
Шяншаний VII чуулга уулзалтад 59 улс орон, олон улсын 6 байгууллагын 400 гаруй төлөөлөл хуралд оролцож байгаа бөгөөд Азийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны асуудлыг авч хэлэлцэж байна. 10-ны орой Шяншаний чуулга уулзалтын хүлээн авалт болж, гадаад дотоодын зочдоо угтан авчээ.


Оройн хүлээн авалтын үеэр ХКН-ын Төв Хорооны Цэргийн Төв Зөвлөлийн нэгдсэн штабын дэд дарга, Тэнгисийн цэргийн адмирал Сүнь Жяньгүө илтгэл тавьж, Шяншаний чуулга уулзалт эрх тэгш байх, харилцан хүндэтгэх, нээлттэй, багтаамжтай хамтран ажиллах үзэл баримтлалыг мөрдөж ирснээр Азийн бүсийн аюулгүйн хамгаалалтын яриа хэлэлцээрийн чухал дээд индэр болсныг онцоллоо.Тэрээр: - Шяншаний чуулга уулзалтыг 2006 онд эхлүүлсэн. Одоо 6 дахь жилдээ үргэлжлүүлж байна. Тус чуулга уулзалт эрх тэгш байх, харилцан хүндэтгэх, нээлттэй, багтаамжтай хамтран ажиллах үзэл баримтлалыг мөрдөж, сэжгийг арилган итгэлцлээ нэмэгдүүлж, нийтлэг ойлголтод хүчээ төвлөрүүлэн хамтын ажиллагаагаа өргөжүүлж ирснээр Азийн бүсийн аюулгүйн хамгаалалтын яриа хэлэлцээрийн чухал дээд индэр болж чадлаа. Мөн дэлхийн энх тайван хөгжил, бүс нутгийн тогтвортой, аюулгүй хөгжилд хувь нэмрээ орууллаа. Шяншаний чуулга уулзалтыг удаа бүрт өөр өөр сэдвээр зохион байгуулж буй ч дэлхийн энх тайван, амар амгалан байдлыг эрхэмлэн хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах хүсэл мөрөөдөл хувирахгүй юм гэж хэлсэн байна.


Энэ удаагийн чуулга уулзалтыг "Аюулгүйн салбарын яриа хэлэлцээр, хамтын ажиллагааг эрчимжүүлэн олон улсын шинэ хэлбэрийн харилцаа тогтоох" сэдвээр зохион байгуулж, голдуу аюулгүйн салбарын асуудлыг хөндөж байна. Цэргийн салбарын шинжлэх ухааны хүрээлэнгийн Америкийн хамгаалалтын харилцаа холбооны судлалын төвийн дарга Жао Шяожүө үүнтэй холбогдуулан хэлэхдээ:
- Энэ удаагийн чуулганаар аюулгүйн салбарын асуудлыг авч хэлэлцэж байгаа нь олон нийтийн яриа хэлэлцээр, харилцаагаар дамжуулан Азийн аюулгүйн асуудал, олон улсын аюулгүйн асуудлыг зүй ёсны шударга чиглэлээр хөгжүүлэх зорилготой юм гэж хэллээ. Тэрээр цааш нь:
- Энэ удаагийн Шяншаний чуулга уулзалтаар дамжуулан, аюулгүйн салбарт шинэ үзэл баримтлалыг дэвшүүлэхийг хичээж байна. Эдгээр шинэ үзэл баримтлал нь аюулгүй байдал, эдийн засгийн зохицонгуй хөгжилд ашигтай бөгөөд улам бүр шударга, зүй ёсны аюулгүйн систем, цар хүрээ тогтоох, ирээдүйн аюулгүйн төсөл төлөвлөгөөг бүрдүүлэхэд тустай юм гэж хэлсэн байна.
Энэ удаагийн Шяншаний чуулга уулзалт Азийн аюулгүйн хамгаалалтын олон улсад нөлөө бүхий чухал дээд индэр болж, дэлхийн олон орны анхаарлыг татаж чадсанаар 59 улс орон, олон улсын 6 байгууллагын 400 гаруй төлөөлөл хуралд оролцон Азийн аюулгүйн хамтын ажиллагааны асуудлыг авч хэлэлцэж байна. Тэдний 350 гаруй нь гадаадын төлөөлөгчид юм. Чуулганы нарийн бичгийн дарга нарын газрын дарга, цэргийн салбарын шинжлэх ухааны хүрээлэнгийн дэд дарга дэслэгч генерал Хэ Лэй танилцуулж хэлэхдээ:
- Энэ удаагийн чуулганы зочид төлөөлөгчид, цар хүрээ, хөндөж байгаа асуудлууд гээд бүх талаар маш шинэлэг, онцлог боллоо гэж хэлсэн байна.
