Эзнээ хошууны Далай-Хөв сууринд хот орж ажил хөдөлмөр эрхлэгчдэд зориулсан арилжаа худалдааны нэг мөр байшин байдаг. Энд монголчуудын эрхэлсэн арав шахам дэлгүүр худалдаа байж, гар урлал, хувцас засал, амьдралын эдлэл хэрэгсэл гээд хэдэн төрлийнх бий. “Торгууд хувцас заслын дэлгүүр”-ийн захирал Торгууд ястан Шүрнээ бол Өвөр Монгол орны зэрэглэлийн Торгууд хувцас заслын биет бус соёлын уламжлагч. Тэрээр Торгууд хувцас дээл оёж зараад 30 шахам жил болж байгаа юм.
Сурвалжлагч 09 дүгээр сарын 18-ны үдэш Шүрнээтэй уулзахаар болзож, дэлгүүрт нь хүрч очиход үүд нь цоожтой байлаа. Гэсэн хэдий ч түр хүлээж зогсов. Тэгтэл унадаг дугуй унасан нэгэн бүсгүй Шүрнээг зорьж ирсэн бололтой. Хүлээх таширамд мөнөөх бүсгүйтэй хэдэн үг сольсон юм. Бүсгүйн нэрийг Чимгээ гэдэ. Уржигдар нь Торгууд дээл оёулахаар Шүрнээд захиалга өгсөн болохоор дээлээ авахаар ирсэн нь энэ аж. Гурван хоногт нэг дээл оёулчихлаа гэдгийг нь сонсоод бид Шүрнээгийн ажилдаа хэрхэн шуурхай гарамгай ажиллада болохыг нь гадарлалаа. Тун удалгүй Шүрнээ машин барьж, хэдэн ажилтантайгаа хамт дэлгүүртээ буцаж ирсэн юм.
Эзээ хошууны Сайхантоорой сумаар нутагтай Шүрнээ аав ээжээсээ ах дүү долуулаа. Ах дүү олуул учраас Шүрнээ ахлах сургууль хүртэл суралцаад аргагүйн эрхэнд хөдөө буцаж ээжтэйгээ хамт амьдран тэмээчин охин болсон гэнэ. Шүрнээгийн ээж гэж нутаг усандаа алдартай гар уран хүмүүн байж, хэдэн хүүхдийнхээ хувцас дээлийг бүгдийг нь өөрөө оёхоор барахгүй айл аймгийнхаа хүмүүст ч дээл тэрлэг оёж өгдөг байсан гэнэ. Шүрнээ малчин заяагаа хэрхэн өөрчлөх тухай унтаж хэвтэхдээ ч олон зүйлийг сэтгэлдээ тунгааж, олон юмыг сэдсэн боловч тодорхой шийдвэр гаргаж чадсангүй. Харин эцэстээ малчин хүмүүн малын араас дагахаас өөр юу л хийхэвдээ гэж эрс тэс боджээ. Тэгээд л тэр өдөртөө говь элсэнд тэмээ хариулж гутлаа элэгдтэл гүйж, үүрээр гарч үдшээр буцан орой шөнө болвол тосон дэнгийн бүдэг гэрэлд ээждээ тусалж утас зүүг нь сүвлэх, эсгэмэл хатгамалыг нь урлах гээд тус дэм болдог. Аажмаар үйл оёдолд сонирхолтой болж, ээжийнхээ ур авьяасыг уламжлан сурч эхэлсэн байв. 1990 онд Шүрнээ Бао Шяолань гэдэг оёдолчноос хоёр жилийн хугацаатай эсгэлтийн мэргэжил сурч, оёдлын суурь мэргэжлээ бататгажээ. Хувцас хунар оёход эсгэлт хэр зэрэг чухал гэдгийг Шүрнээ тэр л үеэс эхлэн ухамсарлан ойлгож, багшаа дагаж Жүн Шан хэлбэрийн хувцас оёж байсан аж. Эсгүүрчин мэргэжил сурсаны дээр ээжийнхээ гарын урыг сурсан Шүрнээ 1994 оноос Торгууд дээл эхлэн оёж, 1998 он тухайлбал, Торгуудчууд зүүн тийш буцсан 300 жилийн ойноос эхлэн Торгууд дээлийг олноор нь оёж, хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг хангаж, Эзнээ хошуундаа Торгууд дээл оёдог анхдагч хүн болсон байна.
- Уг нь би өөр нэг 100 квм талбайтай өрөөнд оёдол оёж, зай багатай байсан. Хоёр жилийн өмнө хошуунаас одоогийн энэ хоёр давхар 270 квм талбайтай байшинг 3 жилийн хугацаатай үнэгүй түрээлсэлж өгсөн. Ямар ч юм гээд бүгд багаас нь хуримтуулвал ихэсч томордог жимтэй юм байна. Эхлээд бага хэмжээгээр оёж байсан, өнөө болоход бүр захиалга ч олширч, 9 ажилтан хөлслөөд ч завдахаа больлоо шүү дээ гэж Шүрнээ ярьж байлаа. Тэрээр 9 ажилтныхаа хонох байр, хоол хүнсийг нь даагаад сард 3000 юаний цалин олгодог. 30 шахам жилийн турш Торгууд дээл оёсон Шүрнээ урьд хожид 9 шавь хүмүүжүүлэн гаргаж, өнөө болоход 4 шавь нь хувиараа бие дааж оёдлын дэлгүүр ажлуулаад байна. Гэхдээ сургасан ур эрдмийнх нь хариуд илүү нэг арилжааны өрсөлдөгчтэй боллоо гэсэндээ харамсах биш харин ч монгол оёдол, онцгойлон Өвөр Монголд өдрийн од шиг цөөн байгаа Торгууд оёдлын соёлоо илүү нэг хүмүүнд өвлүүлэн уламжилж байвал хүсэл сэтгэл маань баясч тэнүүн болдог гэнэ.
Бусад хүмүүс түүнийг эриж сурахгүйгээс л Шүрнээ их зовдог болохоор ажилтнуудынхаа цалин хөлсийг чадахын хэрээр санаанд нь хүртэл ологдог. Одоогийн байдлаар Шүрнээгийн Торгууд хувцасны дэлгүүрийн 9 ажилтны дийлэнх нь түүний төрөл садных нь хүүхэд дүү нар нь байдгаас гадна бас ч нэг Ариунаа гэдэг нэртэй халхын оёдолчин бий. Тэрээр Эзнээ хошуунд ирч Шүрнээгийн дэлгүүрт 5 сар ажиллаж, Улаанбаатар хотод нягтлан бодогчоор 20 гаруй жил ажилласан гэнэ.
Тэрээр сурвалжлага өгөхдөө:
- Миний ээж монгол улсын Баянхонгор аймгийн нэрт оёдолчин байсан, ээжээсээ оёдол жаахан сурч сонирхолтой болсноор ажлын чөлөө заваараа жаахан юм оёдог болсон. Энэ удаа нэг жилийн хугацаатай чөлөө авч, Өвөр Монголд ирээд Шүрнээ эгчээс оёдлын мэрэгжил сурч байгаа юм. Эгч маань оёдлын ур эрдмээ харамгүй зааж сургаж байгаад нь их талархдаг. Нэг жилийн хугацаа дуусвал Улаанбаатартаа харьж оёдлын газар ажиллуулах санаатай байна гэж Ариунаа сурвалжлагчид ярьж байлаа.
Цахим худалдаа өргөн хөгжсөн өнөөдөр Шүрнээ дэлгүүрээсээ дээл тэрлэгээ худалдахаас гадна интэрнэт, вичатаар хүмүүсийн захиалга залгаагаар ирдэг болсоноор түүний хувцасны дэлгүүр өглөөний 08:00 цагаас үдшийн 11:00 хүртэл зогсолтгүй ажилладаг болжээ. Бээжин, Шиньжян, Гансү зэрэг муж хот, мөн манай Өвөр Монгол орны бүх аймаг хотоос бүр захиалга ирч амрахын зав чөлөөгүй болгожээ. Шүрнээ Торгууд дээл оёхын зэрэгцээ бас хэрэглэгчдийн хүсэл шаардлага, дур сонирхолд тохируулж богино цамц, хантааз, ууж зэрэг цаг үетэйгээ зохицсон шинэ загварын хувцас ч оёх болж, хэв загвараа дахин дахин шинэчлэснээс илүү олон хэрэглэгчдийн таашаалд хүрчээ. Түүний оёсон дээл хувцас үнэ нь 1000 - 4000 юань орчим байж, жилийн орлого 200 мянган юаньд хүрч байна.
- Олон газруудаар хүрч, олон аймаг ястан, газар нутгуудийн хувцас засал, үйл оёдлыг үзэж явлаа. Ололт маш их. Монголчууд түүхийн урт аяндаа үндэстний өвөрмөц онцлогт хувцас заслыг бүтээж,тэр тусмаа овог ястнуудын хоорондох хувцас засал ч нарийн ялгаатай байдаг. Торгууд дээлээр жишээлэхэд, Эзнээ Торгууд ба Шиньжян Торгуудын Дээл бол зөвхөн энгэр, малгайн орой, бүс бүсэлдэггүй зэрэг нь адил байдагаас хатгамал зэрэг бусад зүйл нь бүгд ондоо, өөр өөрийн хэв загвартай байдаг юм. Хожим Торгууд дээлээ үргэлжлэн оёхын сацуу илүү олон шавь хүмүүжүүлэн, Торгууд дээлийн оёдлоо үеийн үед уламжлан, Торгуудчууд, цаашлан монголчууд өдөр бүр монгол дээлээрээ гоёж явахыг л хүсэж байна. Хэрэглэгчид ямар хэв загварт дуртай байх хүсэл шаардлагыг над шиг оёдолчин хүн л хангах ёстой юм даа гэж Шүрнээ тайвуухан ярьсан юм.
Торгууд хувцас заслын онцлог: Эрэгтэй дээлийн нударга, зах, эмжээрийг адилхан өнгөөр хийнэ, дөрвөн шилбэтэй. Гандан малгай буюу хилэн малгай зүүнэ (Торгуудчууд “малгай өмсөнө” гэж хэлдэг). Дээл дээрээ хантааз ч давхарлан өмсдөг. Эмэгтэй дээл бүсгүй, шургуулаа, сангирцаг, цалам тавьцаа зэргээрээ бусад дээлээс онцлогддог. Эмэгтэй дээлийн хатгамал олон. Торгууд хувцас заслын нэрийдэлд ердөө лавшиг, дах, хуудсан тэрлэг, гилэн малгай, гандан малгай, тоорцог, годос, бойтог, өвдөгч, бишмэд дээл, сангирцагтай дээл, цэгдэг, ууж зэрэг байдаг.
