solongonews
Өсөх мал зүсээрээ ижилхэн
2017-02-28 16:11
— Малчин Уртнасттай үхэр сүргийн тухай нь ярилцаад

Цагаан сарын эхээр шинэ оны хөдөө нутгийн сурвалжилгаа амжилттай эхлүүлж, Баруун Үзэмчин хошууны Жирийнгол суурингийн Жаран багаар явж билээ. Жаран вагийн нарийн бичгийн даргыг дагаж бид машинтай  хөдөө нутгийн цаст замаар давхиулан нэгэн айлын гадна хүрсэн нь малчин Уртнастынх байсан юм.

Хот хороо, худаг ус зэрэг бүтээн байгуулалтыг сайн хийсэн бөгөөд малын хашаа хороогоо сайхан цэвэрлэж, өвс бордоогоо тэгш цэмцгэр хурааж тавьснаас нь харвал энэ айл ажилч хөдөлмөрч айл гэдэг нь харагдаж байлаа. Уртнастынх манхтай бургастай нутагт байрлаж байдгаас багтаа үхэр олон малладаг айлын нэг бөгөөд энэ өвөл 90 шахам үхэр өвөлжүүлжээ. “Таны маллаж байгаа чинь ямар үүлдрийн үхэр вэ?” гэж асуухад “Манай үхэр сүрэг бол нутгийн шар үхэр” гэж ярихад нутгийн шар үхэр гэдэг нь ямар үхэр байдаг бол гэж бодоод үхэр сүргийг нь үзээд энэ газрын малчид Шарулай үүлдрийн үхрийг “Нутгийн шар үхэр” хэмээн нэрлэдгийг нь мэдсэн юм. Баруун Үзэмчин хошуу аль эртнээс 60.70-аад оны үеэс эхлэн үхэр сүргийн үүлдрээ сайжруулж эхлэхдээ Шарулай үхрийг сонгон малласан бөгөөд Шарулай үхрийг илүү их өсгөн үржүүлснээс тус нутгийн малчид Шарулай үхрийг “Нутгийн шар үхэр” хэмээн нэрлэх болсон юм.

Үхэр сүргээ өсгөн үржүүлэх талаар малчин Уртнаст өөрийн гэсэн үзэл бодолтой байлаа. “Хүмүүс улаан алаг (симентар үхэр) үхэр маллах нь үр ашгаар өндөр гэж ярьдаг. Гэвч би бол орон нутагтаа тохирсон нутгийн шар үхрээ маллах дуртай. Улаан алаг үхрийг зах зээлд борлуулахад хэдийгээр үнэ ханшаар өндөр боловч арчилгаа их ордог бөгөөд өвс бордоо ч их хэрэглэдэг, зардал ч их ордог. Нутгийн шар үхэр нь улаан алаг үхрийг бодвол үнэ ханшаар бага боловч өвс бордооны зардал бага. Иймээс илүү хэдийг маллавал мөн адилхан ашиг олно” хэмээн Уртнаст өөрийн Шарулай үхэр маллах туршлагаа хуваалцлаа. Малчин Уртнастынх 90-ээд оноос эхлэн Дачинбулаг мал аж ахуйн талбайгаас Шарулай үхэр оруулсан бөгөөд үхэр сүрэгтээ Шарулай үүлдрийн бух тавих зэргээр үхэр сүргийн үүлдрээ сайжруулж, одоо тэдний үхэр сүрэг нь бүгд Шарулай үхэр болсон бөгөөд олон жилийн туршлагаар орон нутагтаа зохицсон байна. Тиймээс тэднийх өвс бэлчээр сайн жил бол үхэр сүргээ тэжээдэггүй, шууд манхны бэлчээртээ оруулбал өвлийг туулдаг байсан ажээ. Өнгөрсөн жил ган гачиг ихтэй бэлчээр муутайгаас энэ жил үхрээ бэлчээрт гаргахын хамт өвс бордоо өгч тарга хүчийг нь баталж байлаа. Малчин Уртнастын үйл ажиллагаа бидэнд үхэр маллахад зөвхөн зах зээл дэх борлуулалтын үнийг л хараад байх нь гол биш, харин орлого зарлагын нарийн данс тооцоо бодож, орон нутагтаа зохицсон үхэр маллах нь зөв сонголт гэдгийг харуул байв.

Малчин Уртнаст олон жил үхэр малласан хашир малчин байлаа. Тэр өөрийн үхэр сүргээ тугалтай үнээ, сувай үхэр сүрэг, буурай мал гэхчлэн хэд хувааж, өвс усыг нь тэнцүүлэн тэжээдэг. Том үхэр сүргээ өдөр нь бэлчээрт явуулж, бэлчээрээсээ ирсний дараа өвс бордоо өгдөг бол тугалтай үнээ, буурай малаа гаднаа үлдээн тэжээдэг. Гэхдээ буурай малаа нэг хашаанд хашаалж, услахаас өөр цагт гаргалгүй тэжээдэг тул тарга хүчээр бусдаасаа хоцрохгүй, буурай мал гэж хэлэхгүй бол итгэхэд амаргүй байлаа. “Ингэж өдөрт гаргахгүй тэжээвэл тарга хүчийг нь батлахад тустай юм” гэж Уртнаст ярилаа. Тэднийх ингэж үхэр малаа нарийн арчилж байгаагийн учир үхэр сүрэг нь жилээс жил өнөр өсөж байхаар барахгүй малын тарга хүч нь сайн, зах зээлд борлуулахад үнэд хүрдэг ажээ. Өнгөрсөн жил гантай болохоор тэднийх тугал бяруу, хөгшин үнээ зэргээсээ жар шахмыг зарж, 300 мянган юанийн орлого олсон байна.

Зохиогч: Хад, А.Эрхэмбат
Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Шилийнгол сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл