solongonews
“Монголын Нууц Товчоо”- Mонгол хүн монголоороо үлдэхийн язгуур шинж мөн билээ
2017-01-08 21:11
”Монголын Нууц Товчоо”-ны дэлхий дээрх хамгийн баялаг цуглуулгыг эзэмшдэг Төрт Ёс, Хаадын Сан”-гийн Өвөр Монгол дахь салбарын захирал Чонос Цогтнаран монголчуудын энэ алдарт хөлгөн судрын цуглуулга, танилцуулгын асар том бүтээлийг хийжээ. Түүнтэй энэхүү хүч хөдөлмөр шингэсэн номынх нь талаар цөөн хором ярилцлаа.



- Таныг монгол түмний хөлгөн судар “Монголын Нууц Товчоо”-ны хамгийн баялаг цуглуулгыг эзэмшдэг гэж сонссон. Энэ талаараа ярина уу. Төрөл бүрийн хэвлэлтүүд байна уу, гадна дотно хэвлэгдсэн олон хэлний орчуулгууд байна уу?
- Би ер нь эдгээр цуглуулгыг сүүлийн таван  жилийн хугацаанд олж цуглуулсан юм аа. Нийт 34 орны 20-иод хэлний 800 гаруй төрлийн 1000 гаруй “Нууц Товчоо” надад байна. Ийм хэмжээний цуглуулга өнөөдөр дэлхийд ховор. Бараг байхгүй ч гэж болно. Дэлхий даяар энэ агуу бүтээл ахин дахин хэвлэгддэг боловч тэр бүхнийг нэг дор олж цуглуулна гэдэг асар хэцүү ажил. Монгол Улсын цуглуулагчдын хувьд Пүрэвжав цуглуулагч цөөнгүй “Нууц Товчоо”-той юм билээ.

- “Монголын Нууц Товчоо”-г цуглуулах санаа анх яаж төрсөн юм бэ. Энэ танд юу өгдөг, юу мэдрүүлдэг вэ?
- “Монголын Нууц Товчоо” олон зүйлийн хэвлэлттэй. Үндсэн эх дээр нь юу бичигдсэнийг олж мэдэхийн тулд олон төрлийн “Нууц Товчоо”-г олж харьцуулах болсон. Би өөрөө түүх сонирхдог л доо. Ганц би ч гэлтгүй Өвөр Монголчууд маань монгол үндэстний түүхээ ихэд дээдлэн үздэг. Харьцуулж судалж байсан “Нууц Товчоо”-нууд маань олшрохын хэрээр энэ хөлгөн судрыг цуглуулах хүсэл төрсөн. Тэгээд л цуглуулж эхэлсэн. Энэ цуглуулга маань монголчуудыг дэлхийд мартуулахгүй байнга сануулж байдаг агуу сэдэв агуулгын хөмрөг учраас монгол бахархал бахадлыг над мэдрүүлдэг. Монголчуудын суу хүчийг мэдрүүлдэг, өөрийгөө монгол хүн гэдгээрээ бахархах сэтгэгдлийг надад өгдөг. 

- Яаж цуглуулав. Энэ их цуглуулгыг бүгдийг нь худалдаж авна гэвэл асар их мөнгө орохоор харагдаж байна. Та тийм баян хүн үү?
- Цуглуулгын хувьд найз нөхдийн дэмжлэг байна, худалдан авна, хямдралтай худалдаанаас авна. Мөн номын солилцоо хийнэ. Интернэтээр хайж, захиалж авна. Ийм цуглуулга эхлүүлснийг сонссон ойр дотны хүмүүс маань бэлэглэнэ. Ер нь байж болох бүх л аргыг хэрэглэсэн дээ. Зорилго зөв болоод түүндээ үнэнч байвал бүтэхгүй юм байхгүй шүү дээ. Хүн бүхэнд мөнгө олох чадвар байдаг. Харин яаж зарцуулах нь өөр хэрэг. Олсон мөнгөө зугаа цэнгэлд зарцуулна уу, үнэтэй тавилга авна уу, архинд үрнэ үү, хүн хүний хүсэл зоригоос шалтгаална. Харин би өөрөөсөө ч хэмнэж, номондоо зориулсан юм аа. Магадгүй өөр хүн ч номонд зарцуулсан бол надаас ч ихийг цуглуулах боломжтой гэж бодож байна.

- Нэгэнт ингээд томоохон цуглуулгыг эзэмшээд ирэхээр энэ бүхэн амьдралын утга учир, зорилго болчихдог байх даа?
- Тэгэлгүй яах вэ. Цуглуулж байх явцад урам зориг улам сэргэдэг юм. Эхэндээ зөвхөн олшруулахын тулд цуглуулдаг байсан бол сүүлдээ “Нууц Товчоо”-гоо дээдэлж, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлж залгамжлуулах зорилгоор цуглуулдаг болсон. Үүний нэг илрэл нь “Монголын Нууц Товчоо”-ны цуглуулга, танилцуулга гэсэн энэ номыг хийсэн хичээл зүтгэл минь боллоо. Өнөөдөр би залуу байгаа ч гэсэн он жилийн явцад цуваад цуваад явдаг нь хорвоогийн жам. Дараа дараачийн үеүүд маань, ирээдүйд оршин тогтнох монгол хүмүүс маань түүх соёлоо дээдэлдэг, монголоо ойлгодог монгол хүмүүс байгаасай гэсэн бодлын үүднээс “Нууц Товчоо”-гоо дэлгэрүүлж яваа юм. Миний энэ бүх цуглуулгын хөмрөг бүрдэхэд, түүнчлэн жинхэнэ монгол хүсэл зориг цээжинд минь асахад Монгол Улсын “Төрт Ёс, Хаадын Сан”-гийн тэргүүн Д.Гүн-Үйлс ах маань надад хамгийн их нөлөөлсөн. Би энэ том “Хаадын Сан”-г Өвөр Монголдоо бүрэн төлөөлж ажилладаг юм.  



- За, одоо энэ ном руу тань яриагаа хандуулья. Хэр удаан хийв, хэдий хэр материал цуглуулав. Тусалж дэмжсэн хүмүүс хэр олон байна? 
- Номоо бараг сүүлийн хоёр жилийн хугацаанд бэлдсэн. Цуглуулгынхаа ихэнх хэсгийг энэ номоороо танилцуулсан. Миний судалж сурагласнаар манай Чонос өв соёлын санд байгаа цуглуулгад ороогүй, бүртгэгдээгүй “Нууц Товчоо” их олон алга. 10 шахам төрлийн “Нууц Товчоо” л манайд бүртгэгдээгүй юм байна. Тэгэхлээр дэлхий даяар гарсан олон “Нууц Товчоо”-ны бараг 99 хувь нь манай цуглуулгад байна гэсэн үг. “Монголын Нууц Товчоо”-ны цуглуулга, танилцуулга хэмээх 800 гаруй нүүртэй энэ бүтээлийг маань нэг талаас дэмжин урамшуулж, нөгөө талаас тодотгон шинжилж өгсөн Монгол, Хятад болон бусад улсын эрдэмтэн судлаачиддаа баярласнаа энэ дашрамд илэрхийлмээр байна. Монголын Д.Цэрэнсодном, Д.Төмөртогоо, Д.Гүн-Үйлс, А.Пунсаг, Хятадын Улаан, Хангай, Японы Уртнаст, Германы Хурцбаатар зэрэг эрдэмт багш нар зааж зөвлөсөн.

- Бараг орон орны шилдэг мэргэжилтнүүд үгээ хэлж, заавар зөвлөгөөгөө хайрласан гэж бодохоор аргагүй буурьтай бүтээл болсон санагдана. Тэд таны бүтээлийн чухам юунд нь ингэтлээ ач холбогдол өгч, таныг дэмжсэн хэрэг вэ?
- Намайг гэхээсээ “Нууц Товчоо” гэсэн хэтийдсэн том агуулга, бадрангуй түүх, их хааны сэдэв тэдний сэтгэл зүрхийг хөдөлгөсөн болов уу. Ер нь “Нууц Товчоо”-нд монгол ихэс дээдсийн суу ухаан, домогт замнал баринтаглагдсан байдаг болохоор зөвхөн эрдэмтэн судлаачид төдийгүй монгол хүн бүхэн сэтгэл зүрхээ өгөх ёстой гэж би боддог. Энэ магадгүй монгол хүн монголоороо үлдэхийн язгуур шинж мөн ч байж мэднэ.

- Сүүлийн асуулт. Дэлхий даяар ингэж олон хэлээр тархсан хөлгөн судрын маань амин ухаан нь таныхаар юу юм бол?
- Дэлхийн хамгийн олон хэлээр хэвлэгдсэн үндсэн монгол бүтээл бол “Нууц Товчоо”. Монгол хүмүүс төдийгүй гадныхан ингэж сонирхож, өөр өөрийн хэлэндээ орчуулж байхыг бодоход энэ номонд далдын их суу хүч байгаа нь тодорхой. Нэг талаас Чингис хаан хэмээх эгнэшгүй монгол хүний замнал, сэтгэлгээ, гүн ухаан тусгагдсанаас гадна монгол сэтгэхүй, монгол шинж, монгол соёлын бүхий л нууц далдлагдсан байдгаас тэр. Бас хүчирхэг үндэстний нэгэн цагт дэлхийд цойлсон нууцыг ч олж мэдэхийг гадныхан хичээдэг биз.
                                                                                                                                             Ярилцсан С.БОЛОР

Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : www.wikimon.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл