
Цэцнцогт: Төвийн Үндэсний Их Сургуулийн дуу хөгжмийн дээд сургуулийн хоёрдугаар зэрэглэлийн профессор, хөгжмийн зохиолчийн мэргэжлийн доктор, эрдэм шинжилгээний удирдагч, магистрын удирдагч багш, улсын нэгдүгээр зэрэглэлийн хөгжмийн зохиолч, улсын гуравдугаар бүлэг “Төрийн соёрхолт түмэн чадвартны төсөв”-ийн манлайлагч мэргэжилтэн, Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн профессор, Хятад улсын дуу хөгжимчдийн нийгэмлэгийн гишүүн.
1969 онд Өвөр Монголын Улаанхад хотын Баарин баруун хошуунд төрж, 1992 онд Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн дуу хөгжмийн салбараас төгссөн байна. Тус сургуульдаа үлдэн багшлав. 1997 оноос 2000 онд Хятад улсын дуу хөгжмийн дээд сургуульд мэргэжил дээшлүүлэв. 2002 оноос 2005 онд Төвийн Үндэсний Их Сургуулийн дуу хөгжмийн дээд сургуульд магистрт суралцан, 2006 онд тус сургуульдаа докторт суралцан, 2010 онд доктор цол хамгаалж, Хятад улсын Монгол үндэсний хамгийн анхны ая зохиогч доктор болсон байна.
“Хөх монголын өндөрлөг”, “ Зүрхний эрэл”, “Бурхан сэтгэлт ээж”, “Халиун намрын салхи”, “Өвгөдийн нутаг”, “Шилийнголын тал нутаг” зэрэг ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлтэй билээ.
Монгол салхи мөрөн гол гатлаад далай даван сэнгэнэлээ, уул талыг зүсээд өндөрлөгийн хүйсийг өлгийдлөө, Цэцэнцогтын салхи дуу аялгуу жигүүрлэн эгшиг ая уянгалан уул талын дээгүүр, нутаг нуурын зай, аглаг талын элэг, түүх соёлын судас, хүн зоны зүрх, хайр сэтгэлийн цээлээр аяархан түлхэн салхилсаар, хориод жил болжээ.
- Хүмүүс таныг салхины аялгуу зохиолч гэдэг буюу таны уран бүтээлээс салхинд өгсөн тайлбар, сэтгэлгээг олж хардаг гэж хэлэлцдэг. Та яаж хүлээж авч байна?
Салхи! Аль ч газрын салхи гээд адилхан. Гэхдээ бас адилгүй тал бий, говь газар, элсэрхэг газрын салхи, уужуу талтай бор газрын салхи гээд бүр адил бус. Иймээс би салхинд их мэдрэмжтэй байдаг. Бага залуудаа хонь хариулж байсан, морь унаж хонь хариулдаг, явгаар ч хонь хариулж байсан. Их сургуулийн хоёрдугаар курс болтол амралтаар хонь хариулдаг байсан. Зуны халуун салхи хацрыг төөнөөд ирэхэд хүнд нэг зүйлийн сэтгэгдэл өгдөг. Нутгаа санах юм уу, гуниглангуй сэтгэгдэл төрдөг. Заримдаа сэрүүхэн салхи хүний сэтгэл тааламжтай болж, олон төрлийн хүртээл өгдөг. Өглөөний сэрүүн салхи, оройн нар унах үеийн салхи бүгд ондоо. Салхи гэдэг байгалийн нэг үзэгдэл боловч хүний сэтгэлд өгөх мэдрэмж нь адилгүй. Энэ мэдрэмж нь хүний сэтгэлийг хөндөж, адил бусын гуниг, баяслыг авч ирдэг. Миний салхины тухай дуу хэд бий. Салхи гуниг баясал төрүүлдэг нь миний уран бүтээлд дандаа хэрэглэгдэж байгаагийн шалтгаан.
- Урлаг амьдралаас үүсэлтэй гэдэг. Та амьдралыг яаж урлагийн нүдээр хардаг вэ? Дуу хөгжмийг юугаар төсөөлдөг вэ?
Дуу гэдгийг хоёр хуваадаг. Нэг нь дуу чимээний дуу. Нөгөө нь дуу хөгжмийн дуу. Амьдралд бид дуунаас салж чадахгүй. Бид амьдралд алхаж гишгэх, амьсгалах гээд ямар ч юманд дуу байх хэрэгтэй. Энэ бол дэлгэрэнгүй утга шүү. Тэгвэл бид мөн дуу хөгжмөөс ч салж чадахгүй. Бид эхийн хэвлийгээс төрөхөд уйлж мэндэлдэг. Уйлах нь ч гэсэн нэг төрлийн дуу. Эх хүн өөрийн эх хэлээ зааж өгөхөд ч гэсэн адилхан. Хүний эх хэл бол ая дуутай. Манай монгол хэл ч гэсэн өөрийн аятай. Ая гэдэг бол дуу хөгжмийн ая гэсэн үг шүү дээ. Ээжийнхээ уураг шимийг хөхөж байхдаа бүүвэйн дуу сонсдог гэх мэтээр энэ бол дуу болно. Дуу хөгжим нь амьдралаас салж чадахгүй, дуу хөгжим нь хүний дотоод сэтгэлийн илэрхийлэл, хүний бодол саналыг тусгаж байдаг. Иймээс хүний мах цус сэтгэлтэй холбогдсоноос дуу хөгжим хэзээд амьдралаас салж чадахгүй. Ямар ч дуу хөгжимд дургүй хүнийг олж сонсоогүй, дуулж чадахгүй байж болно. Гэхдээ сайхан дуу хөгжим сонсоод уярч догдлохгүй, муухай дуу хөгжимд дургүйцэхгүй хүн бараг байхгүй.
- Сайн дуу яаж төрдөг вэ? Шүлэгч, ая зохиогч, дуучин гурвын хөдөлмөрөөр амилдаг уу?
Сайн дуу төрөхөд хамгийн тэргүүнд сайхан дууны үг байх хэрэгтэй. Сайхан дууны үг гэдэг бол маш шаргаасан, маш цагаарсан, маш агшаасан шүлэг. Сайхан дууны үг сайн шүлэг байдаг. Гэхдээ сайхан шүлэг болгон сайхан дуу болж чадахгүй. Онгод сэрлийг чинь хөндөж чаддаг. Чиний сурсан мэргэжил, сэтгэлгээнээс чинь төрсөн хайр сэтгэлтэй чинь уялдаад сайхан ая гарч ирдэг. Үг ая заавал уялдсан байж сайн дуучин байх хэрэгтэй. Үг аяыг мэдэрч чадсан уран бүтээлч шаардагдана. Мэдрэмж сайтай дуучин их чухал. Миний дуунууд сонсогчдод таашаагддагийн шалтгаан бол сайхан дууны үгийг сонгосон, сайн дуучинтай хамтарч ажилласантай шууд холбогдоно. Сүүлийн үед нийгэм ахуй хөгжихийг дагаад хоёр нөхцөл шаардагддаг болсон. Хөгжмийн найруулга сайн байх, бас сайн бичлэг байх хэрэгтэй. Сайн дуу төрөхөд олон нөхцөл боломжийг шаарддаг болсон.
- Та орчин үеийн монгол дуу хөгжимд ямар үнэлгээ өгөх вэ? Хөгжил дэвшлийн хувьд?
Монгол дуу хөгжим бол сонгодог урлаг, монгол дуу хөгжимд дэлхийн сонгодог бүтээлд харагддаг элемент зөндөө харагддаг. Бид дэлхийн сонгодог урлагаас сурах зүйл байна. Одоо бидэнд ерөнхийдөө хоёр төрлийн асуудал оршиж байна. Өөрийн уламжлалт соёлоо хаях, хоёрдугаар нь шууд харийг шүтэх хоёр талтай. Зарим залуучууд орчин үеийн урсгалыг их хөөцөлдөж, өөрийнхийгөө хаяж байна. Үнэндээ монгол соёлын дунд дэлхийн сонгодог соёл нуугдаж байна. Хатираа, сайвар, морины алхаа гээд монгол амьдралын дундах эдгээр айзмуудыг урлаг болгоход энэ чинь уудлаад баршгүй өв болно. Тэгвэл үүнийг яаж урлаг болгоно гэвэл мэдлэг мэргэжил шаардана. Тэгэхээр уламжлалаа баримталсан суурин дээр суралцана, шинэчилнэ.
- Сүүлийн үед Өвөр Монголын монгол дуунд тал нутгийн дуу байдаг гэж төрөл жанарт ангилдаг болсон. Та юу гэж ойлгож байна?
“Тал нутгийн дуу” гэхээр ухагдахуун тодорхойгүй. Хятад хэлээр зохиогдсон дуу юм уу? Хятад хэлтэй монгол онцлогтой дуу юм уу? Хятад хэлтэй монгол хятад хэв намбын дунд байдгийг хэлж байдаг бол уу? Чухам ямар вэ? Намайг ч гэсэн тал нутгийн дуу бичдэг гэж ярьдаг хүмүүс бий. Ер нь чухам “Тал нутгийн дуу” гэдэг нь ямар ухагдахуунтай бол? Тал нутаг гэдэг бол маш том юм. Монголоор бичсэн дуу нь тал нутгийн дуу биш гэж үү? Эсвэл газар орон, газрын байцаар нь ялгаж байгаа юм уу? Тэгвэл далай дагуух оронд сууж байгаа хүмүүст “Далайн дуу” гэж байдаг бол уу? Үгүй шүү дээ.
Миний дуу нэг хэсэг нь эх хэлээр бичигддэг, гадаад хэв намба болон ардын дууны хэв намбатай ч байдаг. Миний бичсэн дуунууд олон хэлбэрийнх байдаг. Олон хэлбэрээр дэлгэрч байдаг. Бас хятад хэлтэй монгол хэв намбыг харуулсан дуунууд бий. Хятад үгтэй боловч монгол амьдралтай, монгол сүг сүнстэй, монгол сэтгэлтэй дуу юм. Ингээд хятад хэлээр их дэлгэрсэн ч байдаг. Жишээлбэл: “Хөх монголын өндөрлөг”, “Холын цэнхэр нутаг”, “Зүрхнээс уяатай нутаг” зэрэг дуу хятад хэлээр зохиогдсон. Гэхдээ орчуулаад ирэхээр монгол дуутай яг адил. Энэ нь голдуу монгол сүг сүнс оршиж байдагтай холбоотой. Ардын дууны уламжлалт хэв намбаар бичсэнтэй адил. Хятадаар бичээд байгаагийн зорилго нь бас нэг талдаа сонсогчдын хүлээн авах талыг бодсон. Бид өөрийн юмаараа өөрөө бахархаад болохгүй. Харин харь өөр үндэстэнд мэдүүлэх хэрэгтэй. Монгол дуу заавал монгол хэлээр дуулагдаж дуурсах алба үгүй. Дэлхийн дуу хөгжим ингэж хөгжиж ирсэн түүхтэй. Жинхэнэ сонгодог дуу хөгжим гэдэг аль нэг хэл дээр орчуулагдсанаас болж сүг сүнсээ алдахааргүй.
- Өвөр Монголд Монгол Улсын дуунууд их орж ирж байна. Энэ нь Өвөр Монголын дуу хөгжмийн хөгжилд ямар нөлөөтэй вэ?
Манай ардын дуу ч гэсэн уламжлалаа хадгалаад шинэчлэгдэж ирсэн онц хэлбэрийн урлаг. Тэр нь ард түмний дунд бичигдэхдээ нэг л хүн бичсэн байх бололцоотой. Тэр хүн нь ая зохиох, үг бичих, дуулж чадсан хүн байж таарна. Дуу бол ингэж хөгжиж ирсэн. Монгол Улсын дуу манайхантай адилхан тал, адил бус тал бас бий. Амьдралын орчин нөхцөл адилгүй болохоор бидний сэтгэхүй өөр байх тал байна. Урлаг амьдралаас иштэй болохоор Өвөр Монголын дуу нь өрнөл оргилтой, Монгол Улсын дуу таатай уужуу сэтгэгдэл өгдөг. Одоогоор дуу хөгжмийн аль хэлбэр нь ч гадаадын нөлөөг их хүртсэн. Гадаадын сайныг сурна гэдэг ч өөрийн гэсэн сүг сүнсээ алдаж байна. Монгол хэв намбаа алдаж байна. Гэхдээ нэг хэсэг нь ардын дууны хэв намбатай дууг бас бүтээж байна. гадаадын содон зүйлийг ашиглаж өөрийнхөө мах цусанд оршиж байгаа зүйлийг хөтөлж сайхан бүтээл зохиож байна. Энэ бол Өвөр, Аргүй оршиж байгаа тал мөн. Юутай ч залуучууд хичээж байгаа. Сайхан уран бүтээл хийж байгаа. Бид өөрийнхөө урлагаа хүнд мэдүүлж, эргээд хүнээр хүндэтгүүлэх хэмжээнд хүрэх, манайхаас сурах хэмжээнд хүргэхээр хичээх хэрэгтэй. Иймээс дуу уран бүтээлээ заавал сонгодог хийсэн байх хэрэгтэй. Энэ нь хөгжил, сонгодог урлаг гэдэг бол өнө үүрдийн байдаг. Үгүй бол хөмөрсөн тогоонд байгаа мэт шөнөжин өөрөө найрлаад яаж болох вэ? бидэнд өөрийн соёлоо бусдад таниулах сурталчлах шаардлага тулгам байна.
