solongonews
”Эрдэнэт хивс” ХХК-ийн салбар дэлгүүр Хөххотноо нээгдлээ
2016-12-02 23:19
”Эрдэнэт хивс” ХХК-ийн салбар дэлгүүр Хөххотноо

Монголын Эрдэнэт хивс Хөххот дахь салбар болох "Монгол бараа" нэртэй дэлгүүр өнөөдөр буюу 12 дугаар сарын 2-ны өдөр албан ёсны нээлтээ хийлээ. Уг дэлгүүрийг Монгол дахь "Эрдэнэт хивс" ХХК болон Өвөр Монголын "Од" соёлын ХК хамтран нээжээ. Эрдэнэт хивс нь зөвхөн гэрээт борлуулагчаар бага хэмжээгээр зарагдаж байсан бол салбар дэлгүүрээ нээснээр илүү олон үйлчлүүлэгчтэй болох боломж нээгдэж байгаа юм.

Үйлдвэр худалдааны "Эрдэнэт хивс" ХХК 1981 онд Герман, Япон, Англи, Орос зэрэг орнуудын тоног төхөөрөмжөөр тоноглогдон ашиглалтад орсноос хойш 35 дахь жилдээ бизнесийн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа Монгол Улсын тэргүүлэгч компаниудын нэг юм.

Нээлтийн ёслолд Хятад, Монгол хоёр орны холбогдох бизнесийн салбарынхан, албан байгууллага болон хэвлэл мэдээллийнхэн оролцсон байна.

Монгол Улсаас Хөххотод суугаа ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ:

- Хятад, Монгол хоёр орон олон жилийн бизнесийн хамтын ажиллагааны үүх түүхтэй хөрш юм. Энэ өдөр Монгол Улсын бас нэгэн үйлдвэр Хятад улсад үүд хаалгаа нээж байна. 35 жилийн түүхтэй ууган үйлдвэр "Эрдэнэт хивс" ХХК-ийн цэвэр ноос ноолууран бараа бүтээгдэхүүн Хятад ард иргэдийн дэргэд ирлээ. Миний хувьд Хятад улсын зах зээл бол дэлхийн зах зээл, тиймээс Монгол үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд илүү орж байгаа сайн үйл хэрэг юм гэлээ.

"Монгол Бараа" дэлгүүрийн ерөнхий захирал Боржигон Аварга:

- Монголчууд малын ашиг шимийн гаралтдаа тулгуурлан үндэстний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргаж байгаа нь Өвөр Монголчуудын үлгэр дууриал юм. Ялангуяа залуучууд өөрийн орон нутгийн давуу талаа түшиглэн орлого олох зах зээлийн өрсөлдөөнд зоригтой орох нь маш зүйтэй. Өвөр Монголын "Од" соёлын ХК нь Монголын бараа бүтээгдэхүүний Өвөр Монгол төдийгүй Хятадын зах зээлд танилцуулах зорилгоор "Эрдэнэт хивс" ХХК-тай хамтран энэхүү дэлгүүрээ нээсэн. "Од" ХК нь 2003 онд  байгуулагдсанаас хойш Хятад, Монголын хооронд бизнесхудалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Тус дэлгүүр нь хивснээс гадна эсгий гутал, оймс, ороолт, цамц, нөмрөг, хөнжил зэрэг 100 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах болно гэв.

Натурал Техник гурппын төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ш.Энхбаяр:

 - Хивс нь урлагийн бүтээл юм. Хүн хатуу шалан дээр явахад алжаалаа тайлж чаддаггүй. Харин орон гэртээ ноосон хивс дэвссэнээр тайван байх нөхцөлийг бүрдүүлж өгнө. Бидний Экспортод гарч байгаа бараа бүтээгдэхүүн Япон, Герман зэрэг орны зах зээлд нэгэнтээ танил болсон. Хятадын зах зээлийн өрсөлдөөн их боловч "Эрдэнэт хивс" ХХК-ийн бараа бүтээгдэхүүн нь натурал эко байдгаараа онцлог. Өнөөдөр дэлхий нийтээрээ цэвэр, эрүүл бүтээгдэхүүнд илүү анхаарал хандуулах болсон. Та бүхий өргөнөөр үйлчлүүлэхийг хүсэж байна гэв.

                        

                                                                                                                           Б.ХҮҮДҮҮТ

                                                                                                     Гэрэл зургийг БАЯРЦЭНГЭЛ

 

                                                                             

Найруулагч: .......
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл