Өвөр Монголын Их Сургуулиас зохион байгуулсан “Монголын нууц товчоон" олон улсын анхдугаар хурал Улаанхад хотын Баарин зүүн хошууны Линьдүн сууринд энэ сарын 16-наас 17-ны өдрүүдэд болж өчигдөр хаалтаа хийв.

Уг хурлыг хэл, түүх, уран зохиол гэсэн гурван салбар багт хуваан оролцогчид ололт амжилтаасаа хуваалцсан юм. Энэ үеэр ӨМИС-ийн профессор Насанурт хэлний багийн, ӨМИС-ийн профессор Эрдэнэхад уран зохиолын багийн, ӨМИС-ийн профессор Буяндэлгэр түүхийн багийн салбар хурлын дүгнэлт илтгэлийг тавьсан бол ӨМИС-ийн орлогч дарга, профессор Эрхэмбаяр их хурлыг дүгнэсэн илтгэлийг хийсэн. Хаалтын ёслолын төгсгөлд хуралд хүрэлцэн ирсэн хувь хүн, албан байгууллагуудын төлөөлөл “Монголын нууц товчоон судлалын төв”-д бэлэг барив. ӨМИС-ийн хүндэт профессор, “Монголын нууц товчоон судлалын төв”-ийн дарга Бүрэнбат бэлгийг хүлээн авсны хамт уг төвийг хөгжүүлэхэд сэтгэл зүтгэл гаргаж ажиллана гэдгээ илэрхийллээ.

Уг хуралд Монгол Улс, АНУ, ОХУ, Япон, БНСУ, Хятадын Тайвань болон Хятадын их дээд сургуулийн 200 гаруй эрдэмтэн судлаач оролцсон. ХКН-ын ӨМИС дахь намын хорооны нарийн бичгийн дарга, профессор Жү Бинвэнь, “Энэхүү хуралд гадаад дотоодын олон эрдэмтэн оролцлоо. Насны хувьд 80 настай өндөр настан ч хүрэлцэн ирж оролцсон нь үнэхээр сэтгэл хөдөлгөм байлаа” хэмээн ярьсан юм. Харин ӨМИС-ийн орлогч дарга Эрхэмбаяр хурлыг дүгнэж хэлэхдээ, "Тус хуралд бодсоноос илүү олон эрдэмтэн судлаачид оролцож, төсөөлснөөс илүү олон өгүүлэл нийтлэл ирж, үүнээс 100 шилдэг өгүүллийг сонгон оролцуулсан" гэлээ.

Хоёр өдөр үргэлжилсэн эл хурал ийнхүү чансаа өндөр оролцогчидтой, хэлэлцэж буй асуудалтай өргөнтэй, ололт амжилт дүүрэнтэй арга хэмжээ болж өнгөрлөө.

