг холболоо. Энэ бол маш чухал индэр. Уран бүтээлчдийн хамтын ажиллагааг түлхүү дэмжихийг хүсэж байна. ”

Филиппиний Күйзон хотын олон улсын кино наадмын захирал Ед Ле-Яно: “Сүүлийн үед хэвлэл мэдээллийн индрүүдэд өөрчлөлт гарч, улс орнуудын кино урлагийн салбарт олон шинэ өрсөлдөөн сорилт тулгарч байна. Ийм нөхцөлд хамтран ажиллаж, яриа хэлэлцээ өрнүүлэх нь маш чухал юм гэжээ. Одоо түүний ярихыг үргэлжлүүлэн сонсоно уу:
“Бид солилцоо хийх замаар улс орнуудын кино урлагийн салбарт санал бодлоо солилцож, өрсөлдөөн сорилтыг хэрхэн даван туулах, боломжийн шийдвэрлэх арга замыг хэрхэн эрэлхийлэх зэрэг асуудлыг авч хэлэлцээд тус салбарын хөгжлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн, хэлхээ холбоогоо нягтруулахыг хүсэж байна. Кино төслүүдийн удирдагчид хамтран ажиллах шаардлагатай гэж бодож байна. ”
Шанхайн олон улсын кино наадмын үеэр “Нэг бүс нэг зам” дагуу орнуудын шилдэг киног Хятадын кино театруудаар гаргажээ. Сарантуяа
