solongonews
Эрхий мэргэн эмэгтэй харваачид
2019-08-07 11:30
Эрхий мэргэн эмэгтэй харваачид

Наран зүгийн хийморьтой, налгар талын найрын талбайд “Ханагар тал Шилийн магтаал” наадмын нэгэн агуулга болох монгол бүсгүйн уян хатан чанарыг шалгасан уламжлалт сур харваан 30 метрийн тэмцээн 08-р сарын 03-ны өдрийн үдээс хойш боллоо.

Амьдралын жирийн өдрүүддээ тогоо тулга тойрч, үйл утас эргүүлж, үнээ тугал нийлүүлж явдаг бүсгүйчүүл маань уралдааны талбайд хатан бат чанараараа эр хүнээс дутахгүй гэдгээ харуулж байлаа. Таван сумаар гурван ээлж явагдах уралдаанд харваачид маань сум бүрийн харвалтад сэтгэлээ хамгийн тайван байдалд байлгаж, байгаа хамгийн оновчтой онилж, харвах хөдлөлөө хамгийн оновчтой хэмжээнд хүргэхийг хичээнэ. Энэ удаагийн тэмцээнд гэр бүлээрээ оролцсон сурчид олон байлаа.

Гүүлэн бүйр хотын Эвенк хошууны Шинэхэн баруун сумын Тэмээн хүзүү багаас нөхөртэйгөө ирсэн буриад малчин харваач Сэвээдэр:

- Наадамчин олны сэтгэлд дээжлэгдсэн найр сайхан болж байна. Би сур харвааг сурч, уралдаанд оролцоод 4 дэх жилээ болж байна. Биеийн чадлаас сэтгэлийн хүчийг илүү шаарддаг энэ спортод аргагүй сонирхолтой болохоор нөхөр бид хоёр аян замыг хол гэж бодолгүй уралдааныг зорин ирлээ гэж байлаа.

Баруун Үзэмчин хошууны Улаанхаалга сумын Эрээннуур багийн малчин Хүүдүүт охин Цаснаатайгаа уралдаанд оролцсон байлаа. Спорт уралдаан тэмцээн бүр нь үүсэл, ач холбогдол, тэрчлэн соёлыг ойлгуулдаг болохоор өөрийн татах хүчтэй байдаг аж. Энэ удаагийн уралдааныг зорин ирсэн Улаанхад хотын Цагааннуур сумын Тулга багийн малчин Отгонхүү гуай /нас сүүдэр 63/ сур харвааг бие сэтгэлээ чийрэгжүүлэх, эрүүл мэндийн спорт хэмээн сурсан байна.

- Сур харваа гэгч зөвхөн тамир спортын хөдөлгөөн биш. Харин хүнийг бодлоо эзэмдэж, сэтгэлээ тайван тогтуун байлгаж чадах дотоод хүч чадлыг шаарддаг бие сэтгэлийн эрүүл мэндийн спорт тул өөрт их тустай юм. Би багаасаа сур харваанд дуртай сонирхдог байсан ч айл гэрээ додомдох, үр хүүхдээ өсгөх ажилд гүйгээд сайн сурч чадаагүй. Одоо үр хүүхэд маань өсч том болоод, ажил албанд гарсан болохоор өөрийгөө нас ахисан гэж бодолгүй 57 настайдаа сур харвааг сурч, уралдаан тэмцээнд оролцож яваа нь энэ юм хэмээн ярив.

Отгонхүү гуай энэ удаад нөхөр Өлзийбүрэн, хоёр зээ охин, хоёр хүргэн, зээ хүүгийн хамт ирэн уралдаанд идэвхтэй оролцсон байна.

Уралдаанд Шилийнгол аймгаас гадна Хянган аймаг, Улаанхад хот, Хөлөнбуйр хотоос 80 гаруй хүн идэвхтэй оролцож, өөрийн дур сонирхолтой спортын уралдаандаа сэтгэлийн хүч, биеийн тамираа сорьж, энэ бүхний дундаас Баруун Үзэмчин хошууны сур харваач Сарангэрэл тэргүүнд тодорчээ.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл