
ӨМИС 1957 онд байгуулагдсан. Үндэстний цөөнхийн газар орны хамгийн анхны ерөнхий их сургууль бөгөөд Хятадын их сургуулиудын боловсролын салбарт чухал үйлчилгээ үзүүлсээр өнөөдрийг хүрсэн билээ.
Сургууль байгуулагдсан 60 жилийн ойн баяртай холбогдуулсан арга хэмжээг 9 дүгээр сарын 7-ны өдөр зохион байгуулах юм байна.
ӨМИС байгуулагдсаныг зарлах арга хэмжээ анх 1957 оны 10 дугаар сарын 14-ний өдөр зохиогдож байсан. Тэр үеэр Хятадын Төрийн Зөвлөлийн орлогч Ерөнхий сайд, ӨМӨЗО-ны ХКН-ын дарга, ӨМӨЗО-ны дарга Улаанхүү тус сургуулийн захирлаар ажиллаж байсан. Хятадын шинжлэх ухааны академийн зөвлөл, Бээжин Их сургуулийн профессор Ли Житүн багшаар ажиллаж сургуулийн орлогч захирлын ажлыг хариуцаж байв.
1978 оны 2 дугаар сард Хятадын боловсролын яам ӨМИС-ыг Хятад Улсын гол их сургуулиудын нэгэнд оруулсан байдаг. 1997 онд Хятадын эхний ээлжийн “211 төсөл”-ийн сургуулиудын нэгэнд жагсав. 2004 онд ӨМӨЗО ба Хятадын боловсролын яам хамтран ажиллуулах сургууль, 2012 онд Хятад Улсын “Дунд баруун бүс нутгийн их сургуулийн ерөнхий хүчин чадлыг сайжруулах төсөл”-ийн сургуулиар тус тус шалгарсан юм.



