Найм дахь удаагийн “Бүүвэй дэлхий-2016” монгол туургатны яруу найргийн наадам 7 дугаар сарын 23-ны өдөр Өвөр Монголын Их сургуулийн Урлагийн дээд сургуулийн Ёслолын танхимд өргөн дэлгэр боллоо. Энэхүү найргийн наадмыг Төвийн Ардын Радио нэвтрүүлгийн хорооноос хариуцан Хятадын Монгол хэлний сонин мэдээний сүлжээ, Өвөр Монголын Монгол радио, Өвөр Монголын Монгол соёлыг хамгаалж хөгжүүлэх судалгааны нийгэмлэг хамтран, Хөххотын “Алтан хүрд” соёл дэлгэрүүлэх хязгаарлагдмал хувьцаат компани гүйцэтгэн зохион байгуулсан юм. Жил бүрийн Дэлхийн яруу найргийн өдөр буюу 3 дугаар сарын 21-ний өдрийг тохиолдуулан тухайн өдрөөс эхлэн зарлагддаг энэхүү уралдаан Томчуудын яруу найргийн наадам, Хүүхдийн шүлгийн уран уншлагын уралдаан гэсэн хоёр төрлөөр явагддаг. Энэ удаад бүх орны өнцөг булан бүрээс, мөн Монгол Улсаас голчлон оролцсон байна. Нийт 118 бүтээл Томчуудын яруу найргийн уралдаанд ирсэн ба 18 бүтээл шийдвэрлэх шатанд шалгарлаа.


Харин Хүүхдийн шүлгийн уран уншлагын уралдаанд нийт 106 хүүхэд бүртгүүлсэн бөгөөд шалгарсан 20 шилдэг оролцогч шүлгээ тайзнаа уран уншиж өрсөлдсөн юм. “Бүүвэй дэлхий-2016” яруу найргийн наадмыг Төвийн радио нэвтрүүлгийн хорооны нэвтрүүлгийн найруулагч Хувьсгалт, Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн профессор, доктор, яруу найрагч Ц.Цолмон, Өвөр Монголын Зохиолчдын Эвлэлийн нарийн бичгийн дарга, яруу найрагч А.Алтан-Уул, Өвөр Монголын Дуу оруулагчдын нийгэмлэгийн дэд нарийн бичгийн дарга, нэрт зохиолч, орчуулагч, Өвөр Монголын Уран зохиол орчуулагчдын Эвлэлийн дэд тэргүүлэгч З.Хишигт, Өвөр Монголын Үндэстний Залуучууд багачуудын сэтгүүлийн хорооны дээд зэрэглэлийн редактор, яруу найрагч, Мэдээллийн уран зохиолч Сайнжаргалын Оюунгэрэл, Улаанцав хотын Утга урлагийнхны холбооны “Цэлгэр тал” сэтгүүлийн дэд редактор, яруу найрагч Батын Саранцэцэг, Монгол Улсын Зохиолчдын Эвлэлийн гишүүн, Монголын Шинэ Мянган Утга Зохиолын Нэгдлийн гишүүн, МСНЭ-ийн гишүүн, Солонго мэдээллийн төвийн редактор, яруу найрагч Энхбаатарын Үржинханд нар шүүгчээр ажиллав. Түүнчлэн Өвөр Монголын Өдрийн сонины хорооны өндөр зэрэглэлийн редактор, Өвөр Монголын Соёл, кино телевиз нийгэмлэгийн дэд тэргүүлэгч, нэрт яруу найрагч Т.Сэцэнт, Төвийн радиогийн сэтгүүлч н.Бүрэн-Өлзий хянан шүүх багийн ахлагч гишүүнээр тус тус ажиллалаа.



Найм дахь удаа зохиогдож буй энэхүү яруу найргийн наадмын цар хүрээ улам өргөжин тэлэхийн хэрээр монгол туургатны наадам болсон ба Монгол Улс, Халимаг, Япон улсад суугаа монгол туургатнууд оролцлоо. Түүнчлэн шүүгчдийн бүрэлдэхүүн болон ивээн тэтгэгчид, шагналын сан өссөнөөр барахгүй хэдийнээ яруу найрагт хайртай үзэгч олны хүсэн хүлээдэг наадам болсон байна.
Та бүхэндээ шалгарсан бүтээлүүдийг танилцуулъя.
Томчуудын яруу найргийн наадамд:
Тэргүүн байр - Хөлөнбуйрын малчин яруу найрагч С.Өлзийжаргал “Үүсэл их Өргөн” бүтээлээрээ
Дэд байр:
1. Дөрвөд Эрдэнэбаяр- “Хянганы намар буга зусаад алсыг бараална”
Б.Болд- “Шороон бөх”
Гутгаар байранд:
1. Хөхшил- ”Наран сарын хөтөл”
Я.Балжинням- “Аав минь”
Умнаран Цолмон- “Хан хөвүүн, гуйлгачин хоёр”

Шилдэг байранд:
Умнаран Гэрэлт - “Уянгын сүлжээ хэмээх утгын чимэг”
Урианхай Сайнзаяа - “Харанхуйтай эвлэрэх минь хэзээ вэ”
С.Болор - “Шөнө орсон цас”
У.Өлзийнаран - “Яруу найрагчийн эх орон”
Б.Мөнгөнтулга /Монгол Улс/ -“Төөрөг”
Ч.Насандалай -“Ээж, нутаг хоёр”
Д.Бүрэнтогтох - “Арван цагаан зээр”
н.Содбилэг - “Аав, ээжийн хайр”
Мэргэнсод - “Хөдөө сэмэлзэх торгон утас”
Тугч Лувсан - “Арвыг бүрхүүлсэн дуулал”
Хүүхдийн уран уншлагын төрөлд:
Тэргүүн байр: Бүжидмаа- ”Намайг бүү загнаад бай”
Дэд байр:
1. Жян Дин-“Манайх гэдэг чинь монгол айл”
2. Аятай- “Дэлхийн бэлчээр”
Гутгаар байр:
1.Хайрхан- “Ээжийгээ зурж шүлэг бүтээнэм”
2.Аминаа- “Найраг бичсэн гарын дууль”
3.Чийрэг- “Ээжийгээ зурж шүлэг бүтээнэм” шүлгээр тус тус шалгарсан байна.
Ийнхүү Шилдэг байранд нийт 14 оролцогч хүүхэд Өвөр Монголын аялгуу сайхан шүлгүүдийг тайзнаа уран яруу уншиж авьяас билэг, ур чадвараараа өрсөлдөн шалгарлаа.
Бэлтгэсэн: Э.ҮРЖИНХАНД























Бэлтгэсэн: Э.ҮРЖИНХАНД
