Авга хошууны Цагааннуур сумын Улаан-Од багаар нутагтай Нарандалайг хөдөлмөрч гоо монгол бүсгүйн төлөөлөгч хэмээн хэлэхэд ахдахгүй. Тэр одоо Билэгтэй сууринд монгол онцлогтой гоёл чимэглэл борлуулж, давхар гэр ахуйн үйлчилгээний газар ажиллуулаад тун завгүй. Нарандалайтай таарч сурвалжилсан минь цагаан сараас өмнө билээ. Тэрээр дэлгүүр болон гэр ахуйн үйлчилгээний газраа хамт ажиллуулж байгаа болохоор дэлгүүрт нь хүрэхэд маш завгүй цонх угаалгах, гэр цэвэрлүүлэх гэсэн утасны дуудлага хүлээн авч цэвэрлүүлэх өдрийг нь тэмдэглэн, заримд нь цэвэрлэгч томилон өгч байлаа.
- Жил цагаан сараар гэрээ цэвэрлүүлэх хүмүүс маш олон. Манай ажилчид заримдаа завдахгүй. Өнөөдөр захиалга өгвөл бараг хоёр гурван өдрийн дараа цэвэрлэнэ. Иймээс гэрээ цэвэрлүүлэх хүмүүс эртнээс бидэнд захиалгаа өгөх хэрэгтэй гэж тэмдэглэж авахын зэрэгцээ тайлбар өгнө.
Нарандалай ажилдаа нарийн хянамгай, үйлчилгээ сайн болохоор эднийхээр гэрээ цэвэрлүүлэх үйлчлүүлэгч маш олон байдаг. Олон жил эрхэлж яваа тэрээр хамгийн анх дэлгүүр ажиллуулсан нь арван жилийн өмнө билээ. Ер нь багаасаа шүр сувд цуглуулж тоглодог Нарандалай өөрийнхөө гоёл чимэглэл нь тасарч муудвал өөрөө хэлхэж, заримыг нь дахин өөр янзаар хэлхэж зүүдэг байжээ. Ийм гар уран тул өөрөө шүр сувдаар хэлхэж худалдаж эхэлжээ. Түүний ярьж буйгаар, “Тухайн үед монгол дээл хувцас оёдог хүмүүс олширсон ч харин монгол гоёл чимэглэлийн зүйлс хийж урладаг нь цөөн байсан учир хийхээр шийдсэн. Би өөрөө дуртайгийнх юм уу анхны хийсэн толгойн гоёл их бүтэмжтэй болсноос хойш монгол онцлогтой толгойн засал, ээмэг зэргийг өөрөө зурж хэлхэж хийх болсон. Үүгээр ч барахгүй сүүлийн жилүүдээс Авга, Үзэмчин, Сөнид, Цахар заслуудыг ном дэвтрээс үзэж ахмад үеийнхнээсээ асуун сураад сэргээн хийгээд байгаа” хэмээн танилцууллаа. Нарандалайн дэлгүүрт дэлгэж байгаа гоёл чимэглэл нь өдөр тутмын амьдралд зүүдэг, тоглолт, ёслолд зүүдэг зэрэг олон янз хэлбэрийнх байсан бөгөөд ирсэн зочид бэлэн бараанаас нь авах нь ч бий. Өөрийнхөө санаагаа хэлж хийлгэдэг ч бий аж.
Олон жил гоёл чимэглэлийн дэлгүүр ажиллуулж хол ойрын хүмүүс түүний хийсэн бүтээлийг нь таашаадаг тул захиалга их ирдэг. Иймээс Нарандалай одоо шүр хэлхдэг ажилтан хоёрыг аван ажиллуулж байна. “Манайх заримдаа захиалга олон болоход 3-аа орой болтол ажиллана. Миний хоёр ажилчин надаас шүр хэлхэх арга суралцахаар олон жил ажилласан болохоор заримдаа миний бодсон зураг төсвийг тэр янзаар нь сайхан гаргаж өгч чадна” гэж ярилаа.
Ер нь шүр сувдаар гоёл чимэглэл хэлхэж хийх нь бас нэг төрлийн соёл бөгөөд ялангуяа үндэстний онцлогтой толгойн гоёл зэргийг урлаж хийх аргыг уламжилж залгамжлах хэрэгтэй байдаг. Иймээс Нарандалай сүүлийн жилүүдэд бүх хошуунд хүрч монгол онцлогтой гоёл чимэглэл зүйлийг урлаж хэлхэх сургалт явуулж нэлээд олон шавь хүмүүжүүлсэн байна.
Эрт хошуу орж хувийн бизнес эрхэлж хөл улаа олсон Нарандалай өөрийн бизнесээ дээдэлж явдгаар барахгүй, хот орж хүүхдийн тогоо барьж байгаа малчиддаа ажил олох завшаан олгож өгсөн байдаг. Түүний Жин Гүө гэр ахуйн үйлчилгээний газар нь 2010 онд байгуулагдсанаас хойш одоог болтол 200 гаруй хүн ажиллуулж байсан бөгөөд эдгээр ажилтнууд ч ажилдаа сайн, зочдын таашаалыг олсоор ирсэн юм.
“Ер нь хүүхдийнхээ тогоог барьж байгаа манай малчид амралтын хугацаанд хөдөө нутагтаа буцдаг учир олон газар урт хугацаагаар хөлсний ажил хийж чаддаггүй. Харин манай гэр ахуйн үйлчилгээний газарт ажиллавал ажиллах цаг нь тогтмол биш, нэрээ бүртгүүлбэл ажил гарахад бид утастаж ажлыг нь зохицуулаад өгдөг. Эхний гурван жилдээ манай компани монгол ажилчид авч байсан. Эрэгтэй эмэгтэй ажилтан авсан. Эхэндээ зарим айл нь эрэгтэй хүн цонх арчихаар очиход их гайхаж бас дургүй байсан. Сүүлдээ зарим нь эрэгтэй хүнээр арчуулах болсон. Ер нь манай хот орсон малчдыг архи уугаад дэмий гүйлээ гэж хүмүүс ярьдаг. Үнэндээ тэдэнд тохирсон ажлыг нь олоод өгөхөд тэд хэнээс ч илүү нарийн нямбай биелүүлж чадна” гэж Нарандалай өөрийнхөө ажилчиддаа тун итгэлтэй ярьж байв.
Тус компани нь одоо нийт ашгийн 80 хувийг нь ажилчиддаа өгч, 20 хувийг нь компанидаа авдаг юм байна.
Хот орж бизнес эрхлэн өөрийн гэсэн байр суурьтай болсон Нарандалай монгол соёлынхоо төлөө хичээн зүтгэж яваа мөртөө илүү олон хот орсон малчиддаа ажил олж өгөн тэдний аж амьдралд нь тус дэм болж явна.
