
Хятадын эм үйлдвэрлэгч үндэсний корпораци (Синофарм) болон Бангладеш улсын "КОВИД-19"-ийн эсрэг вакцины хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ 16-нд Бээжин болон Бангладешийн нийслэл Дака хоёр газарт видео хэлбэрээр явагдаж, Синофарм корпорац болон Бангладеш улс "КОВИД-19"-ийн эсрэг вакциныг хуваарилан савлах хамтын ажиллагааны санамж бичигт хамтдаа гарын үсэг зуржээ. Гэрээнд зааснаар эхний шатанд сар бүр 5 сая тун вакцин үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна.
Одоохондоо Хятад улс Бангладешт 2.1 сая тун Синофарм вакциныг хандивласан бөгөөд цаашид ДЭМБ-ын “COVAX” төлөвлөгөөгөөр дамжуулан Хятад улс Бангладешт 3.4 сая орчим тун вакцин хангахаар болжээ. Үүнээс гадна 8 сая тун вакциныг бизнесийн худалдан авалтын хэлбэрээр Бангладешт оруулах юм.

Бангладешийн Гадаад Харилцааны Сайд Ак Абдул Момен хэлэхдээ "Энэ удаагийн цар тахлын халдвараас бид андын харилцаатай Хятад улстай хамтран ажиллахаар дамжин түүхэнд тэмдэглэгдэх үйлс бүтээж чадна гэдгийг улам сайн мэдсэн. Бангладеш, Хятад хоёр орны найрамдлыг улам бүр бэхжүүлсэн төдийгүй "КОВИД-19" цар тахал энэ дэлхийгээс арилна гэдэгт бид итгэлтэй байгаа бөгөөд хамтран ажиллах нь энэ зорилтыг биелүүлэхийн цорын ганц арга зам" гэжээ.
Бангладешаас гадна Арабын Нэгдсэн Эмират улс, Египет, Индонез болон Бразил ч Хятад улстай "КОВИД-19"-ийн эсрэг вакцин хамтран үйлдвэрлэхээр болсон эхний хэсэг орнууд юм. Хятад улс одоохондоо 100 гаруй оронд вакцины тусламж үзүүлж, 60 гаруй оронд вакцин экспортолж, нийт тоо нь 800 сая тунгаас давснаар дэлхийд тэргүүлж байна. Энэ онд Хятад улс цаашид хичээн ажиллаж дэлхий дахинд 2 тэрбум тун вакцин нийлүүлэх болно.
