Хүүхдийн мөнгийг хасах уу? Аль нь зөв бэ?
2015-12-28 18:21
" Амьдралдаа хариуцлагатай иргэдийн төлөө " ба " Хүүхдийн минь мөнгийг битгий хасаач! "
Хүүхдийн минь мөнгийг битгий хасаач!
Хүүхэд бүрт гэж хаягласан 20 мянган төгрөгийг өрхийн орлогыг нь харгалзан олгохоор шийдвэр гаргах гэж буйг эх хүнийхээ хувьд эсэргүүцмээр байна. Би жирэмсний амралтаа аваад хүүхдээ хараад гэртээ суудаг, нөхөр маань ганцаараа орлоготой. Өөрсдөө хүүхдэдээ олигтой хадгаламж нээж чадахгүй байж улсаас өгч байгаа энэ мөнгийг үрэн таран хийлгүй их сургуульд ороход нь сургалтын төлбөрт нь нэмэрлэнэ гэж боддог юм.
Надтай адилхан ээжүүд олон байх. Ерөнхий сайдын хэлж буйгаар өрхийн орлого нь 1 сая төгрөгөөс дээш бол энэ тэтгэмжийг тухайн айлын хүүхдэд өгөхгүй юм байна. Хэдэн жилийн өмнө энэ тэнгэрийн тоо байсан л даа. Одоо бол үнийн өсөлт, төгрөгийн ханшийн уналттай харьцуулвал зүгээр л цаас. Эхнэр, нөхөр хоёр ажиллаад сардаа 1 сая төгрөгийн орлоготой байлаа гэхэд ихэнх нь байр, машины зээл, хоол хүнс, хүүхдийн хувцас гээд харин ч ардаа өртэй үлддэг.
Тийм л учраас хүүхдийнхээ ирээдүйд, үгүй ядахад хичээлийн шинэ жилд нь өмсгөх будаг нь ханхалсан дүрэмт хувцас авна даа гээд цааш хийх мөнгөний тухай бодоод ч хэрэггүй. Ийм өрх дарга нарын цонхоор харагддаг жийптнүүдээс дэндүү олон байх.
Бяцхан иргэдэд очих энэ тэтгэмж хэчнээн хүүхдийн ирээдүйг өөрчлөх “зэвсэг” байсан бол гэж бодохоор үнэхээр гомдолтой байна. Их Британийн Ерөнхий сайд хүртэл нийтийн тээврээрээ зорчоод болоод байхад манай дарга нар заавал үнэтэй машин хөлөглөж явдаг зардлыг яагаад тооцож үзэхгүй байгааг асуумаар...
2012 онд хямралын үед Францын Ерөнхийлөгч өөрийн болоод сайд нарынхаа цалинг 30 хувиар хасч байсан бол тэр онд Малавийн Ерөнхийлөгч эдийн засгийн хямралтай уялдуулан цалингаасаа татгалзаж Засгийн газартаа хандивлаж байсан шүү дээ. Жинхэнэ удирдагч гэдэг энгийн ард олныхоо аяга руу өнгийлгүй эхлээд өөрсдийнхөө цалин пүнлүүнд анхаарлаа хандуулдаг жишээ энэ байх. Тэдний энэ зоримог алхам нь иргээдэд нь хямралыг даван туулах урам зориг, ухаарал хайрладаг ч байх.
Гэтэл яагаад өнөөдөр төр, засгийн удирдагчид маань хальж, асгарсан өөрсдийнхөө хөрөнгийг хамгаалж, өмгөөлөөд, оронд нь ээжүүд, бяцхан үрсийн аяга руу өнгөлзөж байгаа юм бэ. Энэ чинь мэргэн шийдвэр мөн юм уу. Үүнийг л асуумаар байна.
Өрөөл бусад улсууд хүүхэд, эмэгтэйчүүдэд очих халамж, анхаарлыг хасаж танах бус улам л нэмэх талаар анхаарч байхад бид өөрсдөө үүний эсрэг байгаад байгаа нь үнэхээр гомдолтой байна. Гуравхан сая ч хүрэхгүй хүн амтай байж ийм хөнгөн шийдвэр гаргаж болно гэж үү...

Амьдралдаа хариуцлагатай иргэдийн төлөө
Засгийн газраас гаргахаар шийдвэрлэж буй хүүхдийн мөнгө, одонтой эхчүүдийн мөнгө, жирэмсэн амаржсаны тэтгэмжийг тодорхой шалгууртайгаар хасах гэж буй нь зөв гэж үзэх хүн олон байна. Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед хавтгайрсан халамжийг цэгцлэх нь яах аргагүй цаг үеэ олсон шийдвэр гэдэг нь тодорхой байна.
Засгийн газрын мэдээлснээр 1 сая төгрөгөөс дээш орлоготой айлын хүүхдэд олгох 20 мянган төгрөгийн тэтгэмжийг хасах нь яах аргагүй зөв. Энэ бол боломжийн орлоготой өрхийн шалгуур үзүүлэлт гэдэг нь ч мэдээжийн хэрэг юм. Сарынхаа хоол хүнсийг цалин, орлогоороо хангалттай бүрдүүлж чадаж байгаа өрхөд энэ цөвүүн цагт заавал тэтгэмж олгох шаардлага угтаа алга гэдгийг оноон хэлэх нь зөв.
Угаасаа дээрх орлогын төвшнөөс доош орлоготой айлуудад энэ мөнгөн тэтгэмж яах аргагүй цагаа олсон хэрэг.
Халамж хавтгайрч, хүн бүрт тэтгэмж, мөнгө тараадаг болсноос хойш хямрал улам гүнзгийрсэн гэж үзэх хүн ч бий. Үнэн чанартаа очих ёстой эзэндээ л тэтгэмжүүд нь хүрч чадаж байвал жинхэнэ эдийн засгийн дэмжлэг болох нь мэдээж. Гэтэл өнөөдрийн Монголд хүн бүр тэтгэмж авдаг, хүн бүр төрөөсөө санхүүждэг болоод байна.
Хүний өмнөөс хүүхэд гаргасан юм шиг бусдаас гар тосоод сурчихсан өнөөгийн нийгэмд энэ нь яалт ч үгүй засах ёстой тогтолцоо юм. Улс орныхоо хөгжилд гэж хүүхэд гаргадаг хүн байдаг уу. Цаанаа харин ч өөрсдийнхөө сайн сайхны төлөө л гэж хөдөлмөрлөж, үр хүүхэд гаргаж, тэднийхээ төлөө амьдардаг.
Өөрийнхөө амьдралын өмнө өөрсдөө хариуцлагатай байх цаг нь ирээд байна. Монголчууд хэдий болтол дээрээс шар тос унаад ирнэ гэж бодож амьдрах ёстой юм бэ. Өөрсдийнхөө амьдралыг өөрсдөө л даая.
Харин “Монголжингоо”-гийн ээжүүд маань энэ сэдвээр ямар бодолтой байна вэ. Та бүхэн доорх санал асуулгад хариулаарай.
Монголхатагтай
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
