solongonews
Солонгон Жиньлин
2021-06-08 16:41
Солонгон Жиньлин

     Жиньлин гэдэг нь Наньжин хотын эртний нэр. Зургаан гүрний эртний нийслэл болж байсан Наньжин хот өдгөө орчин үеийн том хот болжээ. Энэ хотын уламжлалт эртний болон орчин үеийг уялдуулсан соёл экологийн систем нь бүр ч өвөрмөц.

    Соёл экологийн систем нь гол төлөв хотын бүс нутгийн шинж чанар, соёлын онцлог, түүхэн соёл, ардын зан заншил, орчин үеийн соёлоос бүрдсэн байна. Наньжин бол уул, ус, хот, ой бүхэлдээ нэгэн цогц болж, хойд ба өмнөд уулзвар дээр оршин, олон талт зэрэгцэн оршихуйн соёлын шинж чанаруудтай; түүх, соёлын баялаг нөөцтэй; ардын зан заншил үеэс үед уламжлагдан, орчин үеийн соёл нь олон өнгөөр солонгорно.

Сүүлийн жилүүдэд Наньжин хотын эдийн засаг, соёлын өв залгамжлал нь инновацийн хамт тасралтгүй хөгжиж, шөнийн аж ахуй, шөнийн соёлыг өргөжүүлэх, соёлын экологийн системийн хөгжлийн орон зайг шөнийн цагаар өргөжүүлэх, түүхэн дурсгалт газруудыг хамгаалах, сэргээн босгох, шөнийн цагаар гэрэлтүүлэх, ардын уламжлалт зан заншлыг шөнийн цагаар ч үзүүлэх, соёлын аж ахуй, соёлын үйлдвэрүүдийн шөнийн цагаар ч соёлын үйл ажиллагааг нэмэгдүүлэн, янз бүрийн хүмүүсийн оюуны хэрэгцээг хангаж, шөнийн өнгөт соёл, экологийн өнгө үзэмжийг бий болгосон байна.

          Уул ус нь хаяа нийлэн гэрэл цацарсан хот

     Наньжин хотын бүс нутгийн шинж чанараас үзэхэд Хөхмөрөн, Чин Хуайхэ, Сюань-Ү нуур, Мин Чэнь хэрэм зэрэг газруудын хүрээлэн буй орчныг шөнийн гэрэлтүүлгээр чимэглэн, Наньжин хотод улам их гэрэл гэгээ эрч хүч нэмж, уул ус нь хаяа нийлэн, солонгон өнгөөр цацарсан шөнийн үзэгдлийг бүрдүүлсэн байдаг. Олон иргэд аялах, спортоор хичээллэх зорилгоор энд цуглардаг.

Олон жилийн түүхтэй энэ нутгийг унд усаар тэтгэсэн Чин Хуайхэ гол бол Наньжин хотын ээж гол. Эртний хот байсан Наньжиний дүр төрх, хүмүүнлэг үзлийг тодотгож байдаг. Чин Хуайхэ голын хоёр эргийг шинэчлэн өөрчилж, орчин үеийн гэрэлтүүлэг технологиор чимэглэн, энд ирсэн жуулчид завинд сууж, эсвэл голын эрэг дээр зогсож, үзэсгэлэнт шөнийн үзэмжийг сонирхох болно.

  Бин Жян байгалийн үзэсгэлэнт бүсийг барьж байгуулах нь байгалийн экологийн нөөц, түүхийн баялгийг хамгаалах, гэрэлтүүлэх замаар Наньжингийн голын эрэг дагуух үзэсгэлэнт газрууд болон ногоон байгууламж дунд хот байгуулалт хийхийн өвөрмөц дүр төрхийг эндээс харж болно. Голын эрэг дээрх үзүүлбэрүүд нь хурц солонгон гэрлийн дор тод харагдана. Шөнийн үзэмж сонирхох явган хүний гүүр, ногоон модод, барилга байгууламж зэрэг нь үнэхээр гайхалтай төрхөөрөө жуулчдын сонирхлыг татна.

                Түүхэн дурсгалт зүйлс

    Наньжиний түүхэнд олон түүхэн дурсгалт газрууд байдаг боловч дайн дажины дараа зарим нь эвдэгдэн үлдсэн байдаг. Түүхэн дүр төрхөө хадгалахын тулд Наньжин хотоос төлөөлөл болох дурсгалт газруудыг сэргээн засварлаж, түүхэн ба орчин үеийн бүх зүйлийг багтаасан, хуучин, шинэ хоёр уялдаатай дүр төрхийг амилуулсан байна. Түүхэн дурсгалт зүйлийг илүү тод, гэгээлэг болгохын тулд шөнийн соёл, музейн туршлагын үйл ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор зарим музей болон бусад үзэсгэлэнт газруудыг шөнийн цагаар нээдэг болов.

Олон жилийн турш тасралтгүй засвар хийсний эцэст Наньжин хотын хэрэм цар хүрээгээр дэлхийд хамгийн том, өнгөрсөн цаг үеийн дүр байдлыг хамгийн сайн хадгалсан хотын хэрэм болж, соёлын туйлын өндөр үнэ цэнийг тодотгож, орчин үеийн хүмүүст эрт цагийн түүхэн үеэр зочлох соёлын дурсгалт газар болж, шөнийн үзэгдэл нь хотын иргэдийн болон жуулчдын анхаарлыг өөртөө улам ч их татаад байна.

          Ардын баяр наадмаар өнгөт ертөнц болдог

    Ардын зан заншил бол эрт дээр үеэс бүрэлдэн тогтсон ардын ёс заншил бөгөөд уламжлалт баяр наадам, бүс нутгийн зан заншил, ардын урлаг, уламжлалт гар урлал зэргийг хамардаг. Наньжин дахь олон олон ардын зан заншил нь үеэс үед уламжлагдан ирж, эдүгээ соёлын биет бус өв болжээ.

Шинэ жилийн үеэр дэнлүү сонирхох, дэнлүү чимэглэх ардын заншил нь өмнөд төрийн үеэс тогтсон байдаг. “Чинхуай дэнлүү дэлхий дээрх хамгийн шилдэг нь" гэсэн нэр алдар Хятад даяар тархжээ. Орчин үед Чинхуай дэнлүүний наадам тухайн жилийн хэв маягаас дутахааргүй, илүү цэцэглэн хөгжиж, дэнлүүний наадам, дэнлүүний зах, дэнлүүний үзэсгэлэн нэг цогц болж, Наньжиний хамгийн том ардын наадам болж. шөнийн цагаар дэнлүү сонирхохоор энд олон хүмүүс зорьж ирдэг.

Ардын урлаг нь хүмүүсийн соёлын амьдралыг баяжуулан, хүмүүсийн уран сайхны мэдрэмжийг төлөвшүүлж, мөн соёлын өв залгамжлах эрхэм зорилгыг хүлээн авсан байдаг. Хуучин хотын өмнөд хэсэгт ардын уран бүтээлчид Наньжин нутгийн аялгууг ашиглан Нанжиний тухай, Нанжин нутгийн ёс заншлыг танилцуулж байдаг. Мин, Чин гүрний үед хурим найрын баярын чимэг болж хувирсан Наньжин цаасан хайчилбарыг шинэ эрин үед өвлөн авч шинэчилж ирсэн. 2009 онд Нанжин Юнжин нэхэх техникийг ЮНЕСКО-ийн "Хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөллийн бүтээлийн жагсаалт"-д оруулсан байна. Энэхүү эртний, үнэт гар урлалыг олон хүнд үзүүлэхийн тулд өнгөрсний хуучин буурин дээр нь сэргээн босгосон Жианнин нэхмэлийн музейг мөн шөнийн цагаар олон нийтэд нээлттэй болгожээ.

             Шөнийн солонгон эгшиг

   Орчин үеийн том хот Наньжинд олон соёл иргэншилтэй зэрэгцэн оршиж, орчин үеийн соёл нь улам өнгөлөг болсон байна. 2017 оны эхээр Засгийн газраас соёлын хэрэглээний нөхвөрийг санаачлан боловсруулсан нь иргэдийн урлагийн тоглолт үзэх сонирхлыг төрүүлж, мөн тоглолтын зах зээлийг идэвхитэй болгов. Жянсүгийн их театр, Наньжиний соёлын төвийн их театр, Зижинь их театр, Поли том театр, хувийн театрууд зэрэг үзүүлбэрийн газрууд ээлж дараалан гайхалтай репертуар тоглож үзэгчдэд баялаг, өнгөлөг соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулах болов. Синьхуа номын дэлгүүр, Шяньфэн номын дэлгүүр болон төрөл бүрийн төрийн бус ном унших байгууллагуудын хийсэн үйл ажиллагаа нь уншигч сонирхогч олон хүний ​​сонирхлыг татсан юм. Түүнчлэн 24 цагийн турш үйл ажиллагаа явуулдаг номын дэлгүүр хүмүүст оюуны хүртээл хүртэх орчныг бүрдүүлж өгсөн байна.

Зохиогч: Нийтлэл, зургийг: ЖАН ЧУАНЬНИН
Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : Солонго сэтгүүл
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл