Бид энэ удаад Монгол Улсын Төрийн соёрхолт, Олон улсын шагналт, "Болор Цом"-ын эзэн, Д.Нацагдоржийн шагналт их найрагч, сэтгүүлч Ц.Бавуудорж, МЗЭ-ийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч, сэтгүүлч Б.Мягмаржав, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, сэтгүүлч О.Цэнд-Аюуш нартай хөөрөлдсөнөө та бүхэндээ хүргэе.
- Та бүхэн аяллынхаа эхний өдөр Өвөр Монголын музейтэй танилцлаа. Өвөр Монгол оронд хэд дэх удаа ирж байна, аяллын зорилго, ямар баг бүрэлдэхүүнтэй явж байна вэ гэдгээс яриагаа эхэлье?
Ц.Бавуудорж: - Сайхан хаваржиж байна уу, та бүхнийхээ амар амгаланг айлтган мэндчилье. Баг бүрэлдэхүүний хувьд манай сэтгүүлч, яруу найрагч Б.Мягмаржав Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн жүжгийн чиглэлээр радиогийн уран бүтээлээ хандуулан ажилладаг. МЗЭ-ийн шагналт, “Болор цом” наадмын гурван удаагийн дэд байрын шагналт яруу найрагч, сэтгүүлч О.Цэнд-Аюуш “Нийгэм, хүмүүс” шууд нэвтрүүлгийг хариуцаж, хөтөлдөг. Аяллын багт маань МҮОНР-ийн "Нийгмийн нэвтрүүлгийн алба"-ныхан бүрэлдэхүүнээрээ явж байна. Манай сэтгүүлч, яруу найрагч Х.Дугарсүрэн, редактор Ө.Цогт-Эрдэнэ, Н.Хоролсүрэн, Б.Дуламсүрэн, МУСТА, яруу найрагч, сэтгүүлч Н.Баасанжав нарын хамт олон аяллын багийг бүрдүүлж байна. Ер нь бид “Талын дуу хоолой” радиогийн хамт олонтой уран бүтээлийн чиглэлээр харилцаа холбоотой байдаг. Харилцан нэгнийхээ бэлтгэдэг нэвтрүүлгүүдийг анхааралтай чагнаж, талархан дэмждэг. Цаашдаа ажил төрлийн чиглэлээр улам сайн холбоо хэлхээтэй болохоос гадна, ерөнхийдөө албан ажил, аяллын зорилгоор ирлээ. Энэ сайхан боломжийг бүрдүүлж өгсөн уран бүтээлч, МҮОНР-ийн Нийгмийн нэвтрүүлгийн албаны унаган сэтгүүлч, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, хэл бичгийн ухааны доктор Л.Мөнхтөр найаргчдаа бидэнд гүүр болж, энэхүү аяллыг илүү утга учиртай болгож өгсөнд нь их баярлаж байна.

О.Цэнд-Аюуш: - Энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Үнэнийг хэлэхэд Хөххотод анх удаа ирж байна. Хөххот их сайхан хөгжиж буй хот юм байна. Миний хувьд ах, дүү Өвөр Монгол минь хөдөө мал ахуйгаа маллаад хэрхэн яаж аж төрдөг юм бол гэдгийг илүү сонирхож байна, ер нь үзэж харах зүйл олон бий. Ерөнхийдөө хэвлэл мэдээлэл, интернэт хөгжсөн болохоор Өвөр Монголчуудынхаа тухай мэдээллийг цаг тухайд нь авчихдаг.
Б.Мягмаржав: - Миний хувьд бас анх удаа ирж байна. Элэг нэгтэй Өвөр Монгол ахан дүүсийнхээ бүтээн байгуулалтыг хараад бахархаж явна. Хамгийн сэтгэгдэл төрүүлсэн нь ойжуулалт, модыг яаж тарьж болдгийг үнэхээр тод харуулсан. Өндөр барилгаасаа илүү өргөн сайхан цэцэрлэг бий болж байгаад нь маш их баяртай явна. Угтаж авсан бүх уран бүтээлчид, элэг нэгтэй ахан дүүстээ их баярлалаа.
Ц.Бавуудорж: - Бид аяллын эхэнд музей үзлээ. Уран бүтээлчдийн хамгийн хорхойсон очдог газар бол музей. Тэндээс салбарлаад олон зүйлийн ойлголт авах, олон уран бүтээлийн жим зам гаргах бололцоотой. Музейг зүгээр үзээд өнгөрөх нь нэг хэрэг юм. Харин тэндээс түүхэн дурсгалт буюу яг энэ хэсгийг дахин нухацтай сайн үзэх хэрэгтэй юм байна гэх үзэгч ч бий. Миний хувьд дахин ирэх зам жим үлдлээ гэж бодож байна. Энд амьдардаг олон сайхан сэтгүүлч, яруу найрагчидтай бид танил, харилцан холбоотой. Ялангуяа, зохиолчдын салбарын чиглэлээр олон сайхан өргөн харилцаа тогтоосон, аль хэдийнээс зүрх сэтгэлийн халуун хэлхээ холбооны гүүрийг тавьсан. Бас зам зуур ойжуулалт, цэцэрлэгжилт, нүцгэн уулсад суулгасан модод, төгөлүүдийг харж явахад бахархмаар санагдаж байна. Энэ ард түмний байгаль дэлхийдээ хандаж байгаа халуун дулаан сэтгэлийг мэдэрлээ. Бид яруу найрагчид учраас дэлхийн хаана ч явсан энэ жижигхээн цэнхэр дэлхийгээ экологийнх нь талаас шарх сорвигүй байгаасай гэж залбирдаг. Бас Өвөр Монголын 70 жилийн ойн өвөрмөц он цагийн сонирхолтой давтамж таарсан учраас бүтээн байгуулалтынх нь өнгө төрх бүр ч илүүтэй сайжирч, хүмүүс нь эрвийх дэрвийхээрээ ажиллаж байгаа нь илт харагдаж байна.
- Танайх радио нэвтрүүлгээрээ Өвөр Монголчуудынхаа бүтээлийг хэр сайн хүргэдэг вэ?
Ц.Бавуудорж: - Радиогийн Урлаг соёлын редакцийн “Найраг хөгжөөх цаг” гэж их олон сонсогчтой тогтмол нэвтрүүлгээр Өвөр Монголын зохиолчдын бүтээл тасралтгүй явдаг. Түүнээс гадна, одоо Бээжинд ажиллаж байгаа “Болор цом”-ын эзэн яруу найрагч До.Болдхуяг Өвөр Монголын зохиолчдын ном бүтээлийг кирилээр хөрвүүлээд монголдоо хэвлүүлж, түгээсэн. Бидний дунд уран бүтээлийн сайхан зам жим тавьсанд нь Болдхуягтаа баярлаж явна. Би гурван ч номонд өмнөтгөл бичсэн, манай Цэнд-Аюуш, Мягмаржав нар маань ч гэсэн өмнөтгөл бичсэн байдаг. Хамгийн гол нь зүрх сэтгэлийнх нь халгиа цалгиа шингэсэн тэр номуудыг уншигчдад хүргэж байгаа нь их буян юм.
Б.Мягмаржав: - Сүүлийн жилүүдэд уран бүтээлчид бид бие биесээ ойлголцон, нэгнээ мэдэрч, сэтгэл нэгдэж байгаа нь их сайхан. “Өвөр Монголын яруу найргийн дээжис” гэж их сайхан ном гарсан зэрэг олон жишээ бий. Монголчууд маань бас кирил бичгээ босоо монгол бичигтэй хослуулан номоо гаргах болсон. Үүнээс гадна, Өвөр Монголчууд маань монголоороо дамжуулж Европын соёлтой танилцахын тулд кирил бичгийг сурах хандлага ихэссэн. Энэ хоёр талаасаа нийлээд нэгэн цул болоод хос морьтой хослон явбал дэлхийн уран зохиол дэргэд байна аа л гэж хэлэх байна даа.
О.Цэнд-Аюуш: - Залуучууд бид Өвөр Монголын зохиолчид, яруу найрагчидтай их ойр дотно байдаг. Тэр дундаа Алшаагийн Буянбат, Энххад гээд сайхан яруу найрагчид, номын ах нарыг нэрлэж болно. Мөн одоо Бээжинд сууж байгаа Япон улсад эрдмийн зэрэг горилоод ирсэн, би хувьдаа том яруу найрагч гэж боддог Буянхишиг гээд номын садан, ах дүүстэйгээ ойр харилцаатай. Ялангуяа, яруу найргийн бүтээл нь их сайхан санагддаг даа. Бидний нөхөрлөл их ойр дотно сайхан.
- Ер нь та бүхний хувьд Өвөр Монгол орон чухам яагаад Танил дотно юм бэ?
Ц.Бавуудорж: - Зохиолчид бид түүх шаштир, соёлынхоо агуу сайхан өв сан уруу гүн орох хүсэлтэй. Энэ алтан сайхан хөмрөг рүү өөр өөрсдийнхөө хэрээр орж, уран бүтээл туурвиад зогсохгүй, түүгээрээ дамжуулан сануулах, сэрээх, хүний сэтгэлд хөг нэмэх зорилго аяндаа гарч ирдэг. Тухайлбал, миний сүүлийн арваад жилийн туршид бодож, эрж хайж байгаад бичсэн “Хүннү туульс” гэж томоохон хэмжээний найраглал бий. Үүнийг бичихийн тулд багагүй цаг хугацаа зарцуулсан, мөн судалгааны явцад монгол үндэс угсаатан гэдэг хүн төрөлхтний дунд ямар байр суурьтай байх ёстой юм, ямар байсан юм гэдгийг мэдэж авахад тэр түүхэн шижмүүдээр жижиг жижгээр бэдэрсээр яваад би өөртөө тодорхой нэгэн ертөнцийг бий болгосон. Энэ нь уран бүтээлч бидний насан туршийн үүц байх ёстой. Тэгээд өөртөө бий болгосон жижигхээн гараг шиг энэ зүйлээ өөр хэн нэгэн хүний цээжинд цэцгийн үрээ цацаж байгаа юм шиг тариалахыг бас хүсдэг. Энэ бол бидний уран бүтээлийн утга учир болдог. Тиймээс бид түүхээ уншиж, таньж мэдэх энэ бичигдээгүй эрхэм сайхан үүрэг зорилгодоо тулгуурлаж Өвөр Монгол ахан дүүсээ таньж мэдэх, бидний хайр ямар байх ёстой юм, бидний өчигдөр, өнөөдөр, маргааш гэсэн гурван цаг дээр өөрсдийгөө нэг болгоод эргэцүүлж харах бололцоог олгодог ганц багш минь бидний түүх. Бас олон дуу хуур, шүлэг зохиол, үргэлжилсэн үгийн зохиолуудад бидний түүхтэй холбоотой баяр, гунигтай олон сэдвүүдээр бичсэн. Зарим нь хэвлэгдэхэд бэлэн болж байна. Зарим нь миний тархи, зүрхэн дотор минь боловсорч буй сэдвүүд ч олон бий.
О.Цэнд-Аюуш: - Хамгийн энгийнээр хариулахад Өвөр Монголчууд бол ерөөсөө л бидний ах, дүүс шүү дээ. Дандаа халуун дулаанаар сайхан бодож, төсөөлж явдаг. Бас нутаг хол юм. Тэр нутагт амьдрал тийм байдаг байх даа ч гэдэг юм уу, ер нь Өвөр Монголчууд минь сэтгэлд их ойрхон байдаг юм аа. Уран бүтээлийн шугамаар ч гэсэн урд газраас ах нар ирэхэд хүртэл их сайхан байдаг. Цаашдаа манай залуучууд улам сайхан нөхөрлөх байх гэж бодож байна. Ер нь аялал бол уран бүтээлч хүнд компьютерээр төсөөлвөл тархиндаа хадгалах, дурдатгал бүтээх, түүнийгээ эргүүлээд гаргах тийм зүйл юм байна л даа. Эндээс явахдаа аян замын тэмдэглэлээс авахуулаад сайхан уран бүтээлүүд хийх байх аа. Ах, дүүстэйгээ уулзаад явж байгаадаа сайхан байна.
Б.Мягмаржав: - Танил дотно гэдэг нь бидний уран бүтээлчдийн хувьд хол юм шиг санагдаж байна. Бид чинь танил хүмүүс биш, харин ахан дүүс юм шүү дээ. Тэр утгаараа би Өвөр Монголчуудтайгаа харилцдаг. Одоо монголд олон оюутнууд очиж суралцаж байна. Тэдэндээ уран бүтээлчийн, мөн ахын хувиар зөвлөж, дадлага хийх гээд ирэхэд нь чадах чинээгээрээ дэмжин дэм дэмэндээ дээс эрчиндээ л явдаг улс даа.
О.Цэнд-Аюуш: - Нэмж хэлэхэд манай Нийгэм нэвтрүүлгийн албанд Өвөр Монголоос оюутнууд маань дадлага хийх гэж байнга ирдэг. Бид нутаг орон, аав, ээжийг нь их асуудаг юм. Нэг нэгнээ сураглаж, мэнд усаараа нэг монгол нөгөө монголоо тэр минь яаж явна, сайн явна уу, нутаг орон нь, амьдрал нь ямар байна гэж харилцан биендээ их халуун дотно хандаж явдаг даа.

- Яруу найрагчдынхаа тэр сайхан яруу сайхан шүлэг, бүтээлээс сонсохгүй өнгөрч чадахгүй нь, уншигчдад маань зориулж уран бүтээлээсээ хүргэнэ үү?
Ц.Бавуудорж: - Ийм сайхан боломж таарч байгаа үед сэтгэл зүрхнийхээ үгийг шингээсэн мөр бадгуудыг уншихад уран бүтээлч хүнд хамгийн сайхан агшин байдаг. “Орчлонг хайрлаарай” гэдэг шүлэг минь хэдийгээр дууны шүлэг мэт боловч уран бүтээлч хүний өөртөө үнэ цэнэтэй санагдаж байгаа зүрх сэтгэлийнхээ тэр үгийг шингээж бичих гэж хичээсэн учир үүнийгээ дууны шүлэг гэж боддоггүй юм. Энэ бол уран бүтээлч миний хувьд сэтгэлийн минь үг юм шүү.
Орчлонг хайрлаарай
Нандин цэнхэр тэнгэрийг хайрлаарай
Намрын будан бүрхчихнэ, ай хөөрхий
Насан өндөр аав, ээжээ хайрлаарай
Нартын жам булаачихна шүү, ай хөөрхий
Гэгээн дорнын сарыг хайрлаарай
Гэрэлт туяагаа хумьчихна, ай хөөрхий
Заяасан амрагаа уучилж хайрлаарай
Замилангийн урсгал элээчихнэ, ай хөөрхий
Сайхан цагаан үүлсийг хайрлаарай
Салхины аясаар сарничихна, ай хөөрхий
Зоргоор олддоггүй амьдралыг хайрлаарай
Зовлон жаргал хуваачихна шүү, ай хөөрхий
Гунигтай сэтгэлийг аргадаж хайрлаарай
Нулимстай нүдийг арчиж хайрлаарай
Та бидний орчлон ганцхан шүү
Амьдралыг зүрхэндээ тэврээд хайрлаарай Энэ шүлгээ сэтгэлийн бэлэг болгоё.

Ингээд “Нэгэн цагийн хорвоо” шүлгээ бас уншигчиддаа сэтгэлийн хадаг болгож өргье.
Нэгэн цагийн хорвоо
Намар болоход ээжгүй хүн
Энгэрээ тэмтэрч нэгийг цөхөртлөө хайдаг
Ямархан марал од тэнгэрт ч гэлээ зүг чиггүй харвадаг
Солирын цохилтонд далай өнгөн дээрээ амгалан байдаг ч
Гүндээ бол ёолж байдаг
Сонгодог зургийн дагшид жаазан дотроо омголон дүртэй ч
Мөн чанартаа бол уйлж суудаг
Ай лаа, миний нэгэн цагийн хорвоо
Ургасан наран жаргадаг аугаа нэгэн ёсон бий ч
Униарлаг уулс мөстдөг аяар нэгэн хувирал бий ч
Зохирсон тэнгэр эвдэрдэг адайр нэгэн совин бий ч
Зовсон сүү мишээдэг аясхан нэгэн хуйлралт буй ч
Үүл хөвсөөр байхад
Энэ тунгалаг цагаан үүлс дураар хөвсөөр байхад
Үхнэ гэдэг ч худлаа даа
Үет шаргал өвс үзүүр алдан бөхөлзөж
Хүмүүнийг долгилуулсаар байхад
Үйл зовлон гэдэг ч хоосон доо
Дэлбээ алтан хэвлийд хурмаст янагхан агшинд усан нүдтэнг
Дээд мандлын дайвалзаанд уруу нь алдан унагадаг ч
Болгоомж үгүй бүтсэн хялгана төдий хүмүүн би
Болор мөсөн уул мэт цацран асарлах нь байдаг даа
Сэрэмж үгүй ташуулахдаа ганцхан зураасын төдийгөөр
Хүмүүний алганы хээнд тэнгэр том алддаг ч
Орчлонд арга мухардсан тавилангийн цагаан сарны дор
Оногдсон заяаны оньс гэнэт торхийх нь байдаг даа
Ай лаа, миний нэгэн цагийн хорвоо
Бадмын дэлбээ ганцхан сарны гэрэлд тэтгүүлэн улаардаг ч
Бараан цөөрөмд нь түмэн нарны хүслэн унтаж л байхын агшинд
Дэлхий дайдын хөхөмдөг мандлыг эзэгнэгчийн
Дэлт хөлгүүдийн үүрсээнд
Мянган оны уцаар тайвширч байхын чөлөөнд
Би Монголоо хайрладаг юм аа
Ай лаа, миний нэгэн цагийн хорвоо
Нэт аянгалагхан зүрхний минь эгч нь юм шиг л ааштай даа
О.Цэнд-Аюуш: - Энэ сайхан нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаад баярлалаа. Та бүхэндээ “Амьдралын зам” гэдэг шүлгээ уншья.

Амьдралын зам
Өнө эртнээс намайг хүлээсэн
Өндөрлөг газрын замаар алхаж байна, би
Намайг жаргалд хүргэсэн
Намайг зовлонд унагасан энэ олон зам
Огторгуйгаас оршихуй руу
Оршихуйгаас огторгуй руу очсон байсан
Хүүхэд насаа олох зам минь шаргал өнгөтэй байсан
Хүүхэд насаа орхих зам минь шаналан зовлонтой байна
Хүн чанарыг олох зам минь манан будантай байсан
Хүн чанарыг орхих замд минь маргааш байхгүй байна
Хайрыг бүтээсэн зам минь өргөс, чулуутай байсан
Хайрыг орхих зам минь өнө мөнх эзгүй байх болно
Анд нөхөддөө очих зам минь итгэл найдвараар дүүрэн байсан
Анд нөхдөө орхих зам минь гуниг ганцаардлаар цалгиж байна
Атаатан дайсандаа очих зам минь эр зоригоороо дэвэрч байсан
Атаатан дайснаа орхих зам минь өршөөлийн хязгаараа эвдэж байна
Амраг бүсгүйдээ очих зам минь ер бусын байсан
Амраг бүсгүйгээ орхих зам минь ертөнцийн сүүлчийн зам байх болно
Үр хүүхдүүдээ олох зам минь инээд баяраар дүүрэн л байсан даа
Үр хүүхдүүдээ орхих зам минь орчлонгийн жам байх болно
Хүсэл рүүгээ хүрэх зам минь үзүүргүй хол байсан
Хүслээсээ буцах замаа би үнэндээ олмооргүй байна
Бурхныг олох зам минь оргүй хоосон байсан
Бурхныг орхих замдаа би өөрийгөө олсон
Өөр рүүгээ ирсэн зам минь хамгийн хол байсан
Өөрөөсөө буцах зам минь түүнээс ч хол байх болно
Б.Мягмаржав: - Бид монгол байхын учир тэр сайхан нүүдлийн соёл. Бид толгод алгасан нүүдэг шиг хүн төрөлхтөн эргээд нүүдэлчдийн амьдрал руу нүүж ирнэ гэдэгт би мөнхийн итгэж явдаг уран бүтээлч. Ингээд ахан дүүстээ зориулж “Гэрээ буулгаж барих тухай” шүлгээ хүргэе.

Гэрээ буулгаж барих тухай
Нялзрай үрс нь жаран чавганцын ажлаа амжуулж байгаа юм шиг
Нялх багаасаа эхлээд насан туршаа нүүсэн бид
Гэр, эр хоёр нь хэдэн нүүдэл даахаа үзэх гэж байгаа юм шиг
Гэгээн орчлонгийн буурин дээр дон туссан шиг нүүсэн
Замбараагүй их нүүдлийн замыг баримжаалваас
Замбуу энэхэн тивийг хэдэнтээ тойрсон нүүдэлд
Буурлын бүтээсэн өргөө гэр нь бүтэн байтал
Буулгаж барьсан эр нь өөрөө бөгтийж хоцорно
Нүүсэн, бид их нүүсэн
Нүүх тоолонд гэрээ буулгасан
Хүн их гүрнээс ч хэдэн мянганы тэртээгээс
Хүн болгон гэрээ буулгасаар өдий хүрэв
Бурхны шүншиг монгол гэрээ
Буулгаж ачаалсныг тооцох юм бол
Буурал хорвоогийн бүх хад тосгодыг
Бултыг нь зуу дахин буулгаж шороог нь зөөсөнтэй тэнцэнэ
Гэвч бид гэрээ буулгахын тоолонгоор барьсан
Гэгээн нар шиг хүрдэн тоонондоо
Гэрлийн туяа шиг униа цацраан байж барьсан
Алсын уулсын орой шиг ханыхаа буурал толгойг
Армаг хүлгийнхээ чих шиг солбицуулан байж барьсан
Дэлхий шилгээхэд тэсэж үлдсэн монгол гэрээ
Дээр дээрээс нь барьсан бол өдийд
Саранд хүрсэн шилтгээн болтол барьсан бид
Саа гэрлээр чимсэн ертөнцийн аальгүй хотууд
Саваагүй гөлөг шиг харин боргож үлдэх байсан
- Та бүхэнд баярлалаа. Цаашдын ажил үйлс, уран бүтээлд тань, мөн энэ удаагийн аялалд нь амжилт хүсэе.

Бэлтгэсэн: Э.ҮРЖИНХАНД
