Сөнид Зүүн хошууны Мандалт сууринд байрлах “Мөрөн” махан чулууны дэлгүүрт ороход олон дүр төрхтэй махан чулуу өрөөстэй байгаа нь харагддаг. Түүний дотроос холын барааг саравчлан суугаа монгол ээжийн төрхтэй чулуу олны анхаарлыг хамгийн их татна. Хүүхэд залуучууд энэхүү чулууг харвал өөрийн эрхгүй настай буурал ээжийгээ санан мөрөөдөж, настан буурлууд энэхүү чулууг харвал гарч орохын тоолонгоор саравчлан хүлээдэг үр хүүхэд нь санагдах аж.
Эх хүүгийн хайрын түүхийг хүүрнэсэн энэ чулууг тус дэлгүүрийн эзэн Мөрөн Сөнид Зүүн хошууны Мандалт суурингийн Баянхангай багийн нутгаас 2012 оны 7 дугаар сард олжээ.
- Баянхангай багийн нутгаар махан чулуу түүж явахдаа олсон юм. Яг л хүүгээ үгүйлсэн монгол ээжийн дүр төрх харагдаж, нүд хамар ам нь хүртэл бүр тодорхой харагдаж байсан бөгөөд харсан даруйд эмээ минь өөрийн эрхгүй нүдэнд харагдсан. Миний эмээ гэж яг л ийм нэгэн буурал, гарч орохын тоолонгоор нутгийн шар замыг саравчлан саравчлан хардаг байсан юм. Тэгээд би монгол ээжийн толгойн хэлбэртэй энэ чулуунд бие урлан зассан гэж Мөрөн ярьж билээ.
2016 оны 5 дугаар сарын 8-ны өдрөөс 16-ны өдрүүдэд Бээжин хотод болсон чулуу сонирхох урлагийн үзэсгэлэнд Мөрөн мөн энэхүү “Хол явсан хүүгээ хүлээсэн ээж” бүтээлээрээ оролцсон бөгөөд мэргэжлийн шинжээчид уг махан чулуу нь 300-400 сая жил болж байгаа гэдийг нотолсон байна. Хэдэн зуун сая жилийн өмнө Тамчийн талд оршин амьдарч байсан нэгэн настай ээж цэрэг дайн, аль эсвэл алба татварт явсан хүүгээ хүлээсээр байгаад эцэс сүүлдээ тэр орондоо хүүгээ санасан сэтгэлтэйгээ хамт чулуужиж мөнхжин үлдсэн ч билүү.
Эх хүний үрээ гэсэн хайр сэтгэлийг мөнхлөн чулуужсан говь нутгийн минь чулуу олны сонирхлыг маш их татаж, уг үзэсгэлэнд хүрэл медаль хүртсэн билээ.
- Энэ чулууг худалдаж авах хүсэлтэй хүн олон байгаа бөгөөд зарим нь зуугаад мянган юанийн өндөр үнэ хэлсэн. Гэвч би эх хүний үрээ санаж мөрөөдсөн сэтгэлийг харуулсан энэхүү чулуугаа өөрөө хадгалж үлдээгээд одоог болтол хадгалж байна хэмээн Мөрөн ярьсан юм.
Сөнид нутгийн ийм нэгэн хачин чулуу эх хүний эрхэм нандин хайр сэтгэлийг түмэн олонд таниулж, хүмүүст ээжийгээ хайрлаж яваарай гэдэг сургаалийг чимээгүйхэн уламжилна.
