Хятад улсад үйлдвэрлэсэн, дэлхийд хамгийн томд тооцогдох усан дээр буугч “AG600” нисэх онгоц төлөвлөсөн хугацаанаас өмнө буюу өнгөрсөн бямба гарагт анхны нислэгээ үйлджээ.

“AG600” загварын онгоцыг зохион бүтээсэн төрийн эзэмшлийн “Хятадын иргэний нисэхийн аж үйлдвэрийн корпораци” компанийн мэдэгдсэнээр, уг онгоц нь 53.5 тоннын даацтай, хамгийн дээд тал нь 500 км/ц хүртэл хурдалж, буулгүйгээр 4500 км хол зайг туулж, 12 цаг нисч чадна.
38.8 м урт далавчны далайцтай, 37 м урт “AG600” онгоц нь одоогоор дэлхийн хамгийн том усан дээр буугч нисэх онгоц гэж тооцогдож байгаа бөгөөд хэмжээгээрээ “Боинг-737”-той адил гэнэ.
Ердийн нисэх онгоц шиг л хөөрч, газардахаас гадна уг онгоц нь наад зах нь 1500 м урт, 200 м өргөн бөгөөд 2.5 м гүн усан замаас хөөрч, газардах боломжтой ажээ.
“AG600” нисэх онгоцыг ойн түймрийг унтраах, далай тэнгист аврах ажиллагаа явуулахад ашиглах зорилгоор зохион бүтээсэн юм. Мөн энэ онгоцыг далай тэнгисийг хянах, хамгаалахад ашиглах боломжтой.
“AG600” онгоц тавдугаар сарын сүүлчээр анхны нислэгээ үйлдэнэ гэж “Xinhua” агентлаг гуравдугаар сард мэдээлж байсан юм.
