Ганц л заяах ханиа хайрлаж яваарай
2015-12-28 18:21
Амьдралын аврал нь сайн хань, амьдралын диваажин нь сайхан гэр бүл. Энэ үгийг эртнээс нааш өвөг дээдэс минь зүгээр ч нэг хэлж үлдээгээгүй болов уу...
Хань минь өвдөөд эмнэлэгт хэвтэж байгаа. Баяр болох гээд хүн бүр инээмсэглэл цалгиулж, баярын бэлэг, амттан хайж явахад харин би ханиа л санаж байна. Энэ л үед элэг бүтэн амьдрал, баяр хөөртэй өдрүүд, ядаж л гэр бүлээрээ ширээ тойроод хоолоо идэх тэр хамгийн энгийн бүхэн хэчнээн үнэ цэнэтэйг мэдэрч байна. Бүлтэлзсэн хөөрхөн үрс минь орой болохоор л хаалга сахиж аавыгаа хүлээнэ. Би ч бас дотроо ханиа хэзээ эмнэлгээс гарч ирэхийг тэсэн ядан хүлээж байна.
Анх энэ өвчин эхлэхэд нь л ханиа би хүчээр ч болтугай чирээд эмнэлэгт үзүүлчихсэн бол өнөөдөр ингээд эмнэлэгт хэвтэж, хагалгаа хийлгэхдээ тулахгүй байлаа. Эрчүүд гэдэг хэвтэрт ортлоо л өвдөхгүй бол эв эрүүл хүн шиг л явсаар байдаг хачин хатуужилтай улс юм. Энэ хатуужил нь хэзээ хойно өвчний үүр болсных нь дараа л тавигддаг бололтой. Ингэж бодохоор өөрийгөө буруутгах юм. Гэр орноо тэжээж, хангалуун сайн амьдарна л гэж шөнө дунд өнгөртөл ажиллаад ороод ирэхэд нь эртхэн ирж болсонгүй юу гэсээр хэрүүл нэхэж угтдаг байснаа санахаар гэмших юм. Үнэндээ, тэгж их ажиллаж мөнгө олох гэж биеэ умартсаныхаа шанд өвдөж, эцэстээ өнөөх мөнгө нь эм, тариа, эмчилгээний зардал болж буйг харж байна.
Бүсгүй хүний ертөнцөд хань нөхөр нь болохоор ирсэн эр хүн ямар байх ёстой вэ. Энэ асуултыг надаас асуувал ханийнхаа нэрийг л хэлнэ. Үүлс нүүдэллэн оддог шиг тэр хэзээ ч буцаагүй. Хэчнээн муухай аашлахад минь ч дэргэдээс минь холдоогүй. Ганцхан түүнд л хамгийн муухай үгийг хэлж, ганцхан түүнд л хамгийн ихээр аашилсан. Гэлээ гээд тэр дэргэдээс минь алхам ч холдоогүй, үргэлж л хангай шиг нөмрөөрөө тэтгэж, аль сайхан гэснээрээ л хандсаар ирсэн. Далай шиг уудам их тэвчээр түүнээс минь л гарна байх. Үгүй ээ, тэвчээр биш харин эр хүнд л байх уужим их ухаан юм.
Тийм их тэвчээрийнх нь хаана тэр их өвдөлтийг дааж тэсвэрлэх чадал нуугдаж байсныг олох гэж бодох тусам сэтгэл өвдөөд байх юм. Хүүхдүүддээ гацуурыг нь засч өгөхийг хүсч байна. Гэхдээ ганцаараа засна гэхээр нэг л эвгүй санагдах. Ханийгаа эмнэлгээс гараад ирэхээр нь хамтдаа засмаар байна.
Хань минь надад амласан. “Өвдөх л юм бол хүндрүүлэлгүй шууд эмнэлэгт үзүүлж байна” гэж. Би ч өөртөө амласан. “Ханиа хайрлана гэдэг үглэж, хэрүүл нэхэхийн нэр биш юм байна. Түүнийгээ амар тайван байлгаж, өвдвөл нь цаг алдалгүй заавал эмнэлэгт үзүүлж байна” гэж.
Тэнгэрээс хүн бүрт заяаных нь ханийг заяадаг гэсэн. Тэр ханьтайгаа учирсан гэдэгтээ та итгэлтэй байгаа бол хайрлаж яваарай. Заримдаа бид амьдрал, үр хүүхэд, ажилдаа түүртээд ханиа хайрлахаа мартчихдаг. Үргэлж шинээр дахин дахин хайрлаарай.
Миний хань хурдан эдгээд, эмнэлгээсээ гараад ирнэ. Тэр үед би энэ үгээ түүнд дахин дахин хэлэх болно.
Монголхатагтай
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
