Гэсэн хэдий ч эдийн засгийн хурдацтай хөгжлөөс үүдэлтэй нөөцийн замбараагүй ашиглалт, хэт их ашиглалт зэрэг асуудлууд нь Хөхмөрөний экологид дарамт авчирсан. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт зэрэг хүчин зүйлсийн давхар нөлөөллөөр үер ус, ган гачиг, биологийн төрөл зүйл эрс буурах, гол мөрний эрэг дагуух хөрсний элэгдэл зэрэг экологи, байгаль орчны асуудал улам хурцдаж байна.
Үерийн хяналт, усны хадгалалтыг зэрэг анхаарах нь
Усны ашиглалтын яамны Хөхмөрөний усны ашиглалтын зөвлөлийн Үер, гангийн гамшгаас урьдчилан сэргийлэх товчооны орлогч дарга Жэн Жин хэлэхдээ:
- Усны ашиглалтын төслийн үерийн эсрэг үйл ажлыг бүрэн дүүрэн тодруулж, Хөхмөрөний аюулгүй байдлыг хамгаалах нь Хөхмөрөний сав газрын менежментийн тэргүүлэх үүрэг юм гэлээ.
2021 онд улсын хэмжээнд аадар бороо ойр ойрхон орж, Хөхмөрөний сав газрын 156 ус судлалын станцын даац хэтрэх, үер үүсэх зэрэг гамшиг болсон. 09 дүгээр сард “2021 оны Хөхмөрөний 1-р үер” үүссэн бол Ханьжян мөрний сав газарт 20 жилд тохиогоогүй намрын их үер үүссэн зэрэг үертэй тэмцэх нөхцөл байдал маш хүнд байлаа.
Хөхмөрөний 1-р үерийн эсрэг үйл явцад Гурван хавцлын усан сангийн үерийг таслан зогсоох үйл ажлыг явуулахын зэрэгцээ Жиньша мөрний доод урсгалын Ү Дүндэ, Бай Хэтань, Ши Лүөдү, Шян Жяба зэрэг усан сангуудыг ашиглан үерийг хааж, Жиньша мөрний үерийн урсгалыг секундэд 6500 шоо метр болгож бууруулсан байна.
- Гурван хавцал болон дээд урсгалын усан сангууд нийтдээ 11.6 тэрбум шоо метр үерийн усыг хуримтлуулж, Шашы, Чэн Линжи дэх усны түвшинг анхааруулах дохионы түвшнээс доош 2.1-3.2 метрт хязгаарлан, дунд ба доод урсгалын сав газрын үерийн аюулаас сэргийлэх дарамтыг мэдэгдэхүйц бууруулсан гэж Жэн Жин ярилаа.
Ханьжян мөрний намрын үерээс урьдчилан сэргийлэх үйл явцад усан сангийн бүлгүүдийн шинжлэх ухаанч, нарийвчилсан ажиллагаа мөн гайхалтай үр дүнд хүрсэн. Дань Жянкөү, Шы Чюань, Ань Кан, Пань Көү, Хуан Лүнтань, Я Хэкөү зэрэг үндсэн болон салбар голын усан сангуудыг нэгтгэж, үерийн усыг хаав. Ханьжян мөрний сав газрын анхааруулах дохионоос хэтэрсэн хоногийн тоог 8-14 хоногоор богиносгож, Дань Жянкөүгийн доод урсгалын усны түвшинг баталгаат хэмжээнээс давахаас сэргийлэн, Дү Жятай үерийн ус агуулах бүсийг ашиглалтад оруулав.
Үерийн гамшиг хэцүү боловч зөв зохицуулж чадвал нөөц болгон ашиглаж болдог. Ус, цаг агаарын урьдчилсан мэдээ болон голын дээд урсгалын усан сангуудын ашиглалтын нөхцөл байдлаас үндэслэн Хөхмөрөний зөвлөлөөс Дань Жянкөү усан сангийн гадагшлах урсгалыг оновчтой зохицуулж, долоо дахь удаагийн үерийн үйл явцыг ашиглан үерийг хязгаарлах, ус хуримтлуулах давхар зорилтыг биелүүлэв. Тухайлбал Ханьжян мөрний дунд ба доод урсгалын усны хэмжээ анхааруулах дохионоос хэтрээгүй, Дань Жянкөү усан санд 170 метр хэвийн түвшин хүртэлх хэмжээний ус хуримтлуулсан нь үерийн аюулгүй байдлыг хангаснаас гадна Дань Жянкөү усны сангийн усан хангамж, эрчим хүчний хангамж зэрэг иж бүрэн үр ашгийг бүтээхэд суурь тавьжээ.
Хөхмөрөний зөвлөлөөс Ханьжян мөрний сав газрын хур борооны хэмжээг 10 гаруй хоногийн өмнөөс урьдчилан таамаглаж, Дань Жянкөү усан сангийн үерийн оргил үе болон үерийн үйл явцыг 1-3 хоногийн өмнө оновчтой таамаглах боломжтой учраас хамтарсан зохицуулалтын ажилд цаг хугацааны талд маш чухал ач холбогдол өгдөг байна.
Хөхмөрөнд хүч нэмэх нь
Усны ашиглалтын төслүүд нь үерээс урьдчилан сэргийлэх, усан хангамж, эрчим хүч, усан тээвэр зэрэг салбарт асар их хувь нэмэр оруулдаг боловч тэдгээрийг бүтээн байгуулахын тулд сав газрын гидрологи, гидродинамик нөхцөлд мөн өөрчлөлт гаргадаг.
Хятадын Шинжлэх Ухааны Академийн Усны инженерчлэл, экологийн судалгааны хүрээлэнгийн дэд ерөнхий инженер Хуан Даомин хэлэхдээ:
- Аль эрт 1992 онд Гурван хавцлын төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайланд Хөхмөрөний дунд ба доод урсгалын загасны амьдрах орчинд үзүүлэх нөлөөллийн талаар дурдсан байдаг. Тухайн үед санал болгож байсан “хиймэл үерийн оргил” гэдэг нь Хөхмөрөний дунд урсгалд оршин амьдрах загасны дөрвөн төрлийг үржлийн үед нь тохиромжтой усны болон гидродинамик нөхцөлөөр хангах явдал болно. Энэ нь загасны оршин амьдрах нөхцөл байдалд маш ашиг тусаа үзүүлдэг гэлээ.
Экологийг нөхөн сэргээх үүднээс хэрэгжүүлсэн Гурван хавцлын төслийн зохицуулалтын энэхүү үйл ажиллагааг “Экологийн зохицуулалтын туршилт” гэж нэрлэдэг. 2011 оноос хойш Хөхмөрөний зөвлөл нь жил бүрийн 05-06 дугаар сар хүртэл үерийн улирал эхлэхээс өмнө Гурван хавцлын усан сангийн нөөцийг чөлөөлөх боломжийг ашиглан “Загасны дөрвөн аймаг”-ийн үржлийг дэмжих экологийн зохицуулалтын туршилтыг хийх болов. Загасны энэхүү дөрвөн гол төрөл нь Хятад улсын цэнгэг усны загасны аж ахуйд чухал ач холбогдолтой юм. Тиймээс экологийн зохицуулалт нь тэдний үр хөврөлд ашигтай өндөр чанарын усан сангийн нөөцийг хамгаалахаас гадна тэдэнтэй ижил төстэй амьдралын зуршил бүхий бусад загас үржин төлжихөд мөн ашигтай байдаг.
Хөхмөрөний дөрвөн гол болох загасны төрлийн үржлийн хэмжээ ихээхэн нэмэгдсэнийг олон жилийн мониторингийн тоо баримт харуулж байна. 2019 оны экологийн зохицуулалтын хугацаан дахь загасны үржлийн хэмжээ 3 тэрбум орчим байсан нь 2011 оны экологийн анхны зохицуулалтын үеэс 50 дахин нэмэгджээ.
Үр дүнтэй ашиглан, ногоон байгууламжийг дэмжих нь
Жянсү мужийн Наньжин хотын Багуа жөүгийн эрэг нь хөхрөн ногоорч, энэхүү Хөхмөрөний гурав дахь том арлыг маргад эрдэнийн үсний чимэглэлээр гоёсон мэт харагдана. Багуа жөүд Хөхмөрөний 30 гаруй км эрэг харьяалагдах бөгөөд 2000 оноос хойш газар нутгийн давуу талд тулгуурлан хөлөг онгоцны үйлдвэрлэлийг хөгжүүлж ирсэн. Багуа Жөүгийн өмнөд эрэг дэх 4 км хүрэхгүй зайд нэгэн зэрэг нийт 21 усан онгоцны үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байсан түүхтэй бол өндөр даралтын насосоор элс цацах нь агаарыг бохирдуулж, үйлдвэрлэлийн хэт нягт зохион байгуулалт, өргөн хүрээтэй хөгжлийн загвар нь мөрний гол дахь энэхүү “ногоон арал”-д экологийн хүнд дарамт учруулж байсан.
2018 оноос хойш эндэх үйлдвэрлэлийн шугамыг цэгцэлж эхэлсэн. 2020 оны эцэс гэхэд усан онгоцны 21 үйлдвэрийг бүгдийг нь зогсоож, Хөхмөрөний 8.8 км эргийг хөрсөөр хучих, мод тарих замаар нөхөн сэргээжээ. Улмаар намгархаг газрын үзэмж үйлдвэрлэлийн цехийг орлож, мөрний гол дахь “ногоон арал” өнгө төрхөө сэргээв.
2017 оноос хойш Усны ашиглалтын яам холбогдох газруудтай хамтран Хөхмөрөний гол урсгалын эрэг орчмын ашиглалтын төсөлд иж бүрэн зохицуулалт хийх болов. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Хөхмөрөний менежментийн бүс дэх нийт 2.38 сая метр квадрат хууль бус барилга байгууламжийг нурааж, эрэг дагуух 162 километр газрын доторх дэд бүтцийг нүүлгэн шилжүүлснээр 12.25 сая метр квадрат талбайг дахин ногоон байгууламжаар хучин, 2441 хууль бус төслийг бүрэн залруулав.
2021 онд Хөхмөрөний зөвлөл нь сав газрын 19 муж /Өөртөө Засах Орон, шууд харьяа хотын захиргаа/-тай гол мөрөн, нуурын тогтолцооны хамтын ажиллагааны механизмыг байгуулж, бүс нутаг хоорондын хэлэлцүүлэг, зохицуулалтын платформоор дамжуулан Хөхмөрөний сав газрын гол мөрөн, нуурын хамгаалалтын урт хугацааны механизмыг бий болгожээ.
- Олон мужууд гол мөрний хамгаалалтын зөвлөлийн дарга нарын хурал, дарга нарын эргүүл, гэнэтийн судалгаа, хяналт шалгалт зэрэг арга барилаар дамжуулан орон нутгийн ажлыг удирдан жолоодсон. Хөхмөрөний гол урсгалын эрэг дагуух ашиглалтын төслийг цэгцлэх ажлын явцад муж, Өөртөө Засах Орон, хотын захиргаа нь орон нутгийн гол мөрний хамгаалалтын зөвлөлийн дарга нарын хариуцлагыг тодорхой зааж, холбогдох бүх газруудын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулж, хууль сахиулах тусгай баг, ажлын багийг байгуулан, үүрэг хариуцлагын тогтоолцоог хэрэгжүүлсэн.
- Дараагийн алхамд бид Хөхмөрөний хамгаалалтын хуулийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, Хөхмөрөний сав газрын эрэг дагуух бүс нутгийн хамгаалалт болон төлөвлөгөөтэй ашиглалтын тогтолцоог төгөлдөржүүлэх ажлыг түргэтгэнэ. Мөн эрэг дагуух бүсчилсэн удирдлага, ашиглалтын хяналтыг чангатган, хиймэл дагуул, видео хяналт, дрон зэрэг технологийг бүрэн ашиглаж, гол мөрөн, нуурын динамик хяналт, гол мөрөнтэй холбоотой бүтээн байгуулалтын төслүүдийг бүхэлд нь хянах ажлыг хэрэгжүүлнэ гэж Ше Зүөтао ярилаа.
