Хосгүй нандин бүхнээ хойч үедээ залгамжлуулахын төлөө сэтгэл зүрх, ажил хөдөлмөр, алтан цагаа харамгүй зориулан яваа эгэлгүй сэтгэлтнүүд цөөнгүй. Ялангуяа, элсэн шаргал Алшаа нутгийнхаа эзэн нь болсон эрхмүүд ховор нандин өв уламжлал, хосгүй содон хөөмий, товшуур хөгжим, ардын ерөөл магтаал, мөн мартагдан замхрах шахсан андай, савардан бүжгээ сэргээн хөгжүүлсээр байна. Түүгээр ч барахгүй нутаг усныхаа олон арван уул овоог сэргээн тахиж, дэлгэрүүлэн уламжлах их үйлсэд зүтгэж яваа соёлын элч болсон гавьяатнууд олон бий. Тэдний нэг бол Дэлхийн яруу найрагчдын хурлын гишүүн, Дэлхийн хайку шүлгийн нийгэмлэгийн гишүүн, БНХАУ-ын “Ойрад судлалын нийгэмлэг”-ийн дэд тэргүүлэгч, Өвөр Монголын Алшаа аймгийн Утга урлагийнхны холбооны дэд тэргүүлэгч, Алшаа зүүн хошууны Ардын дуучдын нийгэмлэгийн тэргүүлэгч, яруу найрагч, уран бичлэгтэн Эрэнцэндоржийн Болд. Тэрээр 2004 онд Баруун Хойтын Үндэстний Их Сургуулийг монгол хэл, утга зохиолын мэргэжлээр төгсчээ. Бид эгэл даруу энэхүү найрагчийн тухай гэхээсээ илүүтэй нутаг орныхоо соёлын салбарт хийж бүтээсэн олон арван ажил үйлс нь үр өгөөжөө хэдийнээ хүртээгээд буй гарт баригдаж, нүдэнд харагдахуйц олон бодит хөдөлмөр бүтээлийнх нь тухай өгүүлэхээр зорьлоо.
Тэрээр анх Жанжин овоог сэргээж, энгэрт нь “Үндэстний соёлын том хошууг байгуулна” гэсэн өгүүлбэрийг гантиг чулуугаар бүтээгээд ажлаа эхлүүлсэн байдаг. Мөн ардын дуугаа уламжлан хадгалах, өвлүүлэх тал дээр сэтгэл тавин ажиллаж, холбогдох байгууллагууд, уран бүтээлчдийг дайчлан Алшаа ардын дуу, шашны ая хөгжмийг эмхтгэн цуглуулж найруулан хэвлүүлсэн. Анх Өвөр Монголын Телевиз хороотой хамтарч “Алшаа ардын дууны телевиз чуулган” VCD, дараа нь “Тунамал уянгат өнө өргөн Алшаа” нэртэй дөрвөн VCD, “Тунамал уянга-Алшаагийн шашныг бардуулагч сүмийн цэнгэлийн найман аялгуу” зэрэг VCD бичлэгүүд, 2011 онд Алшаа ардын дууны өвлөн уламжлагч есөн уртын дуучныг сонгож, гурван зуун мянган юаний хөрөнгө оруулан “Хан Алшаагийн өргөл” нэртэй Алшаа ардын дууны цуврал бүтээлийн нийт есөн цомог хэвлүүлж олны хүртээл болгосон байна. Тэдгээр нь нэгэнтээ Алшаа нутгийн нийт ястны, газар газрын ардын дуу, дуучдын дуулах хэв маягийг тод томруун харуулсан хамгийн цогц урлагийн бүтээл болжээ.

Түүгээр ч зогсохгүй ухаан зарж, хөрөнгө мөнгөө зориулан хуримтлуулж, өөрөө санаачлан найруулсан орон нутгийн онцлог бүхий үндэстний язгуур соёлын “Хошодын уянга” нэртэй том хэмжээний уран сайхны тоглолт нь олон удаа соёлын солилцооны тоглолтоор сонгогдож байв. Хошод Өөлдийн дуулах хөг аялгуу, Алшаагийн халхуудын дуулах хэв маяг гэх зэргээр тус тусын өвөрмөц онцлог бүхий бодит байдалд хандуулан “Ардын дууны ая хөг” сэдэвт онолын бага хурал хуралдуулсан. Тийнхүү зорилготой, төлөвлөгөөтэй, зохион байгуулалттайгаар Алшаа ардын дууны судалгааны үүд хаалгыг нээсэн байна. Зөвхөн малчдын дунд гэлтгүй ер нь ардын дуугаа уламжлан дэлгэрүүлэх ажлыг ямагт чухалчилж, 2013 онд Алшаа Зүүн хошууны Өлзий суманд “Алшаа зүүн хошууны хойд сумууд дахь ардын дууны боловсролын төв”-ийг үүсгэн байгуулав.

Одоо Баянхотод байнга Алшаа ардын дууны анги хичээллэдэг бөгөөд ардын дуу сонирхогчид болон залуучуудад үнэ төлбөргүйгээр хичээл зааж эхэлсэн байна. 2009 оны намар Баянхотод Ойрад ардын дууны онолын хурлыг санаачлан амжилттай хуралдуулж, Ойрад угсаатны ардын дуугаа өвлөх, харилцан суралцахад идэвхтэй нөлөө үзүүлэв. Ойрад угсаатан тархан суурьшдаг нутгуудаар “Гал зангиа” дамжуулах буюу хоёр жил тутамд нэг удаа соёлын найр зохион байгуулах эрхийг шилжүүлэн тэмдэглэдэг болсон байна. 2012 онд Ганьсу мужийн Сүбэй шяньд хоёр дахь удаагийн Ойрад ардын дууны онолын бага хурал зохион байгуулж, гурав дахь удаагийн Ойрад ардын дууны онолын бага хурлыг 2014 онд Хөхнуур мужийн Хайши жөүд амжилттай хуралдуулжээ. Улмаар хөөмийн нэрт багш, Монгол Улсын УГЗ Б.Одсүрэн тэргүүтэй нэр хүндтэй эрдэмтэн багш нарыг урьж хөөмийчин, ерөөлчдийг төрүүлснээрээ Алшаа нутгийн урлагийн тайзнаа хөөмийн эгшиг цуурайлуулж, найр хуримдаа ерөөлч магтаалчтай болсон гэх.

2006 онд Монгол Улсын “Түмэн эх” чуулгын нэрт бүжигчин Э.Ундралыг урьж савардан бүжгийн тусгай анги нээснээс хойш Алшаа нутагт он удаан орхигдсон савардан бүжгээ сэргээж, аймаг, хошууны урлагийнхан савардан бүжгээрээ улс ба орны зэрэглэлийн шагнал урамшууллыг олонтоо хүртсэн амжилттай. Мөн 2009 оноос товшуурын анги нээж, сургуулиудад товшуур хөгжмийг хөгжүүлэх суурин газар байгуулсан байна. Товшуурын уралдаан зохион байгуулах зэрэг олон нийтийг хамарсан өргөн ач холбогдолтой ажлууд өрнүүлснээр товшуур хөгжим Алшаа нутгийн онцлогтой урлаг болон хөгжиж, өдгөө энэхүү хөгжмийг сурсан буюу сурч байгаа хүний тоо нэгэнтээ мянгаас хол давжээ. Шинээр 30 гаруй товшуурын ая мэндэлж, Алшаа нутгийн тайзны урлагийг баяжуулав. Басхүү монгол ятгын анги нээж, хувьс хөгжим, шударга, дөрвөн утаст хуур зэрэг монгол үндэстний уламжлалт хөгжмүүдийг байнгын чанартай үнэ төлбөргүйгээр зааж эхэлсэн байна.
Яруу найрагч Э.Болд Ойрад монголын уламжлалт соёлын чухал бүрэлдэхүүн хэсэг болох шалбар бөхийг Алшаад сэргээн хөгжүүлэх ажилдаа идэвхтэй ороод буйгаа сонирхуулсан юм. Шалбар бөхийн барилдааны дүрэм, хувцас зэргийг дахин судлан тогтоох ажилд биечлэн оролцож, үүнийг нийт монгол, цаашлаад дэлхий дахинд танилцуулах зорилгоор бүх орны хэмжээнд шалбар бөхөөр хичээллэх анги нээсний зэрэгцээ “Шалбар бөх” нэртэй номыг найруулан хятад хэлээр хэвлүүлэх ажилд гол найруулагчийн нэгээр оролцсон байна. Тэрээр мөн гар урчуудын дунд “Мөнгөн хурууны аялгуу” ардын гар урлалын уран бүтээлийн уралдааныг дөрвөн удаа зохион байгуулсан байдаг. Уралдаанаар дамжин цөөнгүй гар урчуудын урмыг сэргээж, он удаан жил орхигдоод байсан гар урлалаа дахин урлах, зарим гар урлаачид өөрсдийн бүтээлээрээ орлогоо ч нэмэгдүүлсэн удаатай. Энэ ажил өргөжин тэлсээр Алшаа нутгийн аялал жуулчлалын болон соёлын салбарт нэгэн шинэ зам нээсэн байна. Яруу найрагч Э.Болд Алшаа зүүн хошууны соёл биеийн тамирын товчоо, Утга урлагийнхны холбоонд ажиллах арав гаруй жилийн хугацаандаа нам засгийн дэмжлэг доор ухаан сийлж, нийгмийн тодорхой төлөөллүүдийг дайчлан хөрөнгө мөнгө цуглуулж Ноён овоо, Жанжин овоо, Тарвчигийн овоо зэрэг аймгийн хэмжээнд нийт гацаа суманд овоо тахилгаа сэргээх ажлыг удирдан зохион байгуулсан.

Түүхт хүн болох Намкаабал Аранжимбын суврагыг, мөн зохиолч, хошууч, уран бүтээлч Л.Сэцэнбатын дурсгалын хөшөө зэргийг санаачлан босгосон байдаг. 2005 онд бүх улсын анхдугаар удаагийн Агваандандарын эрдэм шинжилгээний онолын хурлыг санаачлан, Агваандандарын судалгаа гүнзгийрэн хөгжихөд хувь нэмрээ оруулж, “Агваандандар” нэртэй зурагт товхимол “Мэргэдийн эрхт Агваандандар” гэсэн VCD тус тус гаргаж олны хүртээл болгосон. Түүнчлэн Алшаа аймгийн Түүхт дөчин хүний товч намтар, гавьяа зүтгэл, хөрөг зургийг эмхтгэн найруулах ажлыг гүйцэтгэж, байгууллагынхаа үзүүлэнгийн танхимд дэлгэсэн нь Алшаагийн түүх соёлын судалгаанд үнэ цэнтэй материал болсон байна. Түүгээр ч барахгүй, найман зүйлийн шатар, шалбар бөх, цам, Алшаа хивс зэргийг улсын зэрэглэлийн Биет бус соёлын өвөөр амжилттай бүртгүүлсэн байна.

2005 оноос Баянхот орны монгол бага сургуулиудад монгол шатар, норов зэрэг үндэстний уламжлалт наадгайг зааж хойч үедээ уламжлуулах ажлыг эхлүүлсэн. 2012 оны эцэст Алшаад “Дүүрэн билиг” цагаан сарын идээ цагааны уралдаан зохион байгуулсан зэрэг түүний Алшаа соёлын салбарт оруулсан хувь нэмэр, санаачлан хэрэгжүүлсэн ажил дэндүү олон. Э.Болд найрагч эдгээр ажлуудыг өрнүүлэхдээ хамгийн гол нь залгамж үеийнхнээ бэлтгэхийг чухалчлан үзэж, монгол сургуульд монгол хувцсыг дүрэмт хувцас болгон, андай, савардан бүжгийг сургуулийн биеийн тамирын хичээлийн нэгэн төрөл болгохыг санаачилсан байдаг. Нийт аймгийн монгол үндэстний дунд, бага сургуулийн сурагчдын дунд “Алшаа аялгуу” нэрэмжит уртын дууны уралдаан, “Бөх шалбин” цом шагналт шалбар бөхийн тэмцээн, “Дандар” нэрэмжит яруу найргийн наадам санаачлан зохион байгуулж, сурагчдад өөрийгөө хөгжүүлэх боломж бүрдүүлж өгсөн нь эцэг, эхчүүд, багш нарын сэтгэлд хүрч, олон нийтээс онцгой үнэлгээ хүртсэн байдаг.

Нөр их ажил хөдөлмөрөө нутаг усныхаа соёлын салбарт зориулахын зэрэгцээ уран бүтээлээ хэзээд эрхэмлэдэг найрагч тэрээр “Яруу найраг-Зүрхэн хөдөлгөөний зураг”, “Далд тэнгэрийн өчил” (хятад хэлээр) шүлгийн түүвэр тус тус хэвлүүлсэн. “Гилгүүн уянга-2007” яруу найргийн наадмын тэргүүн байрын Алтан-Од шагналт, Солонго шагналын эзэн бөгөөд 2012 онд “Хөх нулимстай тэнгэр” яруу найргийн түүврээ Улаанбаатар хотноо хэвлүүлсэн. Энэ ном нь английн орчуулагч, монгол судлаач, доктор Саймон Вэкхам Смитийн орчуулгаар “A sky of Dark Tears” нэрээр мөн тухайн онд хэвлэгджээ. Туурвисан бүтээлүүд нь англи, япон, румин, испани зэрэг дэлхийн олон хэлнээ хэдийнээ хэвлэгдэн уншигчдын гарт хүрсэн боловч үнэндээ хувийн уран бүтээл гэхээсээ олон түмнийхээ төлөөх их үйлсэд сэтгэл зүрхээ зориулахыг эрхэмлэдэг нэгэн. Тэрээр цагийг ямагт үр бүтээлтэй өнгөрүүлэх хэрэгтэй хэмээн газар нутагтаа чадах бүхнээ хийж бүтээхийг чухалчлан дээдсийнхээ сүнсийг амаржуулж, өвгөд ахмадаа хүндэтгэх, гэр бүлдээ хайр халамжаа өргөх, хүний дайтай амьдрахын сайхныг үлгэрлэж, уламжлал соёлоо дээдлэхийн ухааныг түгээсээр явна.





Бэлтгэсэн: Э.ҮРЖИНХАНД
