Ер нь эрчүүд гоо сайхны тэс заслын талаар ямар бодолтой явдаг юм бол? Тэдний харах өнцөг бүсгүйчүүд биднийхээс бүр 360 градус өөр байж ч магадгүй санагдаад энэ удаа эрчүүдээсээ үнэн сэтгэлийн үгээ өчөөч хэмээн энэ талаар асуулаа.


23 настай Д: Ямар сонин асуулт вэ? Гэхдээ манай найз охин “Би хамраа өндөрлүүлчих үү?” гэж нэг удаа асууж байсан. Би амьхандаа бодлыг нь эргүүлэх санаатай “Чиний хамрыг өндөрлөчих юм бол Эверест уул дэлхийн хамгийн өндөр оргил байхаа болих байлгүй!” гэж үг хаясан юм. Тэрнээс хойш ахиж энэ талаар цухуйлгаагүй. Тийм хөөрхөн нүүр царай, бие хаа, үс гэзгийг чинь одоо мэсээр засах шаардлага байдаг юм уу даа. Гэхдээ би тийм ч их эсэргүйцэхгүй л байх. Гэхдээ хүүхнүүдийг хагалгаа хийлгэснийх нь дараа харахаар тийм ч өөр санагддаггүй. Тэгэхээр хувь хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж л юм шиг санагддаг!
35 настай Ө: Манай эхнэр хэдэн жилийн өмнө давхраа оёулсан. Тэр үедээ би эсэргүүцээд сүржигнэж байсан ч эхнэр өөрийнхөө хүссэн зүйлийг л хийсэн. Эхний хэдэн хоног бүлцийсэн, оёдолтой нүдийг нь харахад их муухай, ой гутмаар санагддаг юм билээ. Тэгээд сүүлдээ эдгээд ирэхээр нь дасчихсан. Тэр үед эхнэртэйгээ маргалдаж байгаад “Чи бол засвартай шаазан хүүхэлдэй шүү дээ!” гэж хэлээд айхтар гомдоож билээ. Яагаад ч юм тэр үед тийм л бодол толгойд эргэлдээд байсан. Би эхнэрээ анх харахдаа хэн ч харсан хөөрхөн, цэвэрхэн цагаан царайтай, будагтай хүүхнүүдийн дэргэд өөрийнхөөрөө сайхан эмэгтэй гэж хардаг байсан. Харин хагалгаа дөнгөж хийлгэснийх нь дараа хараад урам хугарсан. Тэр хүнийг үнэлдэг миний үнэлэмж тэрүүхэн үедээ л буурсан юм шиг байгаа юм. Тэгээд бодохоор хүүхнүүд ийм дэмий зүйл хийлгэх ер нь хэрэггүй. Эр хүнд бол өөрийнхөө сонголтод эргэлзэх бодол төрдөг юм билээ. Ялангуяа гэр бүл болж харилцаа нь бэхжээгүй байгаа үед бол бүр хэцүү байх.
20 настай О: Одоо 21-р зуунд мэсэнд өртөөгүй охин цөөхөн үлдсэн байх шүү. Ховрын бүр ховрын, нүдний цөцгий шиг л байгаа. Манай сургуульд нүдээ сэтлүүлсэн, хамраа өндөрлүүлсэн, хөх хийлгэсэн, бүр чихээ хүртэл засуулсан хэд хэдэн охин бий. Сайн мэдэхгүй л байна. Заяаны ханиа олоход л их хэцүү юм шиг санагддаг. Тоглоом ч үгүй, энэ олон адилхан хүүхнүүдээс алийг нь онцгойлж харах вэ гэдэг чинь л асуудал болоод байна. Ер нь тэгээд одооны залуучууд ч давхраа хийлгэдэг болсон байна билээ. Эрэгтэй эмэгтэйгүй л, хөөрхөн гэж дуудуулахын тулд нэгэн хэвэнд цутгасан хүүхэлдэй шиг болцгоогоод байх юм. Соц нийгэмд хүмүүс бүгд адилхан хувцастай байсан бол ардчилсан нийгэмд бүх хүн давхраатай болсон гэж хэлж болохоор.
42 настай Э: Энэ чинь хувь хүний эрхийн л асуудал шүү дээ. Хүн юу хүсч байна тэр зүйлээ хийгээд л амьдарч байна. Эмэгтэй хүн хагалгаанд орлоо гээд дэлхий сүйрэх гэж байгаа биш. Нэг хүн, нэлээн хэдэн хүн эсвэл нэлээн хэдэн сая хүн гоо сайхны хагалгаа хийлгэлээ гээд ер нь яав л гэж дээ. Хүмүүс өөрсдийнхөө хүссэнээр амьдарч л байг. Тэгээд ч гарч ирэх үр дүн эсвэл хариуцлага нь тухайн хүний л асуудал. Хагалгаанд ороод хөөрхөнөөсөө долоон дор болох юм бол яах вэ? гэдгийг бас бодож тооцоолох хэрэгтэй. Манай эрчүүдэд энэ тийм ч сонин санагддаггүй байлгүй дээ. Улс орон, аж амьдрал, гэр бүлээ авч явах их үйл хэргийн хажуугаар ийм шалдар булдар зүйлд бүсгүй хүн шиг хошуу дүрэх зав байдаггүй байх өө!
36 настай З: Гоо сайхны мэс засал гэдэг зүйлийг уг нь эрүүл, саруул хүн хийлгэж өөрийгөө сийчүүлэх хэрэг байхгүй л дээ. Миний бодлоор үнэхээр хийлгэх шаардлагатай буюу далий эрүү, нүүрний гажиг, түлэгдэлт гэх мэт үнэхээр өөрийнхөө царайг хараад ч тэсвэрлэх аргагүй хүмүүст л хэрэгтэй зүйл. Манайхны нэг хэлц үг байдаг даа “Эвдэхэд хялбар, эвлүүлэхэд л хэцүү” гэж. Одоогийн гоо сайхны эмч нар бол эвдээд байгаа учраас хялбар амар хийгээд байгаа юм. Харин эвлүүлээд засаад үнэхээр нүүрний гажгийг засаад өгөөч гэхээр ихэнх нь чадахгүй л гэдэг юм билээ.
51 настай П: Ах нь энэ талаар тийм ч их мэдлэг, мэдээлэл байхгүй хүн. Гэхдээ ах нь бол гоо сайхан гэдэг зүйлийг хүн бүрт төрөхөд нь л давхар заяасан байдаг гэж боддог. Тэр будаг шунх, гоо сайхны хагалгаа зэрэг зүйлс чинь гоо сайхныг алдагдуулж улам л төрөлх царайнаас холдуулж огт өөр нэгэн болгоод байгаа л гэсэн үг. Би охидуудаа нүүрээ битий будаж бай! Хэчнээн их нялаад ч, засаад ч алмаазны үнэ цэнэ өөрчлөгддөггүй! Харин ч өөрөөр нь байлгах тусам илүү үнэ хүрдэг гэж хэлдэг юм.
29 настай Н: Хүн бүр цор ганц. Өөрийнхөөрөө л байх сайхан. Өөр юу хэлэх вэ дээ!
33 настай Л: Мэс засал хийлгэж хөөрхөн болно гэдэг зөв зүйл бол биш. Гэхдээ эмэгтэй хүн сайхан харагдах гэж шунах нь бас тийм буруу зүйл биш. Тэгэхээр бүх зүйлийг зөв буруу л гэсэн хоёр туйлаар харж болохгүй л дээ. Ойлгох л хэрэгтэй! Нэг нэгнээ ойлгож л амьдрахаас өөр арга үгүй.
24 настай Б: Манай эхнэр гоо сайхны хагалгаанд орно гэвэл “Болиорой!” л гэнэ. Өөр олон арга байхад хамгийн эрсдэлтэй аргыг нь сонгох шаардлагагүй. Эз нь таараад гэмтэж бэртвэл яах юм. Зүгээр л байгаагаараа байхад л болно. Би ер нь яагаад ч хүлээн зөвшөөрөхгүй.
46 настай С: Уг нь гоо сайхны хагалгаанд орох нь буруу. Гэхдээ дөрвөн охины маань хамгийн бага нь өөрөө мэдээд ийм хагалгаанд орсон л байсан. Хүний үйлдэл бүрийг зааж зааварлаж шүүх эрх надад байхгүй. Төрсөн эцэг нь үг хэлж чадахгүй байхад өөр хүмүүс бол бүр юу ч хэлэх шаардлагагүй. Бага охин маань эрүүгээ засуулсан л гэсэн. “Найзууд муулж, ажлын хүүхнүүд шивэр авир хийгээд төвөгтэй юмаа. Би өөрийнхөө биеийг яаж ашиглахад хүмүүс ингэж анхаарах хэрэг байхгүй биз дээ!” гэж байсан. Би хагалгаанд орчихоод ирэхэд нь бас л онцгүй үг хэлж уйлуулаад л авсан. Охин хүүхдийнхээ нулимсыг харах эцэг хүнд хэлж боломгүй их шаналан байдаг юм. Бүр хийсэн сонголтондоо охин чинь шаналж бусдын нүдэнд гадуурхагдах юм бол өөрөө тэр лайг нь үүрээд үхээд өгмөөр санагддаг байхгүй юу. Зүгээр л өөрийнхөө зөв гэж бодсон зүйлийг л хийгээд явж байг. Эцэг эх үр хүүхдээ хэзээ ч дийлэхгүй. Үр хүүхэдгүй, охин хүүхэдгүй эрчүүд үүнийг ойлгохгүй биз. Зүгээр л миний хүүхдийн хийсэн сонголт. Миний хүүхдийг мэдэхгүй байж өөрийнхөө бодол санаагаар дүгнэж болохгүй. Тэр хүн өөрийнхөө сонголтыг л хийсэн юм шүү дээ. 33 настай Н: Хэмжээндээ л байх хэрэгтэй. Бусдаар бол яахав дээ, хийлгэхийг хүсвэл хийж л байг. Хамгийн гол нь хэтэрхий хиймэл л болчихгүй, тэрэндээ донтчихгүй бол болно ш дээ.
Харин чи юу гэж бодож байна?
