Ганц бие ээжүүд буюу хамгийн хүчирхэг баатрууд
2015-12-28 18:21
Хэчнээн хүний нүдэнд өрөвдмөөр, эсвэл золгүй нэгэн мэт харагдсаныг бас таашгүй.
Би ганц бие ээжүүдийг ингэж нэрлэмээр санагддаг юм. Яагаад гэж үү. Ах, бид хоёр ээжээрээ л энэ ертөнцийг төсөөлж, ээжийнхээ гараас хөтлөлцсөөр орчлонгийн жамтай танилцсан болохоор ганц бие ээжийн амьдралыг сайн мэднэ. Хажуунаас нь хэн нэгэн харахдаа “Ишш, зайлуул, хоёр эцэггүй хүүхэд дагуулаад...” гэж ээжийг минь хэчнээн ч олон жил чичилснийг мэдэхгүй. Хэчнээн хүний нүдэнд өрөвдмөөр, эсвэл золгүй нэгэн мэт харагдсаныг бас таашгүй.
Гэхдээ л хэлж чадах хамгийн гол зүйл бол ээж минь биднийг хүн шиг хүн болгож, зөв амьдралын ухаанд сургаж, хатуу чанга сэтгэлийн хатаар хүмүүжүүлсэн явдал юм. Магадгүй замд нь таарсан хэн нэгэнтэй дэр нэгтгээд, амьдралын хатуу хүтүүг даван туулах нэрээр хоёр үрээ олхиогүй нэгний гарт даатгаж болох л байсан.
Гэхдээ л тэр тэгээгүй. Хоосон хонохгүй, хоёр идэхгүй амьдралыг бид туулсан. Өргөн орон дээр гурвуулаа унтдаг, өглөө гурвуулаа л алба албандаа явдаг өдөр тутмын амьдрал биднийг дараа дараагийн өртөөнд хүргэдэг байсан.
Нөхөргүй болохоор нь хөөрхий ээжийг минь зарим эмэгтэйчүүд гэр бүлийн хүнтэйгээ хардаж сэрдэх, элдэв цол гуншин зүүлгэх юм бишгүй байсныг хааяахан ам халахдаа алдсан үгсээс нь би мэдэрдэг юм. Бодит амьдрал дээрээ ээж минь хэвлийдээ намайг олчихоод байхдаа хань болох хүндээ орхигдсон ч түүнээс хойш ах, бид хоёрт л үнэнч үлдсэн юм.
Ингэхдээ нэг ч удаа бидэнд гомдоллож байгаагүй. “Та хоёроос л болж би ингэж амьдарч байна” гэж буруутгаж байгаагүй. Хөхөө шиг бусдын үүрэнд үрээ орхиод одсон хүмүүс шиг тэр биднийг мартаагүй. Хажуу хавирганаас нь хаврын хавсарга шиг нэвт сүлбэх хов жив, магтаал, зэмлэл, зовлон бэрхшээлийг юман чинээ саналгүй өдгөөтэй тэр золгожээ.
Миний ээж шиг хүчирхэг баатрууд энэ орчлонд дэндүү олон бий. Үрсийнхээ төлөө газар бурхдын үүргийг давхар хашиж амьдралын нарыг халхлахгүй гэсэндээ өөрийгөө ч золиослон буян даллаж яваа ариун тэнгэрүүд. Тийм л болохоор би ганц бие ээжүүдийг харахдаа өрөвдөж, өөнтөглөж үзээгүй. Харин тэднээр бахархаж, өврөөсөө унагасан эрдэнэсээ чинээнд нь тултал гялалзуулах гэж өөрийгөө ч золиослон амьдарч яваа нэр төртэй сэтгэхүйгээр нь бахархдаг.
Тийм ээ, энэ орчлонгийн эрээн бараанаас дэгдээхэй үрсээ өмөөрч үлдсэн ганц бие ээжүүд хамгийн хүчирхэг баатрууд!
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
