solongonews
Бээжингийн монголчуудын 36 дахь наадам боллоо
2016-10-22 21:04
Бээжингийн монголчуудын 36 дахь наадам боллоо.

10 дугаар сарын 22-нд Төвийн үндэстний их сургуулийн биеийн тамирын талбайд "Бээжингийн Монголчуудын 36 дахь их наадам" хөөр хөгжөөнтэй, сүр дуулиантай, дэнж хотойлгосон дэлгэр сайхан наадам болж өнгөрлөө. Тус наадмыг Бээжин дэх монголчууд 1981 оноос хойш тасралтгүй 36 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Энэ жилийн монголчуудын наадмыг Төвийн үндэстний их сургуулийн монгол хэл утга зохиолын салбараас эрхлэн зохион байгууллаа. Наадамд Бээжин хотноо суралцаж, ажиллаж, амьдарч буй Өвөр Монгол, Шиньжян, Хөхнуур нутгийн Монголчууд, мөн Монгол улсын оюутнууд зэрэг 10 мянга гаруй хүн хүрэлцэн ирж оролцжээ. Монголчуудын наадамд их дээд сургууль, хэвлэл мэдээллийн байгууллага, хувийн компани зэрэг олон салбарын төлөөлөгчид оролцов. 

Наадмын талбайд найман настай балчраас наян настай буурлууд хүртэл өөр өөрийн нутгийн онцлогтой монгол үндэстний хувцсаар гоёсон нь өнгө өнгийн цэцэгсийн хүрээлэн мэт алаглан, нүд булааж байлаа. Наадмын үйл ажиллагаа эхлэх үеэр Бээжинд хотод үйл ажиллагаа явуулдаг монгол байгууллагын ажилтнууд баярын жагсаал хийж, дараа нь төрөл бүрийн урлаг, уран сайхны тоглолт, хүчит 128 бөхийн барилдаан, сурын харваа, сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээн, үндэсний хувцасны загварын шоу, хүүхэд багачуудын шүлгийн уралдаан, монгол шатрын тэмцээн зэрэг олон төрлийн уралдаан тэмцээн зохион байгуулав. 

Наадмыг зохион байгуулах комиссоос наадмын талбайд олон асар гаргаж, хүмүүс түүнд ном, дээл хувцас, уран зураг, гар урлалын бүтээгдэхүүн зэрэг төрөл бүрийн худалдаа хийж, монгол эмнэлгийн эмч нар судас барьж ард иргэдэд үнэгүй оношлогоо, зөвлөгөө өгсөн нь наадамчин олны талархлыг хүлээж байлаа. 

 

Найруулагч: Saraa
Эх сурвалж : http://mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл