Таны бяцхан хүү, охин 2-3 насных бол анхаарлаа хандуулаарай. Ийм насны хүүхэдтэй ихэнх аав ээж “арга чарга”-аа бардаг нь үнэн. Учир нь ааш авир нь олдохгүй өөрийнхөөрөө зүтгэх энхрий үрсээ зөв хүмүүжүүлэх арга барил өөрийн эрхгүй дутагддаг. Залуухан аав ээж танд “Монголжингоо”-гийн хамт олон тусалж байна. “Хэрэглээний Сэтгэл Судлалын Хүрээлэн”-гийн сэтгэл зүйч Н.Рэнжмаатай уулзаж бага насны тэр дундаа 2-3 насныхны сэтгэл зүйн онцлогийн тухай ярилцлаа.
-Зөвхөн ээжүүд төдийгүй аавууд ч бас хүүхдийнхээ онцлог зан араншин, хүмүүжлийн арга барилыг мэддэг байх нь чухал гэж бодож байна. Яагаад 2-3 насны хүүхдүүд хэт зөрүүд байдаг юм бол?
-Юуны өмнө “Монголжингоо”-гийн нийт уншигч, аав ээжүүддээ энэ өдрийн мэнд хүргэе. 2-3 насны хүүхдүүд хямралын үеийг дамждаг. Олон аав ээжүүд шинэ хүнтэй болсон даруйдаа л хязгааргүй их аз жаргал баяр баясгаланг мэдэрдэг. Учир нь нялх нярай хүүхэд өдрийн талыг унтаж өнгөрүүлэн, хөхөөр хооллодог учир харьцангуй амар амгалан байдаг. Харин өсөхийн хэрээр аав ээж танаас анхаарал, хайр халамж илүү шаарддагдана. Хүү, охиноо бага балчир гэлгүй хүндэлдэг байх хэрэгтэй. Энэ насны хүүхдүүд яагаад зөрүүдэлдэг вэ, гэхээр нялх нярай байх үеэ бодвол хамаагүй бие даасан байдалтай болно. Хэл ярианы хөгжил нь өдрөөс өдөрт сайжирна, алхаж гүйнэ, тэр хэрээрээ гадаад ертөнцтэй бие даан танилцаж эхэлдэг. 2 насанд эерэг сэтгэлийн хөдөлгөөнөөс гадна сөрөг сэтгэлийн хөдөлгөөний хариу үйлдлүүд бий болдог. Сөрөг сэтгэлийн хөдөлгөөн нь зөвхөн уйлах, хашхирах төдийгүй, хөлөөрөө дэвслэх, зодолдох зарим тохиолдолд хазах зэргээр илэрдэг. 3 наснаас эхлэн өдрөөс өдөрт би гэсэн үзэл төлөвшөөд ирдэг. Ийм үзэлтэй болчихоор юунд дуртай, дургүйгээ, хаашаа явах явахгүйгээ, тоглох тоглохгүйгээ чөлөөтэй илэрхийлж “Би” гэсэн байрнаас хандаж эхэлдэг. Юм л бол би, би өөрөө гэж хэлэх, өөрийнхөөрөө зүтгэх хандлагатай болдог.
2 насанд эерэг сэтгэлийн хөдөлгөөнөөс гадна сөрөг сэтгэлийн хөдөлгөөний хариу үйлдлүүд бий болдог.

-Яг тийм. Ингэж өөрийнхөөрөө зөрүүдлэх хүү, охиноо аав ээжүүд аргадах, эсвэл загнаж зандрах тэр ч бүү хэл цохиж нудрахдаа тулдаг шүү дээ. Зодох нь хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Тэгэхээр аав ээжүүд хүүхдийнхээ энэ онцлог үеийг мэддэг болчихвол хүмүүжлийн арга барилд эерэг нөлөөтэй. Дэлхий нийтээрээ хүүхдээ зодож, занчих аргыг буруушаадаг. “Битгий зод” гэж зөвлөдөг. Тиймээс хүүхдийнхээ өөрийн байр суурийг хамгаалах гэж оролдож байх үед нь хүлээн зөвшөөрч, тэвчих үедээ тэвчдэг байх хэрэгтэй.
-Тэгвэл ямар арга ашиглавал зүгээр вэ? Зөнгөөр нь байлгавал эрх болчих байх даа.
-Манай орны нөхцөлд зодож, шийтгэж хүмүүжүүлэх арга барил нийтлэг байдаг. Өөрсдөө загнуулж зодуулж өссөн гэдгээрээ ч юм уу хүүхэддээ гар хүрчих гээд байдаг. Зодсоны үр дүн их сөрөг гардаг юм шүү. Хүүхдүүд зодуураас сэтгэлийн шарх тээж өсөх нь бий. Томчууд бид ч гэсэн өөрийгөө тэр бүр мэддэггүй. Угтаа бага насандаа зодуулж өссөнөөс улбаатай сэтгэлийн шарх тээж явдагаа ч мэддэггүй бас анзаардаггүй. Үнэндээ аав ээжийн чанга хатуу үг, зодуур зэрэг нь сэтгэл зүйн ухамсаргүйн түвшинд хадгалагдаж хуримтлагдсаар эцэстээ том асуудал үүсгэх ч аюултай байдаг. Зодож болохгүй гээд зөнгөөр нь өсгөж мөн болохгүй. Зөнгөөрөө өсчихдөг гэж олон хүн хүүхдээ тоохгүй орхих тохиолдол байдаг. Энэ нь эргээд хүүхдийг үл хайхрах хүчирхийлэл болдог. Хүүхэд эцэг эхийнхээ тусламжтайгаар тэдний хэл яриа, сэтгэн бодох чадвар нь хөгжиж, бусадтай харилцаж, ойлголцох зэргээр нийгэмшдэг.
Эцэг эхчүүд хүмүүжлийн тогтсон нэг аргатай болох нь маш чухал. Учир нь хүүхэд бүхнийг ойлгож, харж, өөрийнхөө хэмжээнд дүгнэлт хийж байдаг.
-Хүүхдээ зандрахгүй, зоддоггүй юмаа гэхэд цохиж нудрахгүй хүмүүжүүлнэ гэхээр санаанд багтахгүй юм аа.
-Хүүхдийг хүмүүжүүлэх үед шийтгэл сахилгажуулалт гэдэг зүйл байх нь зайлшгүй хэрэгтэй байдаг. Жишээ нь буруу зүйл хийхэд өөрийнх нь дуртай хүүхэлдэйг үзүүлэхгүй байх ч юм уу, эсвэл амттай зүйлийг нь хязгаарлах зэргээр багахан шийтгэж болох юм. Харин зодуур гэхээр арай илүү хүндрээд явчихдаг. Олон аав ээж уурласан үедээ сэтгэлийн хөдөлгөөнөө хянаж чадалгүй, өөрийн эрхгүй л гараа зангидан нудрах, алгадах, түлхэх зэргээр бие махбод болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлддэг. Тэгэхээр энэ арга буруу зүйл болчихож байгаа юм. Харин үүний оронд хичнээн уурлаж бухимдсан ч гэсэн эхлээд өөрөө тайвширч чаддаг байх хэрэгтэй. Дараа нь хүмүүжлийн зөв аргаас сонгодог байх хэрэгтэй. Жишээ нь хүүхэдтэйгээ анхнаасаа тохирдог байж болно. “Ингэж буруу хийсэн учраас би одоо ээж нь, аав нь гаран дээр чинь нэг цохино оо, энэ чиний буруу шүү! Чиний буруу мөн үү?” гэж асуух ч юм уу өөрөөр нь бурууг нь хүлээн зөвшөөрүүлж болох юм. Эцэг эхчүүд дийлэнхдээ уурласан үедээ шууд цохиод авдаг. Ер нь дэлхий нийтээрээ хүүхдийг зодож шийтгэхээс татгалзахыг уриалдаг, болохгүй гэж хэлдэг. Зодож шийтгүүлсний хор уршиг их. Эргээд бидэнд илт мэдрэгддэг. Буруу хүмүүжлээр өссөн хүүхэд их түрэмгий зантай болдог. Нийгмийн сэтгэл судлаач Альберт Бандурагийн хийсэн судалгаагаар хүүхдүүд түрэмгийллийг харж суралцдаг. Тэгэхээр аав ээж бид үр хүүхэддээ бусдыг түрэмгийлэх арга барилыг зааж өгдөг гэсэн үг байх нь. Тэрнээс биш бага насны хүүхдийн уг мөн чанарт нь түрэмгийлэх бодол огт байдаггүй. Хэрвээ эцэг эх нь түрэмгий байвал хүүхдүүд түрэмгий л болж өснө гэсэн үг.
Зодсоны үр дүн их сөрөг гардаг юм шүү. Хүүхдүүд зодуураас сэтгэлийн шарх тээж өсөх нь бий. Томчууд бид ч гэсэн өөрийгөө тэр бүр мэддэггүй.
-Тэгвэл залуу аав ээжүүдэд хүмүүжлийн зөв арга барилаас хэлж өгөхгүй, юу. Олон аав ээж мэдэхгүйгээсээ болж алдаа гаргадаг байж мэдэх юм.
-Тэгэлгүй яахав. Ээж аав бүр хүүхэд зодуулснаасаа болж сэтгэлийн шарх тээж өсдөг гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Ийм байдалд орохгүйн тулд аав ээж хоорондоо хүүхдээ хүмүүжүүлэх арга барилаа харилцан тохиролцдог байвал илүү үр дүнтэй. Сэтгэлийн хөдлөлөөр бус харин ухаалгаар хүү, охиноо зөрүүдлэх үед нь ингэж хэлнэ, уйлвал ингэнэ гэх мэт тохиролцоорой. Эхнэр нөхөр хоёр хоорондоо тохиролцож ярилцаад хүүхэддээ ч бас хэлж ойлгуулах нь чухал. Эхнэр нөхрийн хүүхдийн хүмүүжлийн тал дээрх өөр өөр байр сууриас болоод заримдаа хүүхдүүд яг яаж хийвэл зөв болохоо мэдэхгүй тээнэгэлзэх үе олон болж, эцэг эхийнхээ тус тусад нь тэдний байдлыг анзааран үйлдлээ зохицуулах гэж оролддог. Энэ нь эцэстээ өөртөө итгэлгүй, бусдын харцаар л хөдөлдөг нэгэн болох аюултай юм. Тиймээс эцэг эхчүүд хүмүүжлийн тогтсон нэг аргатай болох нь маш чухал. Ийм жаахан юм чинь юу ч ойлгохгүй гэсэн хандлагаар хандаж болохгүй. Учир нь хүүхэд бүхнийг ойлгож, харж, өөрийнхөө хэмжээнд дүгнэлт хийж байдаг. Дээр нь нэмж хэлэхэд зөв аргаар хүмүүжүүлэх гэж байна гээд алдаа гаргах бүрт нь битгий шийтгээрэй. Энэ нь алдаандаа хэт төвлөрч, алдаагаа ахин дахин давтах зуршилтай болгох хандлагатай байдаг. Харин үүний оронд сайн магт, дэмж, урамшуул. Тэгвэл хүүхэд урамшуулж, магтсан тэр үйлдлээ илүү их хийх зуршилтай болно. Бодоод үз л дээ. Бид ч гэсэн шүүмжилсэн өнгө аяс, зандрангуй байдлыг таатай хүлээж авдаггүй шүү дээ. Яг л үүнтэй ижил юм. Энэ хорвоогийн хүн бүхэн инээмсэглэл, хайр энэрэлээс хэзээ ч татгалздаггүй. Тиймээс залуу аав ээжүүдэд зөвлөхөд өхөөрдөм энхрий үрсээ хайр энэрлээр дутаалгүй өсгөөрэй гэж хэлье.
-Цаг заваа зориулан бидэнтэй чин сэтгэлээсээ ярилцсан танд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.
-Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.
