solongonews
Үеийн үед өвлөгдөн уламжлагдах эрийн гурван наадам
2017-07-13 16:53
Бөх барилдах, морь уралдах, сур харвах гурван наадмыг монголчууд эрийн гурван наадам хэмээн нэрлэсэн бөгөөд эрт дээр үеэс найр наадам болгонд эрийн гурван наадам хийсээр ирсэн билээ.

Ийнхүү эрийн гурван наадам нь монгол үндэстний үнэт соёлын чухал бүрэлдэхүүн болох бөгөөд энэхүү уламжлалт соёлоо хөгжүүлэх нь зүйтэй аж. Монгол түмний тархан суурьшиж буй Шилийнгол аймаг нь эрийн гурван наадмыг хөгжүүлэн бадруулах тал дээр олон үр дүнтэй ажлыг хийсэн юм.

                                                   Эрийн гурван наадам буюу Гинесийн тэмдэглэл

Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошуу нь эрийн гурван наадмыг дэлхийд таниулах болон Гинесийн тэмдэглэлд мөнхлөн тэмдэглэх үүднээс 2004 онд 2048 бөхийн наадам, 2005 онд 800 монгол морь оролцсон “Ажнай хүлэг” тэмцээн,  2010 онд 1000 хүн оролцсон сур харвалтын тэмцээн зэргийг зохион байгуулж, монгол үндэстний “Эрийн гурван наадам”-ыг дэлхийн Гинесийн тэмдэглэлд тэмдэглүүлсэн байдаг. Энэхүү тэмдэглэл нь эрийн гурван наадмын хөгжлийн түүхэнд шинийг бүтээсэн юм.

 

                                          Шил нутгийн морин уралдааны хөгжлийг товчхон ажихад

Шилийнголчууд өнгөрсөн үед дэлгэр зуны сайхан улиралд найр наадам зохион байгуулж, хурдан хүлгээ уралдуулдаг байсан бол одоо улс орны морин уралдаанд ч хүлэг морьдоо оролцуулдаг болж байна. Үүнчлэн Шилийнгол Ажил мэргэжлийн дээд сургуульд тусгай Морин спортын дээд сургууль байгуулан өндөр түвшний унаач, морин спортын тамирчдыг хүмүүжүүлэхээр хичээн ажиллаж байна.

Шил нутагт аялал жуулчлал хөгжихийг дагаад тал нутгийн морины уралдаан ч олон болсон бөгөөд адууны тоо толгой болон төрөл зүйл ч нэмэгдсэн байна. Цаашлаад морь уралдах шагналын мөнгө ч өндөр болж байгаа аж. Ингэснээр малчид адуу маллаж ашиг орлого олох идэвхийг нэмэгдүүлсэн байна. Шилийнгол аймгийн олон хошуу шянь морин уралдааныг анхааралдаа авч, морин уралдааныг Хятад улсын хэмжээнд зохион байгуулах арга хэмжээ авч байгаа бөгөөд улсын зэрэглэлийн уралдах талбай байгуулах ажлыг чухалд үзэж, нутаг усныхаа наадамд оролцож байснаа олон газраар уралдах болжээ.

Хятадын морин уралдааны нийгэмлэгээс Шилийнголын адууны үйлсийн хөгжлийг анхааралдаа авч, Шилийнгол аймгийг Хятадын морин уралдааны чухал талбар болгон үзэж, тал нутгийн морины уралдаан, Хятадын үндэстний моринуралдаан зэрэг уралдааныг Шилийнголд зохион байгуулж эхэлсэн байдаг. 2015 онд Шилийнгол Ажил мэргэжлийн дээд сургуульд тусгай Морин спортын дээд сургуулийг байгуулан ашиглалтад оруулсан нь морин уралдааны сургалтыг Ажил мэргэжлийн дээд сургуулийн нэг агуулга болгон хөгжүүлж байгааг харуулж байгаа бөгөөд өндөр түвшний морин спортын сууринтай боллоо.

                                          Шил нутгийн сурын харвааны хөгжлийг товч ажихуй

      Сур харваа бол эрийн гурван наадмын нэг төрөл болно. Гэвч сүүлийн үед сур харвааг суралцах хүн цөөрч, найр наадмын үед сур харвах уралдаанд оролцох хүн ч цөөн болсон байна. Сур харваа гэдэг энэхүү уламжлалт наадам нь ард түмний дунд гээгдэх болсон зангилааны энэхүү үед Туяа, Буянт хэмээх хоёр багш маань монгол үндэстний уламжлалт наадмаа залгамжлан бадруулах ажлыг хийж сур харвалтын тусгай анги нээж, сур харвалтын ажлыг хөгжүүлэх тухай өгүүлэл зохиол бичиж нийтлэх зэрэг ажлыг хийсэн бөгөөд найр наадамд идэвхтэй оролцож, сур харвалтын уралдаан тэмцээнийг зохион байгуулж байсан. Ийнхүү сур харвалтын уралдаан нь Шил нутагт дахин амиллаа олсон байна. Сүүлийн үед Нам засгийн газраас сур харвалтын уралдаан тэмцээнийг уламжлан хөгжүүлэхийг чухалд үзэж, сур харвалтыг сургуулийн тусгай хичээл болгон хөгжүүлснээс эдүгээ сур харвалтаар суралцах хүн олон болсон бөгөөд сур харвалт нь малчдын дунд ч өргөн тарж, найр наадмаар сур харвалтын уралдаан ч зохион байгуулагдах болсон байна. Мөн сур харвалтаар улс орны уралдаанд оролцох хүн ч олон болжээ.

 

                                                       Шил нутгийн бөхийн хөгжлийг ажихуй

     Шилийнгол аймаг нь бөхийн өлгий хэмээх сайхан цолтой. Тиймээс монгол бөх нь Шилийнголд маш сайн хөгжиж, их бага найр наадамд 1024, 512, 256, 128 гэхчлэн адил бусаар монгол бөхөө барилддаг нь Шилийнголчуудын нэгэн зуршил байгаа юм. Олон хошуу шяньд бөхийн суурин хурын дараах мөөг мэт байгуулагдсанаас залуучууд монгол бөхөөрөө суралцах сайхан тавцанг хангаж өгсөн байна. Иймээс Шил нутгаас олон олон сайхан бөх үе дамжин гарч, улс орны бөхийн тавцан, цаашид дэлхийн тэмцээн, олимпийн уралдаанд оролцож алдар нэрээ мандуулж яваа билээ. Энэ бол монгол бөхийн омогшил болох аж. Шилийнголчууд монгол бөхийг хөгжүүлэхэд, улс орны тэмцээнд монгол бөхийг оруулахаар чармайж явсан бөгөөд монгол бөхөө удаа дараалан оруулж байгаа юм. Монгол бөхийг улс орны уралдаанд оруулахаар насан туршид чармайж явсан нэгэн хүн бол Л.Баатар гуай болно. Түүний мохошгүй зүтгэл, Нам засгийн дэмжлэгээр монгол бөх тал нутгаасаа гарч, Хятад улсын үндэстний цөөнхийн биеийн тамирын чуулган, Хятад улсын тариачны биеийн тамирын чуулганд оролцох болсон байдаг. Энэ нь монгол бөхийн дэвшил болно. Эдүгээ монгол бөх нь дунд бага сургууль, их сургуулийн хичээлийн нэгэн агуулга болсноос монгол хүүхэд бага сургуулиасаа их дээд сургууль хүртэл монгол бөхийн сургалт хүмүүжлийг хүртэх болсон юм. Энэ нь Монгол бөхөө үеийн үед өвлөн хөгжүүлэх суурь болно.

Эрийн гурван наадам маань Шил нутагт ингэж үеийн үед өвлөгдөн, хөгжин бадарч байгаа бөгөөд түүний ирээдүй илүү сайхан болох нь гарцаагүй.

 

Зохиогч: Хад
Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл