Эдгээр зураг нь үзэг бэхээр зурсан биш, харин элсээр урлаж бүтээснээрээ гайхалтай гэдэг нь харагдана. Алшаа зүүн хошууны Уранчимэг, шавь Эрдэнхуарын хамт бүтээсэн элсэн зургаа дэлгэсэн байлаа.
- Манай Алшаа нутаг элс ихтэй болохоор нутаг орныхоо онцлогт тохируулан ашиг орлого олох замыг хайсан. Нөхөр маань аялал жуулчлалын газар ажиллаж байхдаа өмнөд орны хятад хүн манай нутгаас элс савлаж аваад явж байснаас санаа авч, элсэн зургийн ажлаа 2002 онд эхлүүлсэн тухайгаа Уранчимэг танилцууллаа.
- Бидний хийсэн эдгээр элсэн зурагт Улаанбух, Тэнгэр элс, Бадайн Жаран зэрэг Алшаа нутгийн гурван том элсэн цөлийн элс бүгд орсон. Элсэн зургийг хийж бүтээхдээ өнгө, ширхгээр нь ялган тааруулж, тохируулж хийдэг. Элсэн зургийн агуулга баялаг, нарийн байдаг. Хийц нь нарийн болох тусам зураг бүтээх хугацаа улам урт байдаг ба зургийн үнэ өртөг ч дагаад өсдөг гэж Эрдэнхуар нарийн тайлбарлаж өглөө. Тэрээр өөрийн нэг жил гаруйн хугацаанд бүтээсэн 2 метр урт “Тооройн ой” хэмээх элсэн зургаа 24 мянган юаниар зарсан гэж байв. Алшаа нутгийн монголчууд орон нутгийн онцлогтоо тохируулан ашиг орлого олж, элсээр мөнгө солих ухаан хайж явна.



