solongonews
М.Бямбаа: Эмэгтэй хүн жаахан л хичээхэд гоо үзэсгэлэнгээ бүтээж чадна шүү дээ
2015-12-28 18:21
Салбар, салбартаа манлайлагч болсон хүчирхэг бүсгүйчүүдийг "Mongoljingoo.mn" онцолж байна. Энэ удаад Монголын урлагийн ертөнц, бүжгийн хүрээнийхний сайн танил ҮДБЭЧ-ын бүжигчин М.Бямбааг урилаа. Түүнтэй уран бүтээл, үзэл бодол, хувийн амьдралынх нь тухай ярилцсанаа хүргэж байна.

Уйдах завгүй амьдрах сайхан 

 
-Анхны бороо ороод л. Гадаа хавар цаг иржээ?
-Гэхдээ өдөр нь цас болоод хувирчихаад байна шүү дээ. Би анхны бороо орохыг үүрээр нь мэдсэн. Зүүдэнд борооны чимээ сонсогдох шиг болоод цонхоо онгойлготол хаврын анхны бороо орж байсан. Борооны шаагих чимээнээс сайхан мэдрэмж, эрч хүч авлаа. 
 
-Анхны бороо үргэлж дөрөвдүгээр сард ордог. Харин энэ жил нэлээд эрт орчих шиг боллоо?
-Ийм эрт орсон болохоор удахгүй дулаарах байх. Гэхдээ би хавраас илүү намарт дуртай. Зун дуусаад, хүйтэн ч биш, халуун ч биш. Мөн шороо босдоггүй учир агаар хүртэл цэнгэг байдаг юм. Сэтгэл хөглөөд ч байх шиг нэг л өөр мэдрэмжийг намар надад өгдөг. 
 
-Дуртай улирлын чинь тухай ярилаа. Одоо танд юу бодогдож байна?
-Хурдан дулаараасай гэж хүсч байна. Урт өвлийн дараа нарны туяа цонхоор тусч, цэцэг дэлгэрэхийг харах сайхан шүү. Энэ өвөл их ачаалалтай ажиллалаа. Саяхан “Оройн дээд” түүхэн дуулалт жүжгээ амжилттай нээсэн. Мөн “Монголын их хатад” бүжгэн жүжгийн бэлтгэлтэй байна. СУИС-ийн магистрийн ангид орж, оюутан болсон гээд амьдрал минь уйдаах зав олголгүй өрнөж байна. 
 
-Өдөр бүр бэлтгэл болон тоглолттой болохоор охиндоо цаг, зав зориулах нь бага байна уу?
-Ажлынхаа хажуугаар охиндоо цаг гаргадаг. Саяхан урлагийн үзлэгээр нь монгол бүжиг зааж өгсөн. Сургуулийнхаа бүжгийн аварга болсон шүү. Миний охин хөгжмийн сонсголтой, мэдрэмжтэй. 
 
 

Охиндоо мэргэжлээ өвлүүлэхийг боддоггүй 

 
 
-Ингэхэд, охин чинь хэдэн настай билээ
-Одоо 9 настай. Бага ангийн сурагч. 
 
-Охиндоо хэр зөөлөн багш вэ?
-Өөрийнхөө хүүхдэд бүжиг заах хэцүү юм билээ. Би их хатуу багш. Чадахгүй бол уйлтал нь загнана. Чи заавал нэг зүйлд зорьсон бол түүнийгээ сурахын төлөө хичээж, хөдөлмөрлө гэдэг.  Хүүхдийн өөрийнх нь сонирхол ч гэлээ би охиноо ээжийнхээ мэргэжлийг өвлөөсэй гэж боддоггүй. 
 
-Яагаад. Харин ч охиныхоо бүжиглэхийг харах сайхан биш гэж үү?
-Би бүжигчин хүний жаргал, зовлонг мэддэг. Охины минь хувь заяа хаашаа дуудна түүнийг нь л харах байх. Өөрөө бүжиглэх дуртай ч бүжигчин болно гэж ярьдаггүй юм. Одоогоор шүдний эмч болно гээд л гүйж яваа. Аргагүй биз дээ, нялх юм чинь. 
 
-Ээж, охин хоёр хэр дотно вэ?
-Бид үргэлж ярилцдаг. Гэхдээ нарийн, нандин зүйлээ тэр бүр надад ярьдаггүй. Хамгийн сүүлд охинтойгоо “Hunnu mall”-д тэшүүрээр гулгасан. Охины маань төрсөн өдөр гуравдугаар сарын 20-нд, минийх 22-нд нь болдог юм. Хамт гадуур гарч, төрсөн өдрөө тэмдэглэсэн. Охиныхоо хүүхэд насыг нь дурсамж дүүрэн, аз жаргалтай өнгөрөөхсөн гэж хүсч байна.
 
-"Зэрлэг цэцэгсийн хүлэмж"-ийн Яргуйн дүрийг бүтээснээс хойш үзэгчид өөрийг тань мэддэг болсон. Амьдралын хэв маяг тань хэрхэн өөрчлөгдсөн бэ?
 -Яргуйн дүр их хөнгөн, гэнэн хонгор. Тэгсэн мөртлөө нийгмийн нэг хэсгийн дуу хоолой болсон. Би жүжигчин биш учир хүндрэлтэй зүйл олон байсан. Манай “Хувьсал”-ын жүжигчид тусалж, зааж зөвлөсөн. Кино нээлтээ хийсний дараа хүмүүсээс олон талын хандлага ирж байгаа нь мэдрэгдсэн. Намайг таньдаг хэсэг хүн “Чамаас ийм зан төрх гарлаа гэж үү” гэхэд нөгөө хэсэг нь угаасаа л ийм хөнгөн бүсгүй мэтээр харж, харьцах гэдэг. Харин харьцаад, надтай ярилцсаныхаа дараа зөвөөр ойлгох жишээтэй. Би Яргуй гэдэг эмэгтэйн дотоод сэтгэлийн сайхныг харуулахыг хичээсэн. 
 
-Киноны дараа танилцах санал хэр ирсэн бэ?
-Цахим хуудсаар хүмүүс их хандсан. Танилцъя, уулзъя ч гэдэг юм уу. Гэхдээ би энэ хүмүүсийг намайг Яргуйн дүрээр төсөөлж, харсан учир ийм хандлага ирүүлж байна гэж ойлгосон. Харин тэднээс илүү урам өгсөн хүн олон байсан шүү. 
 
 

Эр хүний хайр халамжийг би аавынхаа хайраар л төсөөлдөг

 
 
-Хувь хүн Бямбаад ямар залуу таалагддаг вэ?
-Аливаад зорилготой, мөрөөдөлтэй хүн л сайхан. Мөн эр хүн өөртөө итгэлтэй, аливаад дайчин занг суулгах хэрэгтэй ч юм шиг. 
 
-Анхны хайрын тухай нандин дурсамж сэтгэлд чинь байдаг байх. Нууц биш бол сонирхуулаач?
-Анх дөрөвдүгээр ангидаа ангийнхаа хөвгүүнээс захиа авч байсан. Эргээд санахад “үерхье” гэж бичсэн байсан санагдана. Тухайн үед би өвдөөд, гэртээ байсан чинь захиа бариад манайд ирж байсан. Тэр л санаанаас гардаггүй юм.
 
-Эр хүний хайр халамжийг та юутай зүйрлэх вэ. Хүссэнээрээ хайрлуулж чаддаг уу?
-Эр хүний хайр халамжийг би аавынхаа хайраар л төсөөлдөг. Миний аав таван охиноо хайр халамжаар дутаахгүй өсгөсөн. Охин хүүхэд өсгөх хэчнээн хэцүү билээ. Биднийг эрэгтэй хүний гар харуулахгүйгээр, өдий зэрэгт хүргэсэн. Тиймээс эцгийн хайр л агуу юм даа. 
 
-Тиймээс л бүсгүй хүн аав шигээ эр хүнийг хүлээдэг байх аа?
-Тэр хамгийн үнэн. Аав шигээ хүнтэй учрахсан, тэр л хайрыг нь мэдрэхсэн гэсэн хүсэл бий. Би аавыгаа санасандаа хүртэл баярлуулж, санааг нь зовоохгүй, сэтгэлийг нь чилээхгүйгээр, ядахдаа өөрийгөө хүн шиг аваад явчих юмсан гэж боддог юм. 
 
-Багадаа та аавын хайртай охин байсан. Одоо ч эрх хэвээрээ юу?
-Хааяа аавдаа эрхэлж, тунина. Биднийг бага байхад аав, ээж хоёр улсын байгууллагад ажилладаг байлаа. 1990 оноос хойш хувиараа худалдаа хийдэг болсон юм. Энэ хоёр минь их хөдөлмөрч. Аав минь заазуур хийж зах дээр зардаг байсан. Харин ээж савхины өөдсөөр хүрэм, энгэсэгний сав хийгээд их дэлгүүрт худалддаг байлаа. Биднийг өлсгөхгүй, юмаар дутаахгүй гэсэндээ Хятадаас бараа зөөж, ганзагын наймаа эрхэлсэн. Таван охиноо ч хөдөлмөрт сургасан, мөнгөний үнэ цэнийг мэдрүүлж өсгөсөн. 
 
 

Өнгөрсөн амьдралаасаа хэзээ ч ичихгүй 

 
-Та бас аав, ээжтэйгээ наймаа хийдэг байсан шүү дээ?
-Багадаа Дэнжийн 1000-ын зах дээр ундаа зардаг байсан. Ундааны цехээс 50 төгрөгөөр аваад 80 төгрөгөөр зарна. Бүлээн болчихоор нь хажуу талынх нь жижигхэн горхинд хөргөөд “Ундаа аваарай, ундаа аваарай” гээд суудагсан. 
 
-Зарим хүн өнгөрсөн амьдралаа ярихаас ичдэг?
-Би хэзээ ч ичихгүй. Хүний л амьдрал шүү дээ. Харин ч ээж, аав минь амьдралын ухаан, ажил хийх арга барилыг багаас минь сургаж дээ гэж баярладаг. Ингэж амьдарсан минь одоо надад хэрэг болж байна.
 
-Хүн амьдралаас таашаал авах ёстой юм болов уу. Эсвэл мөнгөнөөс үү?
-Хүн хийж байгаа зүйлээсээ л амьдралын таашаалыг авдаг. Би мөнгөгүй ч гэсэн аз жаргалыг цогцлоож чадна. Сайхан гэр бүлийг цогцлоогоод, элэг бүтэн байх шиг жаргал хаана байх вэ. Би хэн нэгнийг дууриаж “Lexus” унаад яах юм, юу өөрчлөгдөх юм. Бямбаа, Бямбаагаараа л байна шүү дээ. 
 
-Тэр сайхан сэтгэлийн жаргалыг та одоо юунаас мэдэрч байна?
-Охиноосоо болон уран бүтээлээс л мэдрэх юм. Ядраад очиход өөдөөс шулганаад гүйх охин минь, эрч хүч урам зориг өгсөн ажил минь байгаа болохоор энэ хорвоод би юугаар ч дутаагүй баян эмэгтэй. 
 
-Та сэтгэлээрээ баян гэлээ. Тэр хэмжээгээрээ бас хүчирхэг байх?
-Хүчирхэг гэдэг үг сэтгэлийг илэрхийлэх байх. Эмэгтэй хүн дотроосоо хүчтэй байх хэрэгтэй. Хийж буй ажил, амьдралаа яаж авч явж байгаагаар нь түүний хэр хүчирхэг эмэгтэй вэ гэдгийг тодорхойлж болно. Харин гаднаасаа, дотроосоо ч хүчирхэг эмэгтэй гэвэл би “Хувьсал” продакшны Урнаа эгчийгээ хэлнэ. Харах, уулзах бүрт түүнээс эрч хүч мэдрэгддэг юм. 
 

Муухай эмэгтэй гэж байдаггүй

 
-Бүжигчин ч гэлээ бүсгүй хүн л юм чинь таргалж, турах асуудал гардаг байх. Энэ асуудлыг яаж шийддэг вэ?
-Бидний ажлын хөтөлбөр их шахуу байдаг. Драмын театртай нэг тайзтай. Тиймээс тайз олдсон үед байнга бэлтгэл
хийдэг. Ачаалалтай ажиллахаар жаахан турна. Харин театрын жүжгүүд эхлэхээр ачаалал арай багасдаг юм. Энэ үед жин нэмэх талтай. Аль болох бэлтгэл, сургуулилтаа зохицуулж, хөдөлгөөнтэй байхыг хичээдэг. 
 
-Та спортоор хичээллэдэг биздээ?
-Би өдөр бүр gym-д явдаг. Биеийнхээ галбирыг хадгалахаас гадна хөлсөө гаргаж, фитнессээр хичээллэх дуртай. Одоо бүр сурчихаж. Нэг өдөр л явахгүй бол бие хөшөөд байх шиг эвгүй байдаг юм. Дасгал, сургуулилт хийх бүрт булчин чангараад, эрч, хүч мэдрэгддэг шүү. Охидууддаа фитнессээр хичээллээрэй гэж захимаар байна. 
 
-Таны арьс толигор, чийглэг юм. Яаж ийм сайхан байлгаж чадаж байнаа?
-Арьсаа амраах чухал юм билээ. Бид мэргэжлийн онцлогоос шалтгаалаад тайзан дээр зузаан, хурц будаж гардаг. Энэ үед арьс гэмтэнэ, ядарна. Тиймээс аль болох амарсан өдрөө будаггүй байж, тэжээл өгөх хэрэгтэй. 
 
-Та одоо ч будаагүй байх шиг байна. Гэхдээ л хөөрхөн юм?
-Баярлалаа. Би муухай эмэгтэй байдаггүй гэж боддог. Өөртөө жаахан цаг зав гаргаад арчаатай байхад л ямагт үзэсгэлэнтэй байж чадна. Манай монгол эмэгтэйчүүд өвөрмөц төрхтэй, байгалиасаа л сайхан төрдөг шүү дээ. 
 
-Гадаад гоо сайхнаас илүү сэтгэлийн гоо сайхан бүсгүй хүнд чухал байх?
-Жаргалтай эмэгтэй гэрэлтдэг. Тэр ямар ч будаггүй байсан сайхан харагддаг шүү дээ. Сэтгэлийн амар амгалан гэдэг амьдралын хамгийн чухал зүйл. Гэхдээ охид бүсгүйчүүд минь урд чинь таарсан жаахан саад бэрхшээлд битгий шантарч, бүдрээрэй. Түүнийг даваад гарах сэтгэлийн тэнхээ, хатуужилтай байх хэрэгтэй шүү.        
 
-Манай сайтаар дамжуулаад үеийнхээ залууст, ирээдүй болсон дүү нартаа зориулж юу гэж хэлэх вэ?
-Бие биедээ хүнлэг хандаж, нэг нэгнээ хайрлах сэтгэлээр баян байгаасай гэж хүсэх  байна. Нэг согтуу хүн замын голд уначихаж гэнэ. Хажуугаар нь зөрж өнгөрсөн залуу тэр хүнд тусалчих юмсан гэж бодтол хоёр охин тэр хүнээс сэжиглэсэн шинжгүй өргөөд замын цаана гаргачихаж. Тиймээс  би ийм сэтгэлтэй хүн олон байгаасай гэж хүссэндээ ярьсан юм. Хүнийг гаднаас нь дүгнэх биш. Чин сэтгэлээсээ хайрлаж, тусалж явбал тэр сэтгэл нь эргээд таны амьдралыг гэрэлтүүлнэ гэдэгт итгэдэг.   
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл