solongonews
“Цонж”-ийн оройгоос ирээдүйг харахуй
2021-09-27 11:40
Өвөр Монголын “Цонж” брэндийг үүсгэн байгуулагч Түмэнбаярын Цэцэнбаатартай ярилцлаа.

   - “Цонж” хэмээх энэхүү нэр үгийн утгыг судлаад үзэхэд их өвөрмөц, бас их утга учиртай. Тодруулбал, “Өндөр дээрээс холыг харах тавцан” гэсэн утгатай. Харин брэндийнхээ нэр болгох болсны тухайд:

- Эн түрүүнд миний нутгийн нэр. Миний аавын төрсөн нутаг “Цонжийн хөндий” гэж Улаанхад хотын Ар Хорчин хошуунд байдаг. Тэр хөндийд би төрж өссөн. Бага байхдаа энэ нэрийн учрыг мэддэггүй, боддог ч гүй байлаа. Их сургуулиа төгсгөөд Баяннуурын телевиз хороонд ажиллаж байхдаа Баяннуур хотын Урадын дунд хошуу, Урадын хойд хошуу зэрэг нутгаар явахад мөн “Цонж” хэмээх нэртэй олон газраар явж үзсэн бол нутгийн маань нэртэй адил гэдэг утгаараа маш дотно санагддаг байсан. Дараа нь Улаанбаатар хотод хүрч “Цонжин болдог” цогцолборыг очиж үзээд нэрийг нь судалж үзэхэд мөн л “цонж” гэдэг үгнээс ирэлтэй байсан. Тэгээд энэ үгийн утгыг судлаад, брэндийнхээ нэр болгохоор шийдсэн юм гэж Өвөр Монголын “Цонж” брэндийг үүсгэн байгуулагч Түмэнбаярын Цэцэнбаатар ярьлаа.

Өвөр Монголын “Цонж” брэндийг үүсгэн байгуулагч Түмэнбаярын Цэцэнбаатар

   “Цонж” хэмээх энэхүү арьсан гутлын брэндийг Т.Цэцэнбаатар анх 2016 онд үүсгэн байгуулж байсан бол 2018 онд үйлдвэрээ өргөтгөн Өвөр Монголын “Монгол урчууд” компанийг байгуулжээ. Компани нь үйл ажиллагааны хувьд арьсан гутал, арьсан бүс, жижиг арьсан эдлэл, түрийвч, цүнх гэх мэт бараа бүтээгдэхүүн хийдэг төдийгүй шинэ загварын хувцас, лого, зурагт ном зэрэг компьютероор хийж болох бүх төрлийн дизайны ажлыг захиалгаар хийдэг байна. Энэ тухай тус компанийн дизайнер, уран зураач Цэцэнбатын Чандмань:

- Ямар ч төрлийн захиалга ирэх боломжтой. Жишээ нь өрөө чимэглэх ханын зураг, брэндийн лого, монгол үсгийн тиг гэх мэт. Хүдэр дүү маань ердөө үсгийн тиг зохиодоо мэргэшсэн дизайнер. Дараагийн алхамд бас монгол, хятад, англи үсгийн нэгдсэн тиг зохиох төлөвлөгөөтэй байгаа гэж ярьлаа.

   “Хол хэмээн бүү цөх, явбаас хүрьюү. Хүнд хэмээн бүү цөх, өргөвөөс дааюу” гэх эзэн богд Чингис Хааны сургаал байдаг. Залуу хүн өөрийн гэсэн ажил үйлсээ цогцлоохын тулд хүндийг даах зоригтой, хүчрийг давах итгэлтэй байх ёстой. Цэцэнбаатарын өнөөдрийн үйлс хялбар олдоогүй, хийхийн тулд хатуу шийдвэр гаргаж, бүтээхийн тулд бүрэн зориг гаргасан даваа ихтэй зам байсан аж.

2014 онд Өвөр Монголын Их Сургуулийг дүүргэсэн тэрээр Баяннуур хотын телевизд ажилд орж, ардын хэлдэг “төмөр аяга”-тай болсон хэдий ч өөрийн гэсэн компани, үйлдвэртэй болно гэдэг хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн Хөххотод буцан ирж үйлс бүтээх аянаа эхлүүлжээ. Цэцэнбаатар анх энэндээ баар ажиллуулж байсан төдийгүй цагаан идээ, махны бүтээгдэхүүн зарж ч үзжээ. Харин хар багаасаа эдэлж хэрэглэж ирсэн малын арьс түүнийг үйлсийн өндөрт гаргах дөрөө байсныг сүүлд нь сая ухаарсан байна.

Ярилцлагын үеэр

   - Тухайн үед хөдөө орон нутагт арьсны үнэ маш хямд байсан бөгөөд хаях газар олдохгүй, галд түлж, газарт булан, цаашлаад бүр мөнгө төлж шийдвэрлэдэг цаг үе байсан. Би өөрөө малчны хүүхэд учраас хар багаасаа арьс гэдэг эдтэй их ойр өссөн. Аав маань гар аргаар арьс идээлдэг байсан учраас би энэ зүйлд маш их хайртай. Монголчууд бид чинь ганц тусал сүүг газарт тусаахад хүртэл харамсдаг байхад бүхэл бүтэн арьсыг хаяхад миний сэтгэлд хар буудаг байлаа. Тэгээд арьсыг ашиглах талд судалгаа хийж үзсэн. Европт арьсыг цагаан алт гэдэг. Яагаад тэр вэ гэхээр арьсыг боловсруулсны дараа зах зээлийн үнэ нь цагаан алттай тэнцдэг болохоор тэр. Тэгэхэд бид энэ их эрдэнээ зүгээр хаяж байдаг гэж их л харамсдаг байсан юм. Тэгээд энэ асуудлыг шийдэх санаа төрсөн. Мэдээж арьсны үйлдвэр байгуулна гэдэг сая сургуулиа төгсөж байгаа оюутан миний хувьд “тэр хол тэнгэр ойр” байсан юм. Тэгээд үйлдвэр байгуулахаасаа өмнө арьсыг хэрхэн боловсруулж, яаж ашиглавал үнэ цэнийг нь бадруулж чадах вэ гэх талд судлаад арьсны төрлийн бүтээгдэхүүн, тэр дундаа арьсан гутал дагнаж хийхээр шийдсэн гэж Цэцэнбаатар дурсан ярив.

“Түмэн алхмын түрүү алхам хүнд” гэдэг. Ажил үйлс бүтээхийн тулд эхлээд мөрөөдөлтэй байж, мөрөөдлийнхөө төлөө алхам алхмаар хичээн зүтгэх ёстой.  Гутлын брэнд бүтээх ажлыг сонгож, шийд гаргасан цагаасаа Цэцэнбаатар тулж тулаах ёстой бэрхшээлүүдийг нь мэдэрсэн гэдэг. Мэдэрсэн учраас сэтгэлдээ тамиртай болж, улмаар таван жилийн хөгжлийн төлөвлөгөө зохиосон төдийгүй өнгөрсөн таван жилийн хугацаанд мөн төлөвлөгөөнийхөө дагуу явж ирсэн аж. Энэ тухай тэрээр:

- Төлөвлөгөө зохиогоод түүнийхээ дагуу алхам алхмаар хичээн зүтгэхэд хийж бүтээж чадахгүй зүйл гэж байхгүй. Ажил үйлс бүтээнэ гэдэг мэдээж хүндрэл бэрхшээл тохиолдоно. Хүндрэл бэрхшээлээс айхгүй, туулж гарах итгэл зоригтой байхад бүх зүйл бүтдэг юм гэж ярьлаа.

    Цэцэнбаатарын бодлоор монгол гутлын үйлдвэрийн хөгжил уламжлал сайтай хэдий ч өнөөгийн нийгэмд зохицон хөгжих талд хараахан тааруу байгаа аж. Уламжлал сайтай хэмээн үзэж буйн учир нь эрт дээр үед, ялангуяа 13-р зууны үед монгол гутлын үйлдвэрлэлийн хөгжил маш сайн, өнгийн зохицол, загвар зэрэг талд гайхалтай хөгжсөн байжээ. Харамсалтай нь 14-р зуун болоход зогсонги байдалд орсон төдийгүй орчин үе болоход хөгжлийн түвшин нь буурсан байна.

- Өнгөрсөн таван жилийн хугацаанд бид гутлыг хэрхэн сайн хийх вэ гэдэгт анхаардаг байсан бол энэ жилээс эхлээд монгол гутал өнөөгийн нийгэмд ямар хэлбэрээр хөгжих ёстой вэ гэдэг асуудлаар түүхэн хөгжил, загвар зэрэг талаас судлах болсон. Өнөөгийн европ гутлын загварыг би нүүдэлчдийн уламжлалт загвараас ирэлтэй гэж ойлгодог. Костюмын захыг европт өнөө болтол турк, нүүдэлчдийн загвар гэж нэрлэдэг. Үүнтэй адилаар түрийтэй гутлын загварыг ч мөн нүүдэлчдийн уламжлалаас ирэлтэй гэж үздэг. Монголчууд түүхэндээ дэлхийн дизайныг дагуулж байсан. Түүхэн тэмдэглэлээс харахад 13, 14-р зууны үед монголчууд гутлыг төрд өмсөх, түлээнд өмсөх, дайнд өмсөх гэх мэтээр олон төрөлд ангилан төрөлжүүлдэг байсан. Загвар, хийц, хэрэгцээ шаардлага зэрэг талаараа ч олон төрөл давж хуваадаг байв. Харин өнөөдөр бидэнд үлдсэн зүйл маш цөөн байна. Тийм учраас бид түүхээс үлдэж ирсэн юмнуудыг сэргээхийг зорьж, түүхэн хөгжлийг давж чадахгүй юм аа гэхэд сэргээх чадвартай болох хэрэгтэй гэж хичээн зүтгэж байна хэмээн Цэцэнбаатар ярилаа.

Өвөр Монголын “Цонж” брэнд

    “Цонж” брэнд нь сүүлийн үед уламжлалт загварыг сэргээсэн үндсэн дээр хотын соёлтой зохицсон, хөлд аятайхан, загвар сайтай гутал үйлдвэрлэх талд эрчимтэй ажиллаж байгаа аж. 2015 онд анх гар хийцийн арьсан гутал дагнаж хийдэг байсан энэхүү үйлдвэр нь өнөөдрийг болоход ямар ч загварын арьсан гутлыг хийж чадах болжээ. 2018 онд Улаанхад хотод анхны салбар үйлдвэрээ байгуулж, зөвхөн гар хийцээр зогсохгүй машин оёдлын гутал их хэмжээгээр үйлдвэрлэх болсон байна. Одоогоор 13 салбар дэлгүүртэй болсон төдийгүй үйлчлүүлэгч нь хүссэн гутлынхаа зургийг харуулж, хийц, өнгөө сонгосон тохиолд бүх төрлийн гутлыг хийх боломжтой юм байна.

Зохиогч: Нийтлэлийг: С.УРЬХАН, Ц.УРАНТУНГАЛАГ
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл