solongonews
Мал аж ахуйн орондоо зохицсон амьдрах ухаан
2017-04-19 15:45
Ерөөлт Хашаат багаар нутагтай, ажилч хөдөлмөрч, олон жил мал эмнэсэн туршлагатай малын эмч юм.

Авга хошууны Хонгоргол суурингаар сурвалжилж явахдаа хол ойрдоо алдартай малын эмч Ерөөлтийнд хүрч билээ. Ерөөлт Хашаат багаар нутагтай, ажилч хөдөлмөрч олон жил мал эмчилсэн туршлагатай малын эмч юм. Иймээс Ерөөлт мал сүргийнхээ сайн эзэн, архаг өвчнийг ч эдгээдэг сайн эмч юм. Ерөөлт бага сургуулийн сурлагын намтартай ч түүний мал эмнэлгийн мэргэжил нь аймаг даяар нэр гарсан байдаг. Жил бүрийн хавар болоход Ерөөлт бараг гэртээ суух завгүй. Авга  хошуу цаашлаад зэргэлдээ хошуу нутаг руу залагдаж мал эмнэдэг.

Мал эмнэлгийн мэргэжлийг яаж сурсан тухай асуухад: - 2003 онд нэг удаа айлд очиход малын эмч үхэрт мэс засал хийж байсан. Тэгээд нарийн ажиглаад малд мэс засал хийх тийм ч хүнд биш санагдсан. Гэртээ буцаад өөрийн гэмтсэн хоёр тугалд мэс засал хийгээд эдгэрүүлсэн. Түүнээс хойш малынхаа бага өвчин эмгэгийг өөрөө засдаг болж, эдгэрэх нь ч их хурдан байсан. Тэгээд 2005 оноос бусдын мал унааг эмнэн засаж эхэлсэн юм гэж ярив. Ерөөлт мал эмнэлгийн чиглэлд их дур сонирхолтой байдгаас ажлын чөлөө заваараа ном бичгээс мал эмнэлгийн онол  мэдлэгийг суралцдаг бөгөөд ахмад настнуудаас малын өвчин архаг засах уламжлалт аргуудыг асууж суран судалж, шинэ хуучин арга ухааныг уялдуулан хэрэгжүүлсээр ирсэн юм. Мал эмнэлгийн ажил хийсэн арван хоёр жилийн хугацаанд Ерөөлт мөн чөлөө заваараа Шилийнгол Ажил мэргэжлийн сургуульд мэргэжил дээшлүүлэн суралцахаар барахгүй  өөрийнхөө чадаж мэдэхийг сурагчдад уламжилж өгдөг.

- Би мал маллах явцдаа мал эмнэлэг сурсан болохоор мэдэж чадахаа бусдад хэлж өгнө. Олон сурагч надаас ирж асууж суралцаж байсан. Онол суралцаж байгаа сурагчид суралцахаар ирэхэд чин сэтгэлээсээ дуртай угтаж авна. Заримдаа малын эмийн дэлгүүрийнхэн ирж надаас зарим зүйлийг асууж сурдаг хэмээн Ерөөлт ярилаа.

2015 онд Ерөөлт хувиасаа 110 мянган юань гаргаж, хошууны улс төрийн зөвлөгөөнөөс 20 мянган юанийн төслийн нөхвөр авч, Хашаат мал эмнэлгийн газраа байгуулжээ. Эмнэлэг нь малын өвчин үзэж оношлох, мэс засал хийх, эм тан тавих өрөө гэхчлэн тохилог сайхан мал эмчлэх орчинтой болсон байна. Тэр: - Мал эмнэлгийн өрөөтэй болсноос хойш малын өвчин оношлох, мэс засал хийхэд илүү хялбар болсон гэж байлаа.

Ерөөлт мал эмнэлгийн ажилд ийнхүү чөлөө завгүй ажиллан жил бүр 50 мянган юанийн цэвэр орлого олдог байдаг. Мал эмнэлгийн ажилд гарамгай Ерөөлт мөн хашир малчин юм. Эднийх өмнө нь бог мал маллаж байснаа 2003 оноос бэлчээр нутагтаа зохицуулан бог малаа цөөлж, үхрийнхээ үүлдрийг сайжруулан, ичээл үрийн хээлтүүлэг хийж амжилт гаргасан билээ.

- Үүлдэр сайжруулахаас өмнө манай нэг үхэр дөнгөж 800 юань хүрдэг байсан. Харин үүлдэр сайжруулсан тугал тухайн үед 600 юань хүрч байсан юм. Тэгээд Билиг мал аж ахуйн талбайгаас дөрвөн сайн үүлдрийн үнээ авч гар хээлтүүлэг хийж эхэллээ. Од манай тугал дунджаар 5000 юань хүрч байна гэж хуучиллаа.

Эндээс үзэхэд үүлдэр сайжруулбал бараг нэг тугал дээр 2000 юанийн зөрүү гарч байв. Ерөөлт 2003 оноос эхэлж мэргэжилтэн урьж, үнээндээ ичээл үрийн хээлтүүлэг хийж байсан бол сүүлдээ өөрөө сурч, 2005 оноос хийж эхэлжээ. Ийнхүү нэг хэсэг зардлаа хэмнэж чадсанаар барахгүй бусад айлын үнээнд гар хээлтүүлэг хийж орлогоо нэмэгдүүлэх болжээ.

Мал эмнэлэгийн хашир туршлагатай Ерөөлт мал сүрэгтээ улирлын чанартай өвчин эмгэгээс сэргийлсээр иржээ.

Энэ тухай Ерөөлт ярихдаа: - Малынхаа тарга хүч, идэшний дуршил зэргийг нь ажиж байгаад өвс бордоог нь тохируулж, шим тэжээлийг нь баталдаг. Тэгвэл малдаа өвчин эмгэгээс сэргийлэх тарилгыг заавал хийдэг. Зарим малчид малын тарилгыг тоодоггүй. Миний бодлоор энэ бол буруу. Учир нь өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх нь өвчилсөн хойно эмнэхээс зардал мөнгө бага гарах бөгөөд хүч хөдөлмөр тийм их зарцуулах шаардлагагүй. Мөн шинжлэх ухаанчаар мал аж ахуйгаа эрхлэх нь тун чухал. Ер нь оюун ухаан хөдөлмөр хүчээ зарцуулдаг л юм бол малынхаа тарга хүчийг баталж, малаа өсгөж чадна гэлээ.

Сул чөлөөтэй цагийг зөв ашигладаг хүн гэж Ерөөлтийг л хэлэх байх. Тэрээр 3-6 дугаар сарын хооронд малын өвчин эмнэх ажилтай тун завгүй байдаг бол намрын хадлангийн ажил дуусаж, цаг гарвал гадна орны малын худалдаачдад зам зааж орлогоо нэмэгдүүлдэг. Өнгөрсөн жил малын наймаачин дагуулж 50 мянган юанийн цэвэр орлого олсон байна. Одоо Ерөөлтийнх 80-аад үхэр, 20-иод адуу, 50-иад хонио тарган тавтай маллаж, өнгөрсөн жилийн мал аж ахуйн орлого нь 300 гаруй мянган юаньд хүрэв.

Зохиогч: Уяьхан
Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Шилийнгол өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл