АНУ-ын Жонс Хопкинсийн их сургуулийн гаргасан Ковид-19-ийн цар тахлын талаарх хамгийн сүүлийн статистик мэдээллээс харахад Америкийн зүүн бүс нутгийн цагаар 13-ны өдрийн байдлаар АНУ-д батлагдсан тохиолдол нийт 16 сая 220 мянгыг давсан байна. Цар тахлын улмаас нас барсан тохиолдол 300 мянгад ойртоод байгаа юм. Зул сарын баяр ойртох тусам цар тахлын нөхцөл байдал улам даамжирч болзошгүйг мэргэжилтнүүд анхаарууллаа..
АНУ-ын Айовагийн их сургуулийн микробиологи, дархлаа судлалын профессор Стэнли Перлман Синьхуа агентлагийн сэтгүүлчид ярилцлага өгөхдөө:
- Сүүлийн өдрүүдэд АНУ-д цар талахын нөхцөл байдал улам даамжирч байгаа нь хүйтэн цаг агаарын улмаас хүмүүс өрөөн дотор олон цагаар байдагтай холбоотой. Мөн амны хаалтаа сайн зүүх ёстой гэсэн зааварчилгааг олон нийт сайн даган мөрдөөгүй, мөн зайгаа сайн бариагүйгээс болсон. Зул сарын баяр ойртох тусам цар тахлын нөхцөл байдал улам хүндэрч болзошгүй гэж ярьлаа.
АНУ-ын Калифорни их сургуулийн Лос-Анжелес салбар сургуулийн олон нийтийн эрүүл мэндийн сургуулийн орлогч захирал, халдвар судлалын профессор Жан Зүөфэн:
- Ковид-19-ийн цар тахлаар оношлогдсон тохиолдол нэмэгдэхийн хэрээр халдвар авагсадтай ойр байсан хүмүүсийг хянан илрүүлэхэд ихээхэн бэрхшээл учруулаад байна. Олон нийт цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээг сайтар авч, гэр бүл, найз нөхдийнхөө цугларалтаас зайлсхийхийг хичээвэл сая цар тахлын нөхцөл байдал аажмаар намжих болно гэж хэлсэн байна.
