БНХАУ-д шинээр хэвлэгдсэн, соёлын үнэт өв болох монгол барын "Ганжуур", "Данжуур" их хөлгөн судрыг Монгол Улсын Дархан-Уул аймгийн Төв номын санд хандивлах ёслол 2018 оны 05-р сарын 02-нд Удаанбаатар хот дахь БНХАУ-ын ЭСЯ-нд болсон байна. Тус арга хэмжээнд Хятадын талаас БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин, Соёлын зөвлөх Ли Вэй, зөвлөх Гао Фэн-Ин, Улс төрийн газрын дарга Гү Имин, Монголын талаас Дархан-Уул аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Р.Батжаргал, Дархан-Уул аймгийн Төв номын сангийн захирал Д.Цэрэндаваа зэрэг 20 гаруй хүн оролцжээ.

Элчин сайд Шин Хаймин тус ёслолд хэлсэн үгэндээ, БНХАУ-ын ЭСЯ Монгол Улсын Дархан-Уул аймагтай соёл зэрэг олон салбарт баялаг үр дүнтэй, нягт хамтран ажиллаж ирснийг тэмдэглээд: Энэ удаад хандивласан монгол барын "Ганжуур", "Данжуур" судрыг нандигнан хадгалж, улам олон хүнд үзүүлж таницуулан, түгээн дэлгэрүүлэхийг Дархан-Уул аймгийнхнаас хүслээ. Тэрээр энэ бол БНХАУ, Монгол Улс хоорондын соёлын салбар дахь солилцооны чухал арга хэмжээ учраас хоёр орны соёлын салбарын харилцаанд идэвхтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Монгол Улсын Дархан-Уул аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Р.Батжаргал Дархан-Уул аймгийн засаг дарга, ИТХ-ын дарга нарын найдлагаар, БНХАУ-ын ЭСЯ-нд хүрэлцэн очиж, БНХАУ-д 410 боть ном болгон шинээр хэвлүүлсэн монголчуудын оюуны суут бүтээл, үнэт өв "Ганжуур", "Данжуур" хөлгөн судрыг эрхэм хүндэт элчин сайд Шин Хаймин танаас хүлээж авч байгаадаа туйлын баяртай байна хэмээн тэмдэглэж, БНХАУ-ын ЭСЯ-нд гүнээ талархал илэрхийлэв. Тэрээр: Биднийг өнөө орой Дархан-Уул аймагт буцаж очиход аймгийн засаг дарга, ИТХ-ын дарга зэрэг албаны хүмүүс, соёл урлагийн салбарынхан "Ганжуур", "Данжуур" их хөлгөн судрыг хүндэтгэн залах ёслолын арга хэмжээ зохион байгуулж, 05-р сарын 04-нд Дархан-Уул аймагт болох бичиг соёлын өдөрлөг дээр тус судрыг олон нийтэд үзүүлэх болно гэжээ.

БНХАУ-ын ЭСЯ-ны зөвлөх Гао Фэн-Ин, Монгол Улсын Дархан-Уул аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Р.Батжаргал "Ганжуур", "Данжуур" судрыг хандивлах, хүлээн авах тухай баримт бичигт тус тусын талаа төлөөлөн, гарын үсэг зурсан байна.
"Ганжуур", "Данжуур" бол ХIII-XVII зууны үед монголчуудын оюун ухаанаар бүтээгдсэн, их хөлгөн судрын орчуулгын цоморлиг бөгөөд түүнийг олон зуун жилийн турш эрдэмтэн мэргэд олон янзын бараар хэвлэн уламжилсаар өнөөг хүрсэн юм.

БНХАУ-д бүрэн эхээрээ шинээр хэвлэгдсэн "Ганжуур", "Данжуур"-ыг БНХАУ-ын ЭСЯ-наас Монгол Улсын Дархан-Уул аймгийн гаргасан хүсэлтийн дагуу, Монгол Улсын эрдэмтэн судлаач, их дээд сургуулиудын багш, оюутнууд, Монголын ард түмний хүртээл болгох зорилгоор ийнхүү хандивлажээ.
